Ц.Батсайхан: Улаанбаатар хотод 2005 оноос хойш газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

-Улаанбаатарын хотын орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөх бүрэн боломжтой-

Одон орон геофизикийн хүрээлэнгийн Судалгаа арга зүйн багийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхантай Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын газар хөдлөл, түүний идэвхжил, болзошгүй аюулын талаар ярилцлаа. 


-Сүүлийн үед Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн гэж мэргэшсэн эрдэмтэд ярих болсон. Судлаач хүний хувьд тайлбар хэлээч?

-Газар хөдлөлтийн давтамж жилд ингэж нэмэгдэнэ гэсэн тогтмол тоо байдаггүй. Улаанбаатар хотод 2005 оноос хойш газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн. Бүр тодорхой хэлбэл Эмээлтийн орчимд, Хустайн нуруу орчимд нэг ёсондоо Улаанбаатар тойрсон идэвхтэй хагарлуудад огцом нэмэгдсэн байдаг. Ялангуяа Эмээлт орчимд онцгой нэмэгдсэн. Хөдлөлийн давтамжийн тоо 300-1000 гарсан тоо бий. 2018 онд 943 байсан бол 2019 онд 1010 орчим байсан. 2013 онд хамгийн их буюу 2184 ч хүрсэн удаатай. Харин Монгол Улсын хэмжээнд хэвийн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд 20 дугаар зуунд 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн ч удаа тохиолдож байлаа.  Харин шинэ зуун гарсаар 2006 онд 5.8-5.9 магнитудын хүчтэй нэг л газар хөдлөлт боллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Говь-Алтайн нуруунд ийм хэмжээний газар хөдөллөө. Энэ бол сүүлийн үед бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт. Газар хөдлөлтийн голомтоос 30 км-ийн зайнд байсан сумын төвийн барилга, байшинд эвдрэл үүссэн.

70 давхраас Хүрхрээ рүү чиглэсэн Улаанбаатарын тэг дундуур үүссэн томоохон хагарал бий.

-Улаанбаатар хотод газар хөдлөлт нэмэгдэж байгаагийн шалтгаан нь чухам юу вэ?

-Газар хөдлөлт хаана хамгийн их болдог вэ гэвэл хуучин хөдөлж байсан хагарлууд дээр л болдог. Улаанбаатар хотод идэвхтэй, идэвхгүй нийлсэн 17 хагарал байдаг. Үүнээс идэвхтэй дөрвөн хагарал байдаг. Тодруулбал, Улаанбаатарын урдхан талд Шархай, Авдар уулын хагарал байна. Хустайн нурууны зүүн талаар газрын гадарга дээр 60 км үүссэн томоохон хагарал бий. Улаанбаатар хотын зүүн талаар үүссэн Гүнжийн хагарал байна. Сансрын зургаас харахад газрын гадарга дээр 20 км үргэлжилсэн харагддаг. Цаашаагаа үргэлжилсэн байх. Улаанбаатарын хотын орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөх бүрэн боломжтой. Чухам юунаас болж хэзээ, хаана хүчтэй газар хөдлөхийг тогтоох боломжгүй. Ямар ч байсан газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдсэн нь илүү хүчтэй газар хөдлөлт болох дохио гэж ойлгож болно. 

-Яг Улаанбаатар хот дундуур гарсан хагарал бий юу?

-Бий. 70 давхраас Хүрхрээ рүү чиглэсэн Улаанбаатарын тэг дундуур үүссэн томоохон хагарал бий. Энэ бол 1950-иад оны агаарын зурагт дүрслэгдсэн байсан. Гэхдээ дээр дурдсан 17 хагарлын идэвхтэйд нь тооцогдохгүй идэвхгүй хагарал гэсэн үг. 1950-иад оноос хойш бүртгэсэн газар хөдлөлийн судалгаанаас харахад энэ хагарал дээр газар хөдөлж байгаагүй.

