ДЭМБ: Африк тивийн 1.3 тэрбум хүн цар тахалд өртөж болзошгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

ДЭМБ-ын ажилтны өгч буй мэдээллээр сүүлийн 24 цагийн байдлаар Испани, Итали, Франц, Швейцар зэрэг улс орнуудад шинээр бүртгэгдсэн халдварын тоо мянга мянгаар тоологдож байна. Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар 427 хүн нас баржээ. Ингэснээр коронавируснээс шалтгаалсан нас баралтаар БНХАУ-аас давлаа. Итали улсад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 4 мянга давсан байна. Тус улсын Ломбарди муж зэрэг халдварын тархалт өндөр байгаа хэсгүүдэд цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа учраас бусад газруудаасаа тусламж хүсэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Африкийн улсуудад коронавирусний халдварын тархалт улам нэмэгдэж байна. Арав хоногийн өмнө Африкийн таван улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдрийн байдлаар тус тивийн 34 улсад халдвар бүртгэгджээ. Цаашлаад тус тивд цар тахал газар авч, 1.3 тэрбум хүнийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд буйг ДЭМБ-ын Африк тивийн асуудлыг хариуцсан албан тушаалтан  байр сууриа илэрхийлжээ.

Израиль, Аргентин зэрэг улсууд хөл хорио тогтоож байна. Израиль улсад иргэдийг гэрээсээ гарахыг хориглож буй бөгөөд энэ бол хүсэлт, зөвлөмж биш үүрэг гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ.

АНУ-д халдварын тоо 5000-р нэмэгдсэн ба Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хоригложээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top