ЗУУНААС ч урт ГУРВАН секунд

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Спортын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн, хэзээ ч мартагдахгүй яригдаж, дурсагдаж байдаг үйл явдал, түүхийг өгүүлдэг “Таван цагариг” сонины “Спортын тод түүх” булангийн шинэ цувралыг уншигчдадаа хүргэе. Таалан соёрхоно уу!

Сагсан бөмбөг төдийгүй спорт, Олимпын наадмын түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн нэгэн үйл явдал 1972 оны есдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Германы Мюнхен хотын “Зедльмайер Халле” ордонд (одоогийн Audi dome) болсон билээ.

Зуны Олимпын ХХ наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээний алтан медалийн төлөө тоглолт тэр үдэш АНУ-ЗХУ-ын шигшээ багуудын хооронд болсон юм. Тэр үед олимпод мэргэжлийн тамирчид ордоггүй байсан бөгөөд Америкийн баг 20-21 насны дан оюутан залуус бүрдэж байсан ч гэсэн тэднийг аварга болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан гэдэг.

1936 онд сагсан бөмбөг олимпын хөтөлбөрт багтсанаас хойш АНУ-ын сагсчид долоон удаа олимпын наадамд дараалан, илт давамгай түрүүлээд байсан, тэр үдшийг хүртэл Олимпын наадамд 63 удаа тоглохдоо ганц ч (!!!) хожигдоогүй байсан болохоор арга үгүй биз.

Харин ЗХУ-ын сагсчид 1952 оноос эхлэн олимпод оролцож, 1952,1956,1960,1964 оны олимпод мөнгөн медаль хүртсэн, аваргын төлөө АНУ-ын багт дандаа “нухуулсан” (1968 оны олимпод ЗХУ-ын сагсчид хагас шигшээд Югославт ганц оноогоор хожигдож, финалд үлдэж чадаагүй) амжилттай л тэр үдшийг хүргэсэн хэрэг.

1966-1970 онд ЗХУ-ын шигшээг дасгалжуулж байсан А.Гомельскийн халааг авсан Владимир Кондрашин 6-8 жил хамт тоглосон хашир туршлагатай тоглогчдоос бүрдсэн багийн бүрэлдэхүүнийг бараг л өөрчлөөгүй бөгөөд харин Александр Белов болон сэтгэлийн хөдөлгөөн маш бага, тайван Иван Едешко нарыг “Мюнхен-1972” олимпын багт авсан нь хожим хэчнээн чухал үр дүнтэй байсныг та удахгүй мэдэх болно.

За тэгээд энэ тоглолтыг үнэ цэнэ маш их, угаасаа “хүйтэн дайны” үе байсан болохоор аль алинд нь улс төрийн ч асар их ач холбогдолтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ийм нэгэн “алаан” болох нь тодорхой алтан медалийн тоглолт орон нутгийн цагаар 23 цаг 50 минутад эхэлсэн ажгуу. Яагаад тийм орой эхэлсэн гэхээр ТВ-ийн дамжуулалттай холбоотой л доо.

Тоглолтын туршид ЗХУ-ын баг хошуучилж, 4-8 оноо, бүүр 10 оноогоор ч илүүрхэж явсан ч цаг дуусахаас өмнөхөн АНУ-ын баг тооны харьцааг ойртуулж, ганцхан онооны зөрүүтэй болов. 49:48-аар ЗХУ-ын баг хошуучилсан хэвээр. Тоглолтын цаг дуусахад ердөө 8 секунд дутуу, Зөвлөлтийн баг бөмбөг эзэмшиж, бөмбөгөө дамжуулсаар. Ингээд дуусахад л тэд аварга болно шүү дээ! Бөмбөг Александр Беловт очлоо. Энэ үед тэрбээр маш том хоёр алдаа угсруулан гаргалаа. Эхлээд тэр цагариг руу шал дэмий шидсэн. Бөмбөгөө бариад байж байсан ч болох байсан шүү дээ. Америкууд алдаа л хийнэ биз?!