-Та бүхний тооцооллоор Монгол Улсад хэдий хэр хүчтэй газар хөдлөлт болно гэсэн таамаг байдаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд 5-6 хоногтоо 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болдог юм. Гурав хоногийн өмнө л гэхэд 3.5-аас дээш хоёр удаа хөдөлсөн байна. Энэ бол тогтмол тоо биш. Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлт 7.0 магнитудыг давсан хүчтэй байх боломжтой. Учир юу гэвэл 20 дугаар зуунд 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болж байсан шүү дээ.

-Улаанбаатар хотын хувьд хамгийн хүчтэй газар хөдлөлт хэдэн онд болж байсан бэ?

-Булган аймгийн Могод суманд 1967 онд 7.3 магнитудын хүчтэй  газар хөдлөл болж байлаа. Хэдийгээр газар хөдлөлтийн голомтоос 250 км алслагдсан ч гэсэн “Ард” кино театрын урд тал, Засгийн газрын ордон, 40, 50 мянгатын барилгад цууралт үүсэж байлаа.

Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлт 7.0 магнитудыг давсан хүчтэй байх боломжтой.

-Монгол Улсад ийм хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд барилга, байгууламж тэр дундаа хүчитгэл хийгээгүй байгууламжууд тэсэж үлдэж чадах уу?

-Барилга байгууламжийн хувьд стандарт ямар байх тухай асуудал бол манай байгууллагын ажил биш. Олон жилийн туршлагаас харвал хамгийн түрүүнд эвдрэлд орох магадлалтай байгууламж бол хуучин тоосгон барилгууд. Тоосгон байгууламж 7.0 магнитудаас дээш хөдлөлтөд задардаг бүтэцтэй. 8.0 магнитудын бүсэд бүрэн цутгамал барилга л хамгийн тэсвэртэй. Хотын захиргаанаас хуучин барилгуудыг нураагаад шинэчлэх ажил эхнээсээ хийгдэж байна. Цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. 

-Засгийн газар, Онцгой байдлын газраас танай хүрээлэнгийн судалгааг ашиглах, хамтран ажилладаг уу?

-Чили, Гаити улсад 2011 онд болсон газар хөдлөлт, түүнээс шалтгаалсан хямралаас үүдэн Засгийн газрын зүгээс бидний ажлыг илүү дэмжиж ажиллах болсон. Чили болон Гаити улсад болсон газар хөдлөлт 7.0-7.9 магнитудын хооронд хэмжигдэж байлаа. Чили улсад барилга байгууламж нурсан, эндсэн хүмүүс харьцангуй бага байсан бол Гаити улсад 7.0 магнитудын газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо, нурсан барилгын тоо их байсан юм. Энэ бол бэлтгэл ажлын тухай асуудал байсан. Гаити улс ямар ч бэлтгэлгүй байснаас үүдэн ийм их хохирол амссан юм. Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл үүнээс шалтгаалан Монгол Улсад газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах, тооцооллыг нарийвчлан судлах, газар хөдөлсөн тохиолдолд Онцгой байдал, Улаан загалмай хэрхэн хамтран ажиллах вэ зэрэг олон тооны судалгаа хийсэн. Үүний үр дүнд манай байгууллага тодорхой хэмжээний багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Станцуудын тоо нэмэгдсэн. Өмнө нь зүүн аймгуудад станц бараг байдаггүй байсан бол одоо нийт Монгол Улсын хэмжээнд станцтай болсон. Хустайн нуруу орчимд маш олон тооны хяналтын төхөөрөмжтэй болсон. Түүнчлэн радонын хий хэмжих зургаан станц бий. Газар хөдлөлийн өмнө газрын гадаргын шахалтаар ус гарч, ан цав үүссэнээс радон хийн нягтрал их болдог . Үүнийг хэмждэг станц гэсэн үг.

Улаанбаатар хотод идэвхтэй, идэвхгүй нийлсэн 17 хагарал байдаг. Үүнээс идэвхтэй дөрвөн хагарал байдаг.

-Танай байгууллага зарцуулж буй төсөв, тоног төхөөрөмжөөрөө бүс нутагтаа хэрхэн үнэлэгдэх вэ?

