Загаши аваргын удам, Японы буриад бөх АВРОРА

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Японы үндэсний сүмо бөхөд орос бөхчүүдийн орох замыг нээж өгсөн бөх бол Анатолий Михаханов хэмээх Орора Сатоши юм. Уг нь Октябрийн хувьсгалын бэлгэ тэмдэг болсон Аврора хөлөг онгоцны нэрийг өгсөн боловч япончууд дуудлагаараа Орора болгочихжээ. Аврора зодог тайлаад хоёр жил болж байна.

Мэргэжлийн сүмод 18 жил барилдахдаа цол хүртэж чадаагүй, хамгийн дээд амжилт нь макүшита зиндаа байлаа. Монголд бол цол аваагүй сүмоч олон ч харин Буриадад ганц сүмочоо тун хүндэлдэг. Зодог тайлсан одоо ч тэр спортын арга хэмжээ, ёслолд урилгаар оролцдог хэвээр байгаа юм. Учир нь түүнийг Наран оронд хамгийн алдаршсан буриад хүнээс гадна алдарт Загаши аваргын удам гэж Буриадад үздэг юм. Ингээд Буриадын “Буряад Yнэн” агентлагийн цахим хуудсанд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
 


БААТРЫН ҮР САД АНАТОЛИЙ МИХАХАНОВ

Хэрэв 37 жилийн өмнө Аврорагийн ээж Дулсан Бадмаевнад танай хүүгийн хувь заяаг тэнгэрээс шийдчихсэн, тэр Японд очиж, алдартай сүмоч болно гэж хэлсэн бол итгэхгүй нь ойлгомжтой байлаа. Анатолийг эхийнхээ гэдсэнд байхад нь өвөө нь “Загаши баатар дахин төрөх нь” гэж зөгнөж байжээ. Дулсан энэ үгийг нэг их тоосонгүй. Хүү нь ч 54 см өндөр, 3800 грамм жинтэй жирийн л хүүхэд төрсөн юм. Гэвч Толя хүү өдрөөр биш цаг, минутаар л өсөж эхэлсэн байна. Загаши баатар гэдэг нь Куда голын хөндийд 400 гаруй жилийн өмнө амьдарч байсан алдарт бөх юм. Харвахдаа мэргэн гэж жигтэйхэн. 350 кг жинтэй байсан тул морь унах гэхээр морины нуруу хугардаг байжээ. Загаши аварга явган явна, эсвэл хоёр бух хөлөглөсөн тэргэнд суугаад замд гардаг байж. Өвөл нь хоёр чарга хэрэглэнэ. Хөл нь чулуун багана мэт бат бөх, маш чадалтай хүн байсан гэдэг. Нэг гараараа хус модыг үндсээр нь сугалж, зангиддаг байсан гэхээр хэр чадалтай байсан нь ойлгогдоно. Загашиг ялах бөх Буриадад байсангүй. Ямар ч хүчтэн ирсэн ганц гараараа өргөөд л хаяна. Тэр байтугай тэнгэр бурхадтай ч хүч сорьдог байсан гэж түүхэн домогт тэмдэглэгдэн үлджээ. Загаши аваргын найм дахь үед Эхирий тосгонд Ханхасай Зандан гэдэг бас нэгэн хүчтэн төрсөн нь 250 кг жинтэй байв.

1983 оны дөрөвдүгээр сард Загаши аваргын ес дэх үе болох Анатолий Михаханов алдарт аварга өвөг дээдсийнхээ удмыг залган, Заиграево тосгонд төрсөн юм. Түүний аав Валерий Обогоевич 178 см өндөр, 130 кг жинтэй бас том биетэй хүн байлаа. Багадаа Валерий боксоор хичээллэх гэсэн боловч аав, ээж нь хүчээр болиулж байв. Учир нь түүний баруун гарт оногдсон хүн амиа алдах нь тодорхой байлаа. Харин Анатолий хүү аавыгаа давсан аварга болох нь тодорхой байв. Тэр нэг настайдаа л 14 кг болсон байлаа. Нэг удаа 40 литрийн усны савыг хөнгөхөн түрээд тоглож байсан гэдэг. Гурван настайдаа аавыгаа хамт тоглохоор дуудаж, хүзүүнд нь цохиод авчээ. Аав нь хүүгээ индүү, сандал ямар нэг юмаар цохилоо гэж бодоод хартал гар нь хоосон байсан гэдэг. Цэцэрлэгт тэр үеийнхнээсээ хамаагүй өндөр, бараг багштайгаа чацуу  байсан тул шүүгээний дээр хураасан тоглоомуудыг буулгаж, ангийнхандаа өгдөг байлаа. Харин дунд сургуульд ороод чөлөөт бөхөөр хичээллэх гэж оролдсон ч амжилт олсонгүй. Учир нь 120 кг жинтэй түүний бэлтгэлийг хангах өрсөлдөгч алга байлаа. Ээжийнх нь хэлснээр Анатолий хөдөлмөрч, дуулгавартай хүү байлаа. Тун хатуу ээж байсан тул хүүхдүүд нь бүгд л ажилсаг. Анатолий хүү аав ээждээ тусалж, өглөө таван цагт босон, үхрээ бэлчээрт гаргана. Техникт тун дуртай, мотоциклд дурласан хүү байжээ. Нэгдүгээр ангидаа 54 размерын хувцас өмсдөг болсон тул ээж нь гараар оёдог байв. Гэвч дахиад л багадна, ахиад л оёно. Ангидаа хоёр сандал дээр сууж, гэртээ шалан дээр унтана. Үеийн хөвгүүд бүдүүн том гэж хочлох ч зөөлөн ааштай тэрбээр хариу барихгүй. Ганц удаа нэг хүүхдийг түлхэж орхиход 10 метр хэртэй нисэж байжээ. Хичээлдээ дунд зэрэг, дээр нь сургуульд очихоос залхаж эхэлжээ. Ширээний ард суухад улам л хэцүү болж, ангийн хүүхдүүд нь дооглоно.
 