А.Беловийн шидэлтэд Макмиллен блок-шот хийсэн ч А.Белов бөмбөгийг дахин авсан. Тэрбээр энэ удаа бөмбөгөө сул, өөрт ойрхон байсан Сергей Беловт дамжуулахын оронд гэнэт тэр хойно, тэгээд хаалттай байсан Саканделизед дамжуулах нь тэр.

Америкийн Дуг Коллинз дундаас нь тасалж аваад довтоллоо. ЗХУ-ын багийн хамгийн хурдан нь гэгддэг Саканделизе Коллинз дээр алдаа гаргахаас өөр зам үлдсэнгүй. Торгуулийн хоёр шидэлтдээ ядаж нэг алдаж магадгүй л дээ. Гэвч Коллинз хоёр шидэлтээ хоёуланг нь амжилттай гүйцэтгэв. Тоо 49:50 болж, Америкчууд аварга болоход хэдхэн агшин үлдлээ. Тоглолтын цаг дуусахад ердөө л 3 секунд дутуу байгааг цахилгаан самбар заана.

ЗХУ-ын баг бөмбөгийг тоглолтод оруулж, С.Беловт бөмбөг очих үед талбайн шүүгч тоглолтыг зогсоож, шүүгчийн ширээ рүү очлоо. Энэ үед цахилгаан самбарт 1 секунд үлдсэн харагдана. Тэнд ЗХУ-ын багийн туслах дасгалжуулагч Башкин тайм-аут захиалсан байхад яагаад тоглолтыг үргэлжлүүлсэн бэ хэмээн заргалдаж байв.

Маргаанд ФИБА (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Уильям Жонс, техникийн комиссын төлөөлөгч Эдмон Биго нар оролцож, Коллинзийн торгуулийн эхний шидэлтийн дараа дүрэм ёсоор ЗХУ-ын дасгалжуулагч Кондрашин тайм-аут захиалсныг шүүгчид анзаараагүйг хэлж, ЗХУ-т албан ёсоор тайм-аут өглөө.

Одоо бөмбөгийг ЗХУ-ын баг дахиад тоглолтод оруулна, бас цахилгаан самбар дээрх тоглолтын цаг дуусах хугацааг дахин 03 секунд дээр болгоно. За энэ хооронд Кондрашин Жармухамедовыг суулгаж, Едешког талбайд гаргажээ. Бөмбөгийг Едешко Пауласкаст, Пауласкас А.Беловт алсын дамжуулалт өгөх үед тоглолтын цаг дууссан дохио хангинах нь тэр. Баярлаж хөөрсөн америкчууд талбай дээр гүйлдэн гарлаа.

Харин шүүгчид тэднийг талбайг чөлөөлж, тоглолт дуусаагүй гэдгийг тайлбарласаар. Энэ өдөр цагчин шүүгчээр Андре Чопард, Зепп Блаттер (энэ хүн бол хожим нь ФИФА-ийн ерөнхийлөгч болсон өнөөх Блаттер дүрээрээ мөн шүү дээ) бөгөөд ЗХУ-ын баг тайм-аут авсны дараа тоглолт эхлэхэд цагаа дарахдаа алдаа гаргасан байжээ. Дүрэм ёсоор бөмбөг тоглолтод орсон ч хоёр дахь тоглогчийн гарт хүртэл цаг явах ёсгүй байтал тэд цагаа үүнээс өмнө явуулжээ. Дахиад л маргаан. АНУ-ын багийн туслах дасгалжуулагч Дон Хаскинс ахлах дасгалжуулагч Хэнри Айбад тамирчдаа аваад хувцас солих өрөө рүү явахыг ятгана. Тэд тоглолт дууссан гэж үзэж байв. Энэ үед тэдэн дээр Жонс ирж, хэрвээ талбайг шүүгчийн шийдвэр гараагүй байхад орхин явбал ямар ч медаль авах байсан хүчингүй болно гэдгийг хэлжээ. Ингээд шүүгчдийн шийдвэрээр тоглолтын үлдсэн 3 секундийг дахин тоглуулах болж, ЗХУ-ын баг гурав дахь удаагаа бөмбөгийг гаргалаа. Едешко шууд алсын дамжуулалт хийж, эсрэг багийн самбарын ойролцоо байсан Александр Белов бөмбөгийг амжилттай хүлээн аваад, довтолж ялалтын бөмбөгийг оруулах нь тэр!!! 51:50 харьцаагаар Зөвлөлтийн сагсчид анх удаа Олимпын аварга хэмээх цолыг хүртэх боллоо. Тоглолт дуусахад 9 сарын 10-ны 01 цаг 14 минут болж байсан гэдэг.

АНУ-ын сагсчдын олимпын наадам дахь дараалсан ялалтын цуврал ийнхүү 63 дээр ирээд дуусаж, анхны ялдагдлаа хүлээх нь тэр. Медаль гардуулах ёслолд АНУ-ын баг оролцоогүй, мөнгөн медалиа ч зүүгээгүй юм.

Финалын тоглолтод 10-аас дээш оноо авсан ганц тоглогч нь ЗХУ-ын Сергей Белов (20 оноо) байсан ч “гол баатар” нь мэдээж Александр Белов болсон. Шийдвэрлэх хоромд ялалтын оноо авсан тэрбээр тоглолтын явцад маш муу тоглож, төгсгөлд байж боломгүй алдаа хийснээ цаг дуусах тэр мөчид “цагаатгасан” билээ. Мөн бүтэн талбайг хөндлөн алсын дамжуулалт хийсэн Едешко ч баатар болсон. Энэ тухайд дасгалжуулагч Кондрашин “Бидэнд цаг маш бага байсан. Ердөө 3-хан секунд шүү дээ. Өөрийн талбайгаас тоглолтыг эхлүүлнэ. Ямар нэг хувилбар хийх тухай бодоод ч хэрэггүй. Бэлтгэлийн үед бид заримдаа гандбол тоглодог байлаа. Едешко бөмбөгийг маш хүчтэй шиддэгийг санаад түүнд алсын дамжуулалтыг шууд л Александрт өгөх даалгавар өгөөд талбайд гаргасан. Сашад бөмбөг очвол баараггүй оноо авна, эсвэл алдаа аваад торгуулийн шидэлт хийхэд ядахдаа нэгийг нь хийнэ гэдэгт огт эргэлзэхгүй байлаа. Харин Едешког бөмбөгийг бүтэн талбай хөндлөн гулд дамжуулж чадах болов уу л гэж маш их санаа зовж байсан даа” хэмээн өгүүлсэн байдаг.

Ийм л нэгэн дуулиан, шуугиан, хэрүүл маргаан дүүрэн нэгэн аугаа тоглолт түүх болон үлджээ. Ихэвчлэн энэ тоглолтын төгсгөлийг яриад байдаг болохоос тоглолтын явцад ч бишгүй “драм” болсон байдаг. Тухайлбал АНУ-ын Дуайт Жонс, ЗХУ-ын Михайл Коркия нарын толхилцоон. Хоёр тамирчин хоёулаа талбайгаас хөөгдсөн бөгөөд энэ нь АНУ-ын багт илүү хүнд туссан ( Жонс багийн гол тоглогчдын нэг) гэх мэт.

Алдаа оноо ихтэй, маргаан, мэтгэлцээн дүүрэн, бас л нэг тод дуурсагдах тоглолтын тухайд товчхон өгүүлэхэд ийм буюу.

Эцэст нь энэ тоглолтын талаар бичсэн нийтлэл, сурвалжилга маш олон байдаг бөгөөд Америкийн HBO Sports теле сувгийн 2002 онд бүтээсэн “03 seconds from GOLD” баримтат кино, 2017 онд Оросын найруулагч Антон Мегердичевийн бүтээл баримтат-уран сайхны “ Движение вверх” кинонуудыг нэг үзэхэд гэмгүй ээ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top