Таргалалт нь өндөр настай хүмүүсийн тархины үйл ажиллагаанд онц муугаар нөлөөлж, зөнөглөх өвчин тусах эрсдэлийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлдэг болохыг Британийн эмч нар тогтоожээ.
Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтдийн үзэж буйгаар ирэх 100 жилд тэнэгрэх өвчин /деменция/ хүн төрөлхтний хамгийн том асуудлын нэг болж, дэлхийн хүн бүрд эрүүл, чанартай хөгшрөхөд заналхийлэх гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Альцхеймерийн өвчин зэрэг өндөр насанд тохиодог зөнөглөх, тэнэгрэх зэрэг өвчнөөр өдгөө 50 сая хүн шаналж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 75 сая болж, өсөх магадлалтай байна. Зүрхний шигдээс, цус харвалттай зэрэгцэн энэ төрлийн өвчин хөгжингүй орнуудад нас баралтын гол шалтгаануудын нэг болжээ. Олон жилийн туршид эрдэмтэд тэнэгрэх өвчний шалтгааныг судалж байна. Тэдний ажигласнаар, буруу хооллолт, хортой зуршил, амьдралын идэвхгүй хэв маяг ийм өвчин үүсэхэд нөлөөлдөг бол спортоор хичээллэх, оюун ухааны дасгал хийх зэрэг нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг ихээхэн бууруулдаг байна.
Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Эндрю Стептогийн онцолсноор, зөнөглөх, тэнэгрэх өвчний бас нэг шалтгааныг тогтоосон нь биеийн жингийн индекстэй холбоотой ба энэ нь таргалалт. Одоогоор эрдэмтэд өөхний эс тэнгэрэх өвчин үүсэх явцыг хэрхэн түргэтгэдгийг тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа ч эдгээр эс төрөл бүрийн дохионы молекулыг бий болгох, цусны даралтыг нэмэгдүүлэх замаар нөлөөлдөг байж болзошгүй гэж таамаглаж байна. Тиймээс энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлэн хийх аж.
Сэтгэгдэл ( 0 )