ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 07 сарын 03

Өнөөдөр 2020.07.03. Энэ оны 184 дэх өдөр бөгөөд он дуусахад 181 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа. 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Беларуст Тусгаар тогтнолын өдөр бол Виржинийн аралд Боолчлолоос чөлөөлөгдсөн өдөр, ОХУ-д Замын Цагдаагийн газрын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Финландын бүх цаг үеийн шилдэг хоккейч Теему Селянне, Америкийн жүжигчин Том Круз, Хятадын тулаанч, жүжигчин Боло Йен, Шведийн хүүхдийн зохиолч Гунилла Бергстрём, Америкийн сансрын нисэгч Харрисон Шмитт, мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри А.Уэльс Монголд албан ёсны бус айлчлал хийжээ. Тэрээр Москвагаас Бээжин орох замдаа Улаанбаатарт гурав хоносон ба хэлмэрчээр нь нэрт монголч эрдэмтэн О.Латтимор явжээ.

1950 оны энэ өдөр Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр зөвхөн албан хэрэгцээнд нэр төдий хэрэглэгдэж байсан кирилл үсгээр албан бүх хэргийг хөтлөхийг бүх яамд, албан газруудад үүрэг болгов.

1961 оны энэ өдөр МАХН-ын 14 дүгээр Их хурал болжээ. Хурлаар улсын ардын аж ахуй, соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1928 оны энэ өдөр анхны зурагт худалдаанд гарчээ. Үнэ нь 75 ам.доллар байв.

1948 оны энэ өдөр Албани улс Югославын иргэдийг улс орноосоо хөөн гаргасан байна.

1960 оны энэ өдөр Америкийн Конгресс Кубын элчин чихэрт хориг тавив.

2005 оны энэ өдөр Испанид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан баталжээ.

2013 оны энэ өдөр Египетэд цэргийнхэн төрийн эргэлт хийжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэжээ.

Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдаж авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top