Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй өөд болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй, Британийн иргэн Роберт Уэйтон 112 насандаа мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр Испанийн томуу, дэлхийн хоёр дайныг туулсан нэгэн. Тэрээр хорт хавдраар шаналж байжээ.

Уйэтон 112 насныхаа төрсөн өдрийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд тэмдэглэж, дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй гэх өргөмжлөлийг хоёр орчим сарын турш хүртжээ. Гуравдугаар сарын 31-нд түүнийг Дэлхийн дээд амжилтын Гиннесийн ном бүртгэжээ.

Тэрээр “дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй” өргөмжлөлийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд 112 нас 355 хоногтойдоо насан өөд болсон Японы иргэн Титэцү Ватанабэгээс буухиалан авчээ. Роберт Уэйтон хүүхэд байхдаа бусдын адил гахайн хавдар, улаан бурхнаар өвдөж, Испанийн томуу, дэлхийн хоёр дайны нүүр үзэж, хумхаа өвчнийг ялан дийлж, 2-3 мэс ажилбарыг амжилттай давжээ. Инженер мэргэжилтэй Уэйтон Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн онгоцны үйлдвэрт ажиллаж байжээ. Тэрээр нас эцэс болтлоо тоглоомон салхин тээрэм урлаж 50 ам.доллароор борлуулж, олсон орлогоо буяны үйлст хандивладаг байсан гэнэ.

Харин дэлхий дээрх хамгийн өндөр настай хүнээр Японы иргэн /эмэгтэй/ Канэ Танака тооцогддог. Тэрбээр 116 насыг зоогложээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top