АНУ-ын “The New York Times” сонин ням гарагийн дугаарынхаа эхний нүүрэнд коронавирусний халдварын улмаас хорвоог орхисон мянган хүний нэрсийг, эмгэнэлийн үгийн хамтаар нийтэлжээ.
Нийтлэл, гэрэл зураг, графикийн оронд коровирусийн амийг нь авч одсон хүмүүсийн нэр бүхий гунигтай урт жагсаалтыг АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо удахгүй 100 мянгад хүрэх тэр өдрийг сэрэмжлүүлэн нийтэлжээ.
Тус сонины хамт олон АНУ-ын янз бүрийн хотод гардаг олон зуун сониныг судалсны үндсэн дээр хэвлэлд үхлийнх нь талаар мэдээлсэн мянган хүний жагсаалтыг гаргасан байна.
Ингэхдээ “The New York Times” тэдэнд зориулсан эмгэнэлээс тухайн хүний давтагдашгүй зан чанарын тухай үг хэллэг авч, хэдэн насандаа, хаана нас барсныг нь бичжээ.
“The New York Times” сонины редактор Марк Лэйси "100 жилийн дараа хүмүүс үүнийг хараад коронавирусний цар тахал ямар их гарз учруулсныг ойлгохыг хүсэж байна" гэж энэ санаачилгын зорилгыг тайлбарлажээ.
“The New York Times” сонины дизайн хариуцсан захирал Том Бодкины хэлснээр, сүүлийн 40 жилд тус сонины эхний нүүр ямар нэгэн зураггүй гарч байгаа анхны тохиолдол бөгөөд “Энэ бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш. Энэ бол бид байсан юм” гэж дэд гарчигтаа бичжээ.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад 1.6 сая гаруй хүн халдвар авснаас 97 мянга гаруй хүн нас баржээ.
Даваа гарагт (2020.05.25) АНУ Дурсгалын өдрийг тэмдэглэнэ. Энэ өдөр бүх цаг үед дайны талбарт амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг.
Сэтгэгдэл ( 0 )