Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.19/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 17-нд ХӨСҮТ-д нэг иргэн, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Өчигдөр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Гуравдугаар сарын 17-нд Берлин - Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс нэг халдвартай тохиолдол бүртгэгдсэн. Нийт коронавирус өвчний халдвартай зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байна.
Нийт тохиолдлуудын дөрвөн хүнийх нь биеийн байдал дунд зэрэг байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Мөн нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэй байна.
Дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй хүн Улаанбаатарт ирээд байна. Бид үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа. Өчигдөр 200 гаруй хүн гадаадаас ирсэн. Тэднээс 25 хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан” гэлээ.