УДАМТ БӨХ

Нутгийн эмч нар Анатолий хүүг анхааралтай ажиглаж байлаа. Гэхдээ тэд түүнийг Бурханаас заяасан хүчтэн, удамт бөх гэдгийг ойлголгүй, хэт таргалалтаас эмчлэх гэж оролдсон юм. Хэдэн жилийн дараа 16 нас хүрэхэд нь Буриадын алдарт бизнес эрхлэгч, олон нийтийн зүтгэлтэн Зоригто Саханов Анатолийг Санкт-Петербург хотод аваачиж, Биеийн тамир, спортын судалгааны хүрээлэнд шинжилгээнд оруулжээ. Онцгой төрсөн өвөрмөц хүүг бүх талаар нь шинжилсний дараа эмч нар Анатолийг хэвийн, эрүүл саруул гэж дүгнэсэн юм. Зүрхний судасны диаметр нь 5.5 см байсан нь 350 кг жинтэй байсан ч спортоор хичээллэж чадна гэсэн үг байлаа. 12 настайдаа шаварт гацсан мотоциклийг өргөөд гаргадаг байсан хүү 16 настайдаа л 167 кг жинтэй, 191 см өндөр байв. Энэ үеэс мэргэжилтнүүд түүнийг бөх барилдуулах гэж оролдож, санал тавьж эхэлжээ. Гэвч тэр Зоригто Сахановын сүмо бөхөд хүч сорь гэсэн саналыг хүлээн авсан байна. Зоригто түүнийг сүмогийн алдарт Китаноүми дэвжээнд орууллаа. Ояката нь сүмо бөхийн 55 дахь ёкозүна Китаноүми.  Эхлээд тэр буриад хүүгийн хөлийг шалгалаа. Эрт урьдын аваргууд шиг том хөлтэй хүү байлаа. Өвдөг гуя нь ч бахим байсан тул ояката ихэд баярлажээ. Энэ бол жинхэнэ ёкозүнагийн шинж хэмээн гайхах Китаноүмид Зоригто хүүг Буриадын алдарт бөхийн удам болохыг хэлж өгчээ.

АЛТАН ХҮҮ

Ингээд Японд шинэ бөхийн үзлэгт орохоор очлоо. Япончууд түүнийг Буриадын хамгийн хүчтэй хүн, түүхэн домогт баатрын удам гэдгийг нь мэдээд “Алтан хүү” Торя-кинтаро гэсэн нэр өгчээ. Хэвлэлийн медиа группийн босс Марүяма Казүноригийн ээж Анатолийг хараад “Гэсэр баатар дахин төрлөө” гэж дуу алдаж байсан гэдэг. Японоос тэр огт өөр хүн болоод буцаж ирсэн юм. Амьдралынх нь турш хүмүүс дооглож, инээж байсан том бие нь өө согог биш харин илүү тал юм байна гэдгийг ойлгожээ. Ингээд дахин Японд очих өдрөө хоног тоолон хүлээж эхэллээ. Түүнд Аврора гэдэг дэвжээний нэр өгчээ. Дэвжээнд элслээ гээд сүмоч болж байгаа хэрэг биш. Дохёнд гарч барилдах эрхээ тэр цус, хөлсөөрөө олж авсан юм. Японд бүх юм өөрчлөгдлөө. Амьдралын хэв маяг, хоол унд, хэмнэл бүгд өөр. Залуу бөхчүүд гэрээ орхиж, дэвжээндээ бөөнөөр амьдарна. Тэдэнд гэр, гэрбүл ч байхгүй. Шантраад зугтах залуус цөөнгүй. Харин Анатолий тэссээр. 2000 оны гуравдугаар сард Кокүгикан ордны дохён дээр анх гарч барилдсан байна. Энэ бол орос залуусын сүмод орох үүд хаалгыг нээсэн хэрэг байлаа. 
 


