ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Өнөөдөр 2020.07.09. Энэ оны 190 дэх өдөр бөгөөд он дуусахад 175 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа. 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 11 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Камбожид Мод тарих өдөр бол Өмнөд Суданд Тусгаар тогтнолын баяр, Австралид Үндсэн хуулийн өдөр, Палауд Үндсэн хуулийн өдөр, Мороккод Эзэн хаан Хасаны дурсгалыг хүндэтгэх өдөр, Азербайжанд Дипломат албаны баяр, Аргентинд Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Кортни Лав, Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Английн зураач Дэвид Хокни, Америкийн зохиолч Дин Кунц, Японы дуучин Күсанаги Цүёоши зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1966 оны долоодугаар сарын 9-12-нд Улаанбаатар хот орчимд их үер болжээ. Үерийн улмаас улсад 155.4 сая төгрөгийн хохирол учрав.

1973 оны энэ өдөр Сонгинод Биокомбинатыг ашиглалтад оруулжээ.

1996 оны энэ өдөр Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 10 гаруй голомтод 2500 орчим хүн хавьтал авч, 170-аад хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.

2013 оны энэ өдөр “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүлжээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр АНУ-ын Жонни Вайсмюллер 100м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 58.6 секунд болгон тогтоож, анх удаа нэг минутаас бага хугацаа зарцуулжээ.

1957 оны энэ өдөр Менделеевийн үелэх системийн 102 дахь элемент болох нобелийг нээсэн байна.

1982 оны энэ өдөр CANON компани дэлхийн анхны автомат аппарат “SNAPPY 50”-ийг худалдаанд гаргажээ.

1991 оны энэ өдөр ОУОХ-ноос арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас хасагдаад байсан Өмнөд Африкийн БНУ-ын гишүүнчлэлийг сэргээв.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэжээ.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, мал, адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top