Н.Сувдмаа: Хоорондоо хоёр метрийн зайтай зогсож үйлчлүүлээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Шинэ коронавирусний халдварын үед байгууллагууд ариутгал, цэвэрлэгээндээ хэрхэн анхаарах тухай ХӨСҮТ-ийн их эмч Н.Сувдмаагийн зөвлөгөөг хүргэж байна.

 

-Иргэдэд амны хаалт зүүж, гараа угаах, олон хүнтэй газраар явахгүй байхыг зөвлөсөөр байгаа. Энэ бүхнийг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ?

-Бохирдсон гараа савандаж, дарааллын дагуу тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй. Дарааллын дагуу гэдэг нь гарын сарвуу, алганы хонхор, эрхий хурууг угаах байдлаар явагдана. Хэрвээ гар угаах нөхцөл байхгүй тохиолдолд нойтон салфетка, спиртэн суурьтай гар ариутгагчийг тогтмол хэрэглээрэй. Гарыг угаахдаа хоол унд бэлтгэхийн өмнө, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд хувцсаа сольсны дараа, бие зассаны дараа гэх мэт бохир зүйлсэд хүрсэн даруйдаа угаана. Ямар ч үед амны хаалтыг зүүнэ. Зүүхдээ хоёроос дөрвөн цаг тутамд сольж, заавал хогийн саванд хаясны дараа гараа савандаж угаагаарай.

-Бид гадуур гарч байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлнэ. Байгууллагуудад ариутгал, цэвэрлэгээг хэрхэн хийх тухай зөвлөнө үү?

-Хаврын улирал учраас ус, хөрсний бохирдол нэмэгдэж, ялангуяа гэдэсний халдварт өвчин, амьсгалын бусад халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс нийтийн тээвэр, такси, карт унших төхөөрөмжтэй бүхий л газрууд, лифттэй бүх байгууллага, орон сууцанд цэвэрлэгээ хамгийн чухал. Судалгаагаар автобусны бариулын хэсгүүд хамгийн их бохирдолтой гэгддэг. Тиймээс автобусны бариулд хүрсний дараа амны хаалтандаа хүрэхгүй, гар утсаа оролдохгүй байхыг зөвлөж байна. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийвэл зохимжтой. Жолооч байнга амны хаалт зүүж, цонхоор агаар сэлгэлт хийж, бариул хэсгүүдийг анхаарч хлор агуулсан бодисоор заавал арчих хэрэгтэй. Иргэдийн хувьд нийтийн үйлчилгээнд оролцохдоо заавал бие биенээсээ хоёр метрийн зайтай зогсохийг зөвлөж байна. Бөөгнөрөл үүсгэхгүй. Бэлэн мөнгөнөөс татгалзах, цахим үйлчилгээг сонгох, карт уншигч, кассын машинтай байгууллагууд төхөөрөмжүүдээ хоёр цаг тутамд цэвэрлэж, ариутгах хэрэгтэй. Бүх байгууллага тогтмол агаар сэлгэлт хийж байгаарай. Нойтон салфетка, гар халдваргүйжүүлэгчийг заавал байршуулж, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээг дээд зэргээр хангаж, суултуурыг байнга тагтай байлгавал зохимжтой. Мөн байгууллагууд хогийн савнууд, тэр дундаа тагтай хогийн савыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Бусад улс оронд халдвараас сэргийлж хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас жишээ хэлнэ үү?

-Гаднын зарим улсад лифтэн дотор иргэдийн зогсох ёстой байршлыг зургаар зааж илэрхийлсэн байсан. Өөд өөдөөсөө харах биш нуруугаа харуулж зогсохыг анхааруулсан байна. Үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай зогсож үйлчлүүлэх зориулалттай наалтуудыг наасан байсан. Олон нийттэй харилцах шаардлагатай ажилтнууд нүүрний хаалт хэрэглэх сайн туршлагууд байсан. Энэ бүх туршлагаас манай улсын үйлчилгээний газрууд суралцаж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top