ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 07 сарын 07

Өнөөдөр 2020.07.07. Энэ оны 188 дахь өдөр бөгөөд он дуусахад 177 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа. 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 16 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн шоколадны өдөр. Мөн Соломоны арлуудад Тусгаар тогтнолын өдөр, Танзанид Хөдөө аж ахуйн өдөр, Хойд Осетод Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн бөмбөрчин, «The Beatles»-ийн гишүүн Ринго Старр, Италийн дуучин, хөгжмийн зохиолч Тото Кутуньо, Америкийн жүжигчин Шелли Дюваль, Францын жүжигчин Беренис Бежо, Аргентины жүжигчин, бүжигчин ихрүүд Мартин болон Факундо Ломбард, Америкийн уран гулгагч, дэлхийн таван удаагийн аварга Мишель Кван зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Улсын ажилчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурал хуралджээ.

1970 оны энэ өдөр БНМАУ, Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971 оны энэ өдөр Шведийн алдарт «ABBA» хамтлагийн гишүүн Бьёрн Ульвеус, Агнета Фэльтскуг нарын хурим болжээ.

1989 оны энэ өдөр Бухарестад болсон хуралдаан дээр Михаил Горбачёв социалист улсууд өөрсдийн замаараа хөгжих эрхтэй гэж мэдэгдэв.

1997 оны энэ өдөр Төв Европт хохирол дагуулсан үер болжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэжээ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр сүм дуган сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top