...Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь үхэх хүний гуйлга...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Чинагийн Галсан

1943 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан суманд төржээ.

Герман, орос, англи, казах, тува хэлтэй. Чинагийн Галсангийн "Тува тууж /1981/, "Арван долоо дахь хоног" /1992/, "Дуу чилэх цаг" /1993/, "Хөх тэнгэр сонсож бай" /1994/ зэрэг 17 ном бичсэн нь немц, испани, англи, франц, япон баск хэлүүдээр орчуулагдан хэвлэгдэж гарсан байна. 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн. 1992 онд Баварын урлагийн академи, Мюнхений их сургууль, Бошийн сангаас утга зохиолд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог Адельберт Фон Шамиссогийн шагнал, 1995 онд сүүлийн 3 жил гарсан шилдэг номд олгодог Пуххаймын уншигчийн нэрэмжит шагналыг "Дуу амрах цагаар" туужаараа тус тус хүртжээ.

 

Эх

Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрөхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм гэж бодож байхад, нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм гэж бодох мэт. Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ. Дожид эмнэлгийн хаалганы хүйтэн төмөр бариулд гар хүрэхдээ агзасхийтэл жихүүцэн, бас л ийм хатуу, цэвдэг үг дуулах байх даа гэж зүрх алдан бодсон нь оносонгүй, Бүжин түүнийг хонзон хорслын ул мөр ч үгүй ухаалаг талбиун харц, уянгалаг зөөлөн дуугаар угтжээ. Биеийнх нь байдлыг лавласан асуултад билгийг хичээсэн цөөн үгээр тойруулсхийн хариулснаа шууд л ярьж гарсныг бодоход үгээ эртнээс цэгцэлчихээд хадгалж байсан нь илт. "Хоёр бие, хоёр гэрийг маань холдуулавч бас холбож явсан хүнийг ядахдаа үгүй болсны дараа би чамтай уулзаж цайралцах хэрэгтэй байж. Даанч богино ухаантай төрсөн хойно яая гэхэв. Харин сая л ойлголоо. Үрийн маань эцэг, миний жаргааж чадаагүй тэр хүнийг жаргаасны чинь төлөө би чиний өртөн явжээ. Тэр өрөө чамд би төлөхөөс одоо нэгэнт хожимджээ. Гэхдээ хүү чинь л миний төлөөнөөс төлөхийг ч хэн байг гэхэв" гэхэд нь Дожидын нүүрнээс гал бутрах шиг боллоо. Хөлд нь нүүрээ нааж байгаад: "Үгүй дээ, Бүжин минь, үгүй! Би л чамд төлж баршгүй их өртэй. Харин хүүд чинь л төлөхийг хичээе" гэж хэлмээр байсан ч дуугаръя гэтэл хоолой нь тагларч, хөдөлье гэтэл бие нь хөшиж орхиод яаж ч болсонгүй. Бүжин хүүгийнхээ тухай ярьсан нь, аашаараа ч эцгийгээ өвчсөн, гаднаасаа донгиодуу юм шиг харагдах атал цаанаа юм юмыг айхтар лав тусгаж авдаг, эмзэг, эрх дураараа амьтан бололтой. Зун ч, өвөл ч цайг халуунаар нь уудаггүй, заавал зайлж хөргөөд аль гэдэг, шүүрхийдүү чанасан булчин маханд дуртай, дэргүй, харин хөлийнхөө уланд дэр шиг юм хийж унтдаг, бас хөмсөг Зумбын бага охинтой тоглож өссөн, хоорондоо ивээл жилтэй юмсан гэнэ. Энэ бүхнийг ярихад хэдхэн хором л оржээ. Дараа нь эмч ирж Дожидыг гаргав. Энэ бол хавар  болсон хэрэг. Намар