ИХ АВАРГЫН ШАВЬ

Японд хамгийн алдартай буриад хүн болсон Анатолий үе үе эх орондоо ирнэ. Арсалан ахынхаа хуримд ирэхдээ тэр онгоцон дотор ариун цэврийн өрөөнд багтахгүй хэцүү байдалд орсон гэдэг. Гэвч нутагтаа ирээд тэр бүжиг, дуу хуураараа бүхний хайрыг татаад харьсан билээ. Буриадад буугаад л ээждээ бууз, салат хийж өгөхийг гуйсан гэнэ. Дулсан Бадмаевна “Би хүүдээ таван ширхэг том бууз жигнэж өгснийг тэр амтархан идсэн. Анатолийг нэг суурин дээр 60-70 бууз иддэг гэж ярьдаг нь худлаа. Тэр 10-20 бууз л иддэг. Багынх шигээ бага иддэг хэвээр байгаа” гэж сэтгүүлчдэд ярьж байв.

Нэг удаа түүнийг ирэхэд нь Иволгин дацанд Итгэлт хамбын “дэргэд” унтах зөвшөөрөл өгч байв. Ингэж тэр нутгаасаа эрч хүч авсаар байлаа. Он цаг өнгөрсөөр. Анатолий удаан ч гэсэн банцүкэ ахиж байв. Одоо түүнийг хэн ч Алтан хүү гэж дуудахгүй, тэр жинхэнэ мэргэжлийн сүмо бөх болсон юм. Ухаан сууж, хэрсүүжлээ. Китаноүми багшийнхаа хамгийн хайртай шавь нь байсан юм. Сүмочид түүний хурц ухаан, хошин шог ярианд дуртай, бүгд хайртай. Заиграево тосгоны хүү Аврора Японы үндэсний сүмо бөхөд ОХУ-ын анхны сүмоч, түүхэнд хамгийн хүнд бөх гэдгээрээ нэрээ мөнхөлсөн билээ.

МӨРӨӨДӨЛ ХЭВЭЭР

2018 оны есдүгээр сард Аврора зодог тайлаад эх орондоо Буриаддаа харьсан. Эх оронд нь түүнийг сэтгүүлч нараас гадна Спортын сайд, Засгийн газрын гишүүд хүлээн авч байлаа. Анатолий тэр үед “Цаашид юу хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн жин хасна. Эрүүл мэндийнхээ төлөө спортоор хичээллэсээр байх болно” гэж мэдэгдэж байсан юм. Анатолий 2018 оны аравдугаар сараас 2019 оны аравдугаар сар хүртэл 94 кг хассан. Харин энэ жилийн дөрөвдүгээр сарын 21-нд 188 кг жинтэй болсон байна. 37 нас хүрсэн тэр одоо ч шпагат сууж, бэлтгэлээ хийсэн хэвээр.

Одоо түүний мөрөөдөл бат бэх гэрбүлтэй болох. Аварга том биетэй, эелдэг даруухан энэ залуугийн зүрх одоо ч чөлөөтэй хэвээр. Тэр хайрлаж, дурлахыг мөрөөдөж байна. “Элдэв асуудлууд ар нуруунаас чинь түлхэж биш, мөрөөдөл чинь урагш хөтөлж байх учиртай” гэж Анатолий ярьж байна.

Буриадын Спортын сайд Вячеслав Дамдинцурунов “Анатолий Михаханов та алс холын Япон оронд манай Буриад орныг алдаршуулсан хүндэт эрхэм. Та эх нутагтаа эргэн ирсэн нь таны хувийн амьдралд ч, манай улсад ч хэрэгтэй, ашигтай зүйл болно гэдэгт итгэж байна” гэж хэлж байлаа.

ЛАВЛАХ

Анатолий Михаханов 1983 онд Заиграево тосгонд төрсөн. 2000-2018 онд сүмо бөх барилдсан. 293 кг жинтэйгээр хамгийн хүнд сүмочийн рекорд тогтоосон. Орора Сатоши нэрээр барилдаж байв.

Буриадад хариад гэрийнхээ халуун усны баннд багтахгүй байсан тул нийтийн халуун усанд ордог байжээ.

Макүшита зиндаанд дэвшихэд нь тэр үед сүмо бөхийн талаар ойлголтгүй байсан “Комсомольская правда” сонин “Буриад бөх Японы аварга боллоо” гэж мэдээлж байлаа.

2012 онд Аврора өөрөөсөө 190 кг хөнгөн, 83 кг жинтэй Охара гэдэг бөхөд унасан. Их аварга Хакүхотой нэг барилдаж, нэг давсан. 2001 оны есдүгээр сард жонидан зиндаанд таарч барилджээ.

2019 онд Анатолий Михаханов “Мунгэн хонхонууд” студийн “Үлгэр” дууны клипэнд тоглосон. Одоо найруулагч Юрий Ботоевийн “Золото империи” кинонд тоглож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top