ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 07 сарын 06

Өнөөдөр 2020.07.06. Энэ оны 187 дахь өдөр бөгөөд он дуусахад 178 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа. 20 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шарсан тахианы өдөр бол Литвад Төр засгийн өдөр, Перуд Багш нарын өдөр, Казахстанд Нийслэл хотын өдөр тохиож байна.

Энэ өдөр Италийн жүжигчин Антонелла Луальди, 14 дүгээр далай лам, Нобелийн энх тайвны шагналт Тэнзин Гьяцо, Америкийн жүжигчин Нед Битти, Сильвестр Сталлоне, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, Францын жүжигчин Натали Бай, Австралийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жеффри Раш, Америкийн рэппер 50 Cent зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921: Ардын журамт цэрэг, улаан Орос цэргийн хамтаар нийслэл хүрээнд орж иржээ.

1940: БНМАУ-ын 23 дугаар Бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, Ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

1960: БНМАУ-ын Ардын Их хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ Үндсэн хууль батлав. Энэ нь хувьсгалаас хойш баталсан гурав дахь Үндсэн хууль юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэжээ.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top