“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр явуулжээ.
Компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү коронавирусний халдвараас сэргийлэх талаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажиллахыг нэн түрүүнд анхааруулсан байна.
Түүнчлэн Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрс тээврийн бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан зохион байгуулалтын зарим ажлыг онцгойлон анхаарах шаардлагатайг онцолжээ. Тодруулбал, урт, богино тээврийн зохион байгуулалт болон богино тээвэрт явах автомашинуудыг сонгох ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран шуурхай зохион байгуулах үүрэг өгчээ. Мөн эрсдэлтэй орчинд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал тавьж ажиллахыг сануулсан байна.
Хурлын үеэр охин болон хараат компаниудын удирдлагууд коронавирустэй холбоотойгоор үйл ажиллагаандаа зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар мэдээлжээ.
Тухайлбал, Засгийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээс нь ажиллуулах нөхцөл боломжоор хангаж буйгаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа аж. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийн уулзалтыг хойшлуулах, цахимаар хуралдах зэргээр зохицуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна гэдгийг онцолсон талаар “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )