Тамирчид Эх орныхоо төлөө тулалдсан юм

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Маргааш Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдөр. Германы фашистуудыг бут ниргэсэн ЗХУ-ын Улаан армийн эгнээнд маш олон тамирчин, олимпын алдартнууд тулалдаж явсан. Дайн эхэлсэн эхний өдөр л тэд спортын хэрэглэл, дасгалаа орхин, буу үүрээд фронтод явцгаасан билээ.

Улс орон даяар алдаршсан алдарт боксчин Николай Королев, цаначин Игорь Булочкин, усанд сэлэлтийн Леонид Мешков, Владимир Китаев, хөнгөн атлетикч Евгений Буланчик, Леонид Дурсенев, Николай Голохматов нар тэдний дунд байлаа. “Нэг тамирчин дайчин жирийн хэд хэдэн цэрэгтэй тэнцэнэ. Харин тамирчдаас бүрдсэн салаа бүтэн батальоноос ч найдвартай” гэж ЗХУ-ын баатар, Армийн генерал И.Е. Петров хэлж байлаа.

1942-1945 онд эх орноо хамгаалан тулалдсан олон дайчин дараа нь 1952-1960 онд олимпын тавцанд эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдсөн юм. Дайны дараах анхны олимп болох 1952 оны наадамд оролцсон ЗХУ-ын шигшээ багийн 25 хувь нь дэлхийн дайны утаа үнэрлэсэн цэрэг эрс байлаа. Харамсалтай нь тэдний хувь заяа, гавьяа зүтгэлийн талаар үлдэж хоцорсон баримт тун цөөхөн. Ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзэж, архивын материал ч бараг үгүй болжээ.

Ингээд дэлхийн дайнд тулалдаж явсан олимпын тамирчдын өчүүхэн хэсгийг танилцуулж байна.

Анатолий Богданов (буудлага)

Бүслэгдсэн Ленинград хотын асрах газарт өссөн Анатолий хүүхэд байхаасаа л фронтод байлдаж эхэлсэн. Эхлээд усан онгоц, дараа нь хөгжмийн салаанд тулалдаж явжээ. Дайны дараа тэр олимпын хоёр удаагийн аварга (Хельсинк-1952, Мельбурн-1956), дэлхий, тивийн олон удаагийн аварга болсон юм.

Виктор Чукарин (гимнастик)

Фронтод сайн дураар явсан Виктор их бууны ангид алба хааж байгаад германчуудад олзлогджээ. Бухенвальд болон нийт 17 хорих лагерь дамжсан тэрбээр гэртээ харихдаа 40 кг жинтэй, гар дээрээ хоёр л удаа суниаж чаддаг байсан гэдэг. Гэхдээ тэр  олимпын алтан медалийг долоон удаа (1952-1956) хүртэж, дэлхийн аварга болсон.

Евгений Лопатин (хүндийг өргөлт)

Сталинградын фронтод танк эсэргүүцэх ротын дарга байсан тэрбээр хэд хэдэн удаа хүнд шархдаж байлаа. Зүүн гар нь бараг хөдөлгөөнгүй ч Лопатин 1952 оны олимпоос мөнгөн медаль хүртэж, Европын аварга тамирчин болж чадсан. 

Сергей Щербаков (бокс)

Тусгай салаа буюу тагнуулын ангид алба хаасан Сергей хүнд шархдан, хөлөө тайруулах шахаж байжээ. Эмч нараас гуйж байж, хөлөө авч үлдсэнийхээ ачаар тэр 1952 оны олимпоос мөнгөн медаль авч чадсан.

Грант Шагинян (гимнастик)

Сайн дураар дайнд явсан Грант 1943 онд хөлдөө хүнд шархаджээ. 1952 оны олимпын наадамд ЗХУ-аас хазгар гимнастикчин гарч ирэхэд өрсөлдөгч нар нь огт тоохгүй байсан гэдэг. Гэсэн ч тэр олимпын алтан медаль хоёрыг авч, дэлхийн хошой аварга болсон юм.

Яков Пункин (сонгомол барилдаан)

Дайнаас өмнө цэрэгт татагдан, алба хааж байсан Яков дайны эхний өдрүүдэд л дайсанд олзлогдсон. Хэдий еврей гаралтай ч осетин гэж хэлсээр дайн дуустал амьд үлдэж чадсан юм. 1952 оны олимпын аварга Яков Пункин олимпын аварга болсон анхны украин хүн.

Павел Харин (завь)

14 настайдаа Егоровын нэрэмжит зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан Паша Кронштадтад алба хааж, Берлин хүртэл байлдсан хүн. Германы олзны усан онгоцнуудыг ЗХУ-д авчирч байсан бөгөөд Ленинградыг хамгаалахад байгуулсан гавьяагаараа одонгоор шагнагдаж байлаа. 1956 оны олимпын аварга. 

Иван Удодов (хүндийг өргөлт)

Фашистууд Удодовыг 17 настай байхад нь олзолж, Бухенвальдын лагерьд хорьжээ. Дайн дуусахад тэр ердөө 29 кг жинтэй, алхаж чадахгүй болтлоо туйлдсан байв. Эрүүл мэндээ сэргээхийн тулд спортоор хичээллэхийг эмч нар санал болгосны дагуу тэр хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. 1952 оны олимпын аварга.

Анатолий Парфенов (сонгомол бөх)

Түүнийг 16 настай байхад нь дайн эхэлсэн. Насанд хүрээгүй хэмээн фронтод авахгүй байсан ч жаал хүү өөрийгөө 19 настай гэж итгүүлсэн юм. Үеийнхнээсээ хавьгүй том биетэй түүнд итгэсэн цэрэг татлагынхан Толяг цэрэгт авсан төдийгүй хамгийн хүнд пулемётоо даалган өгсөн гэнэ. Хоёр удаа шархадсанаас гарын хөдөлгөөн нь муу байсан ч дайны дараа бөхөөр хичээллэж эхлэн, олимпын аварга болсон түүхтэй.

Юрий Никоноров (буудлага)

16-хан насандаа сайн дураар дайнд явсан буудлагын тамирчин фронтын мэргэн бууч болох нь ойлгомжтой. Дайны дараа олимпын наадамд оролцож, дэлхийн 2, Европын 6 удаагийн аварга болж байв.

Галина Зыбина (бөөрөнцөг түлхэлт )

Ленинградын бүслэлтийг эхнээс нь эцэс хүртэл туулсан энэ баатарлаг эмэгтэй Ленинградыг хамгаалахад байгуулсан гавьяагаараа одон хүртсэн. 1952 оны олимпын аварга, Европын аварга. Зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн хоёр төрлөөр тивийн аварга болсон цорын ганц тамирчин.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top