Альцгеймерын өвчинтэй тэмцэх олон улсын байгууллагын санаачилгаар 1994 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 21-нд Альцгеймерын өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэдэг.
Анх энэ өвчнийг тодорхойлсон Германы Алоис Альцгеймерын нэрээр нэрлэгдсэн энэ өвчин нь зөнөглөлийн бусад төрлөөс тархины бүрхүүл илүү голомтлон хатангиршсанаас үүдэлтэй ой санамж алдагдаж, бүрэн тэнэгрэх өвчин юм.
Статистик мэдээллээс үзвэл, энэ онош тавьснаас хойш хүн долоо орчим жил амьд явдаг ба дөнгөж гурван хувь нь 14 жил амьдардаг байна.
Альцгеймерын өвчинтэй тэмцэх олон улсын байгууллагын мэдээллээр, дэлхийд гурван секунд тутам Альцгеймерын өвчний шинэ тохиолдол бүртгэгддэг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд ийм оноштой 50 сая орчим өвчтөн байдгаас 60 орчим хувь нь бага ба дунд орлоготой улс орнуудад амьдардаг. Тэнэгрэх өвчний 60-70 хувийнх нь шалтгаан нь Альцгеймерын өвчин болдог байна. Жилд 10 сая шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд 60-аас дээш насны 100 хүн тутмын 5-8 нь тэнэгрэх өвчин тусдаг гэсэн судалгаа байдаг аж. Түүнчлэн, судалгаанаас үзвэл 2030 онд тэнэгрэл өвчинтэй хүний нийт тоо 82 сая, 2050 онд 152 саяд хүрэх тооцоо гарчээ.
65-аас доош насны нэг мянган хүн тутам нэгт тэнэгрэх өвчин тохиодог бол 65-аас дээш насны 20 хүн тутамд нэг, 80-аас дээш насны таван хүн тутмын нэг энэ өвчинд нэрвэгддэг байна.
Альцгеймерын өвчний эрт үе 40 наснаас хойш илэрдэг ба энэ нь удамшилтай холбоотой аж. Эмэгтэйчүүдийн энэ өвчнөөр өвчлөх эрсдэл эрчүүдийг бодвол 6-10 дахин өндөр байдаг гэнэ.
Эрдэмтэд бета-амилоид уураг тархины эсийг гэмтээхэд нөлөөлдөг гэж үздэг бол зарим нь тау уургийн бүтэц гэмтсэнээс өвчтөний тархинд уургийн бөөгнөрөл бий болсноос үүдэлтэй гэсэн таамаг бий. Мөн удамшлын хүчин зүйл нөлөөлдгийг үгүйсгэдэггүй байна. Альцгеймер өвчний шалтгааныг эрдэмтэд өнөө хэр тогтоож чадаагүй тул түүний эсрэг эм, бэлдмэлийг гаргаж авч чадаагүй л байна. Орчин цагийн эмчилгээ зөвхөн шинж тэмдгийн эсрэг чиглэсэн бөгөөд өвчнийг зогсоох, удаашруулж чаддаггүй байна. Нэгэнт Альцгеймерын өвчнийг эрт үед нь оношлоход хүндрэлтэй тул урьдчилан сэргийлэх арга тун дулимаг байдаг. Өндөр настнуудад тэнэгрэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийг тулд нийгмийн идэвхтэй байх, сайн унтаж, амрах, янз бүрийн дугуйланд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Агаарт алхах, биеийн тамираар хичээллэх, бага зэргийн биеийн ачаалал, ном унших зэрэг нь ой санамж муудах үйл явцыг удаашруулдаг. Согтууруулах ундаа, нойрны болон тайвшруулах эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэх нь нас ахихын хэрээр ой санамжийг муутгадаг аж.
Энэ өвчнөөр АНУ-ын Ерөнхийлөгч агсан Роналд Рейган, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер, хунтайж Чарльз, жүжигчин Шон Коннери, Робин Уиальмз, зохиолч Терри Пратчетт зэрэг алдартнууд оношлогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
альцгеймерийн өвчний шалтгаан нь; өөх тостой хоол бага хэрэглэх, хөнгөнцагаан сав суулганд хүнс бэлтгэх, хүнд металл агуулсан вакцин их тариулах гэж уншсан