Т.Ням-Очир: Яамдууд саналаа нэгтгэж, Онцгой комисст танилцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг энэ баасан гаригт Засгийн газарт танилцуулах тухайгаа мэдэгдсэн ба ингэхдээ Эрүүл мэндийн яамны саналыг харгалзаж үзнэ гэсэн. Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.03.18/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдээд байгаа. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Эрүүл мэндийн яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан өчигдөр сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Ё.Баатарбилэг сайд Эрүүл мэндийн яамны саналыг харгалзан үзнэ гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эрүүл мэндийн яамнаас санал гаргаж буй албан бичиг одоогоор ирээгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдалд тулгуурлан санал авах талаар албан бичиг явуулсан. Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй саналын албан бичиг ирэхээр тухайн саналд үндэслэн Улсын онцгой комисст танилцуулна. 

-Хэрвээ сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгачих юм бол зургаа, долоодугаар сард хичээллэнэ гэсэн үг үү? 

-2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хөл хориог сунгачихвал бид тавдугаар сард хэрхэн хичээллэх, зургаадугаар сард хэрхэн хичээллэх талаар зохицуулалт хийнэ. Танхимын сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Маргааш Улсын онцгой комиссын хурлын дараа БСШУС-ын сайд бүрэн мэдээлэл өгөх байх. 

-Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний шалгалт буюу монгол хэл, монгол бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 25-нд болно гэж товлогдсон. Энэхүү шалгалт бас хойшлох уу? 

-Ерөнхийдөө сургууль, цэцэрлэгийн хөл хорио сунгагдчихвал монгол хэл, монгол бичгийн шалгалт авах хугацааг дахин товлоно. 

 

Top