Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.24/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3325 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2057 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхон аймагт 42, Сэлэнгэ аймагт 2 , Дархан-Уул аймагт 4, Баян-Өлгий аймагт 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдэд аймаг, сумд нь тусламж үзүүлж байна. Эмч, эмнэлгийн 297 ажилтан тусгаарлалтад байгаа иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байна.
Бид эмчилгээ, оношилгоо тандалтандаа олон улсын судлаачдын хэлж буй нотолгоонд тулгуурласан зүйлийг ашиглаж байна. Жишээ нь, одоогийн байдлаар захын судасны хүчилтөрөгчийн хангамжыг сайжруулах, хүчилтөрөгч эмчилгээ, хоёрдогч үрэвсэл халдвараас сэргийлсэн антибиотик эмчилгээ, дархлаа сэргээх, сийвэн сэлбэх эмчилгээ, уламжлалтын эмчилгээнүүдийг ашиглаж байна. Ялангуяа олон улсын хэвлэл мэдээлэлд хунчир, чихэр өвс зэргийг хэрэглэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Бид энэ бүгдийг эмчилгээндээ ашиглаж байна.
Мөн амьсгалын хүнд өвчтэй, аппаратанд буй, хүчилтөрөгчийн эмчилгээ шаардаж буй өвчтөнүүдийг хэрхэн асрах вэ гэсэн асаргааны заавруудыг олон улсын эрдэмтдийн хэлж буй зөвлөмжтэй тулган, эмчилгээ оношилгоондоо хэрэглэж байна.
ДЭМБ-аас өгч буй зөвлөмж бол хэрвээ хөхүүл эмэгтэй халдвар авсан бол гараа сайн угааж, маскаа зүүгээд хүүхдээ хөхүүлж болно. Европын орнуудад орны ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй байна. Монгол Улсын гадаадад суугаа иргэд тухайн орныхоо талаар мэдээлэл өгч, тухайн оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар чатботоор мэдээлэл хүргэж байна" гэв.