-Манай байгууллагын хэмжээнд 200 ажилтантай, орон нутагт салбартай. Шинжлэх ухааны академи дотроо томоохонд тооцогдох байгууллага. Цалин, зардлын хэмжээг нь бодож үзсэн ч тэр харьцангуй өндөр байх. Би яг хүний нөөц талын хүн биш болохоор нарийн тоог хэлж мэдэхгүй юм. Тоног төхөөрөмжийн хувьд газар хөдөл бүртгэх станцуудаас гадна геофизикийн, сейсмик хайгуулын  24, 48 сувагт төхөөрөмж, хүндийн хүчний CG5 гэж харьцангуй сүүлийн үеийн багаж байна. Дифференциал GPS, георадарын багаж бий.

-Хамтарч ажилладаг, мэдээллээ солилцдог газар хөдлөлийн ямар байгууллага байдаг вэ?

-Дотооддоо Онцгой байдлын ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын яам, Улаан загалмайн нийгэмлэг, Барилгын хөгжлийн төвтэй хамтран ажилладаг. Гаднын байгууллагууд гэвэл ОХУ-ын Эрхүү хотод Дэлхийн царцдасын хүрээлэнтэй хамтран ажилладаг. Новосибирск, Москва хотуудын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна. 1990-ээд оноос хойш Япон, Өмнөд Солонгос, АНУ, Францын байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Тухайлбал Өмнөд Солонгос л гэхэд Могодын хагарал дээр хамтран судалгаа хийж байна. АНУ-ын Лехайн их сургууль гэхэд Монгол Улсын газар хөдлөлийн идэвхжилийг судлахад  олон тооны багажаар тусалж байна. Францын Страсбургийн дэлхийн физикийн хүрээлэн бий. Японы “JICA” манай мэдээллийг тогтмол авч тооцоондоо ашиглаж байна. Казахстан, ОХУ, Хятадын хил залгаа нутгийн станцуудын мэдээллийг харилцан солилцдог.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.14.36.6) 2020 оны 05 сарын 14

Шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн судалгаа, нотолгооны үндсэн дээр ярьж хэлж байхгүй бол олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх сөрөг үр дагавартай шүү. Хэдэн арван жил хөдөлмөрлөж байж олж авсан лизингтэй байраа одоо яах билээ гэж зовох амьтан олон байгаа шүү дээ. Бизнесийн зорилготой, чиглэлтэй нийтлэл юм биш үү.\n

0  |  0
зочин(192.82.73.83) 2020 оны 05 сарын 14

Хүчтэй хагарал үүссэн газар дахиж үүсдэггүй, харин хагаралын үргэлжлэл дээр хүчтэй газар хөдлөлт болдог.Энэ том хагарлууд 2500-3000 жилийн хугацааны дараа болдог гэж дэлхийн эрдэмтэд бичдэг.Манайд УБ д үүссэн хагарал хэзээ үүссэн гэдгийг тогтоох хэрэгтэй баймаар юм.Татварын мөнгөөр цалинждаг хүмүүс энэ ажлыг хийж баймаар юм.

1  |  0
зочин(192.82.73.83) 2020 оны 05 сарын 14

60-аад оны үед Гуржид билүү дээ газар хөдпөлтөөр угсармал байшин тэсвэргүй гэдэг нь тогтоогдож байсан. Манайд угсармал байр олон байдаг. Улаанбаатарын дундуур өнгөрч байгаа хагарлууд хэзээ үүссэн гэдгийг хөрсийг судалж байж тогтоодоггүй юм уу.Гүнжийн хагаралыг 20 км үргэлжилсэн гэж зурган дээр харагддаг,цааш үргэлжилсэн байх гэнэ үү. Эрдмийн хүмүүс өөрсдөө явч хир зэрэг үргэлжлэхийг судалдаггүй юм уу.

1  |  0
Иргэн(202.9.40.83) 2020 оны 05 сарын 14

Газар хөдлөх нь тэгээд боломж юм уу эрсдэл, аюул юм уу. Доктор санаатай юм бол аюул боломж 2-оо ялгадаггүй юм уу.

1  |  0
Top