Ираны ҮОХ-ны төв байранд байрладаг Спортын музей саяхан шинэ үзмэртэй боллоо. Ираны түүхэн дэх хамгийн хүчтэй бөх гэгддэг Голамреза Тахти-гийн хүү Бабак Тахти аавынхаа гэрээслэлийг музейд хандивласан байна. Энэ гэрээслэлд Тахти хөрөнгөө хүү, ах эгч нартаа өвлүүлэн үлдээж байгаагаа бичсэн юм.
Иранд Голамреза Тахти шиг алдартай тамирчин байхгүй гэж хэлэхэд болно. Чөлөөт бөхийн олимпын аварга, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга түүнийг Иранд шүтэн биширдэг. Түүнд зориулан хөшөө босгож, гудамж талбайг нэрээр нь нэрлэн, түүний тухай ном бичиж, кино бүтээжээ. Тахти нэр хүндээ спортын амжилтаас гадна жинхэнэ тамирчин, эр хүний зан чанараараа олж авсан юм. Одоо ч иранчууд Тахтиг Үндэсний баатар хэмээн үздэг билээ.
Тахти Ираны нийслэл Тегеран хотод 1930 оны наймдугаар сарын 27-нд төржээ. Гэр бүл нь ядуу байсан тул дөнгөж есдүгээр анги төгссөн. Гэвч дунд сургуулийн сурагч байхдаа л тэр жинхэнэ тамирчин болсон байлаа. Тахти жижигхэн зааланд хичээллэж байгаад нефтийн үйлдвэрт ажиллахаар Тегеранаас явжээ. Дараа нь цэрэгт татагдаад тэр чөлөөт бөхтэй гүнзгий танилцсан юм.
Тахти 1950 онд Ираны УАШТ-д түрүүлж, 1951 онд Хельсинкийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, гадаадын тэмцээнээс медаль хүртсэн анхны иран бөх боллоо. Дараа нь Хельсинкид олимпын мөнгөн медаль авсан билээ. Тахти Ираны баатрын спорт гэгддэг үндэсний наадам Варзеше-Зурханегийн хамгийн алдартай дэмжигчдийн нэг байлаа.
Дөрвөн жилийн дараа Тахти Мельбурнд 87 кг-ийн жинд олимпын аварга болж, Иран улсад анхных нь олимпын алтан медалийг авч өгөв. 1959, 1961 онд дэлхийн аварга болж, 1962 онд ДАШТ-ийн мөнгөн медаль авлаа.
Гэхдээ энэ олон медалиас гадна хүнлэг, тусч зан чанар нь Тахтиг ард түмний баатар болгосон юм. Тэр 1964 оны Токиогийн олимпод ялагдаад зодог тайлсан. Сүүлийн хоёр тэмцээнд түрүүлж чадаагүй ч Ираны ард түмэн түүнийг шүтэн биширсээр байлаа. Харин тэр үеийн Пехлевигийн дэглэм засгийн газрын эсрэг үзэлтэй хэмээн аль болох дарахыг бодож байв.
1962 онд Бу’ин-Захра хотод хүчтэй газар хөдлөлт болж, 45 мянган хүн амь насаа алдахад Тахти ард түмэндээ туслахаар хамгийн түрүүнд ирсэн юм. Тэр Тегераны гудамжаар хохирогчдод хандив өргөхийг уриалан явж байлаа. Бусад аваргуудад ч мөн адил өөрийн жишээгээр хандив өргөхийг хүссэний дагуу маш их мөнгө цуглуулж чадсан юм.
Нэг удаа Тахти Москвад болсон тэмцээнд ЗХУ-ын дэлхийн аварга Анатолий Албулыг ялжээ. Албулын ээж сэтгэлээр унасан байхыг хараад очиж, “Надад харамсалтай байна. Гэхдээ хүү чинь агуу бөх” гэж хэлсэн гэдэг. Албулын ээж энэ үгийг сонсоод тайтгарч, Тахтиг үнсэн, амжилт ерөөж байлаа.
Мөн ЗХУ-ын Александр Медведьтэй чухал тэмцээнд таарч барилдахдаа жинхэнэ эр хүний чанар гаргасан байдаг. Медведь барилдааны өмнө баруун өвдгөө гэмтээсэн байлаа. Үүнийг мэдэж байсан Тахти гэмтэлтэй хөл рүү нь огт дайрсангүй. Ингээд эцэст нь Медведид ялагдсан ч тамирчин хүний ёс суртахууныг харуулаад тэр дэвжээнээс буусан юм. Тахтиг хүндэлдэг Медведь олон жилийн турш Тегеран хот дахь Тахтигийн булшийг эргэж, цэцэг өргөдөг байжээ.
1968 оны нэгдүгээр сарын 7-нд Тахти зочид буудалд амьсгал хураасан байхыг буудлын ажилтнууд олсон юм. Ираны Засгийн газраас түүнийг амиа хорлосон гэж албан ёсоор зарласан ч ард түмэн итгээгүй. Дарангуйлагч засгийн эсрэг тэмцсэн түүнийг Ираны нууц цагдаагийн алба хороосон гэж одоо болтол ярьсаар байдаг.
Ираны ард түмэн үндэсний баатраа Тегераны өмнөд хэсгийн оршуулгын газарт хүндэтгэлтэйгээр оршуулсан. Одоо ч тэнд спорт сонирхогчид цуглан, агуу бөхөд хүндэтгэл үзүүлсээр байгаа. Тахтигийн төрсөн өдөр болох наймдугаар сарын 27-ныг “Ираны үндэсний бөхийн өдөр” болгон тэмдэглэж, “Тахтигийн Цом” нэртэй олон улсын тэмцээн зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Sain er baijee