ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Өнөөдөр 2020.06.25. Энэ оны 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Филиппинд Мод тарих өдөр тохиож байгаа бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Статистикийн ажилтнуудын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Карли Саймон, Казахстан, Оросын кино найруулагч Тимур Бекмамбетов, Испанийн жүжигчин Эмма Суарес, Канадын рок хөгжимчин Майк Крюгер, Америкийн жүжигчин Линда Карделлини, Оросын шатарчин, дэлхийн аварга Владимир Крамник, теннисчин Михаил Южный зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1935 оны энэ өдөр Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.

1945 оны энэ өдөр Кремльд болсон Ялалтын баярын жагсаалд оролцогчдын хүлээн авалт дээр Сталин “Оросын ард түмний төлөө” хэмээн хундаганы үг хэлж байв.

1950 оны энэ өдөр Солонгосын дайн эхэлжээ.

1957 оны энэ өдөр “нисдэг таваг” тоглоом зохион бүтээгдсэн байна.

1959 оны энэ өдөр Москвад Америкийн үндэсний үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчлав.

1971 оны энэ өдөр Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон талаар мэдээлж байжээ.

1975 оны энэ өдөр Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.

1991 оны энэ өдөр Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.

2009 оны энэ өдөр БНХАУ-ын засаг захиргаа “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.

Өнөөдөр үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна гэжээ.

Энэ өдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top