нь Бүжингийн хүү Ангир цэргээс халагдав. Тэрээр ээжийнхээ өнгөрснийг дуулсан, хэдэн мал, гэр орныхоо учрыг олчихоод буцна гэсэн яриатай иржээ. Хаана, хэнийд байхаа ч мэдэхгүй, дотроо гайхазнавч "Танайд хэд хоноё" гэж цуг алба хаасан нөхдөдөө хэлж нэг л зүрхлэхгүй шаналж явжээ. Харин сумын төвд буутал Дожид гуайн хүү: "Ангиа ах аа!" гэсээр тосон гүйгээд ирэв. Цэрэгт явахаас өмнө ах дүүсэх нь бүү хэл, хоёр биеэрээ тулан уулзаж явсан нь үгүй, ер нь нутаг нугын олонх айлын хүүхдүүдийн л адил зүс мэдэхээс цаашгүй явжээ. Гэтэл одоо тийнхүү ахайлж дуудсаар хүрээд ирсэнд тэвдэвч, ёсыг бодон ах настайгийн хувьд тосон золгож зулайгий нь үнэрлэжээ. Тэгээд өөрийг нь авахаар хөтөлгөө морьтой ирснийг дуулахдаа баярласан гэж тоймгүй. Уяан дээр буутал Дожид гуай гэрээс гарч санд мэнд гүйсээр ирж хоёр хацрыг нь үнсэн угтав. Тэгээд гэрт орж аян замынхаа тоос, хөлсийг дөнгөж нимгэлтэл тэрээр тогоонд оргиж байсан цайнаасаа шанагыг тасалж саалийн хувинд хэд зайлснаа: "Ам нь цангаа биз, бяцхан зөөгтүүлчихлээ" гэсээр аягалан барив. Дараа нь дэргэдэх гол дээр очиж усанд орчихоод ирвэл ч хоол ч бэлэн болжээ. Тэр нь шаант, богтос оролцсон хэдэн бүхэл мах, огтлоод орхивол бор шүүс урсаж байна. Үүнийг харсан дүү нь "Олигтойхон болгочихгүй дээ!" гээд ээж рүүгээ хяламхийсэнд цаадах нь "Шүдтэй таанууст шүүстэй нь дээр биз" гэсхийж өнгөрөв. Орой унтах цаг болоход Дожид: "Энэ пүрштэй оронд дэртэй хэвтвэл хүүхдийн сээр нуруу чилчихвий. Харин нойрондоо төмөр өшиглөчихөж мэдэшгүй, уланд нь жийрэг ивчихье" гэсээр орыг нь засч өгөв. Хэвтсэн хойноо бодоод үзвэл энэ өдрийн явдал Ангирт зүүд юм шиг санагджээ. Нутаг ус нь мөн атал гэр нь биш, гэтэл гэр нь биш атал ор нь мөн юм шиг, бас ээж нь үгүй юм шиг атал, өөрийнх нь төлөө хэлж, хийдэг үг, үйлс нь үлдчихээ юу гэмээр. Дожид гуайг ийм хүн гэж ер санасангүй. Ээж ч, бас энэ эгч ч хэн хэнээ чухам тийм хүн гэж мэдэхгүй байсан байх, эс тэгвэл хоёул хоорондоо дайсан байх байсан бий. Аав л харин хоёулангий нь таньж мэдээд тэр хоёрын, хоёр гэрийнхээ, дүү бид хоёрын хооронд яваад байсан юм болов уу..  Өглөө босоод ирвэл цоо шинэ малгай, дээл, бүс, гутал орных нь өмнө байж байна. Дожидын хэлэхийг сонсвол эзгүйд нь хийж тавиад сүүлчийн хэдэн утас шидээсийг сая л гүйцээжээ. "Үдээс хойш морь эмээллүүлж аваад нутгийнхаа айлуудаар орно уу даа, хүү минь. Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л байсан, дараа нь ажил явдалд нь ч явалцсан хүмүүсийн нэг дээ. Ганцаардвал дүүгээ дагуулж явна биз" гэнэ... Тэр намраас хойш хэдэн жил өнгөрчээ. Өчигдөрхөн зүүрмэг даан хөх ногооны униарт аниргүйхэн умбаж байсан Хээлэнт, Хайлант, Хүйлэнт гурван голын бэлчир өнөөдөр үхэр мал үзэгдэж, нэгэн гэр буув. Ангир ээжийнхийгээ нүүлгэн ирж зөөвөр тавьж байгаа нь тэр ажээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top