Н.Цогбадрах: Хөл хорионы үед Тарвага агнахгүй, тарваганы ичээ, дошноос хол байх хэрэгтэй

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Олон улсын хөл хориот байгалийн гоц халдварт өвчин болох тарваган тахлын тохиолдол цөөнгүй аймагт бүртгэгдэж хөл хорио тогтоогоод байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, дэд профессор Н.Цогбадрахтай ярилцлаа.


-Тарваган тахлын тохиолдол илэрч хүний амь нас эрсдээд байна. Хоёр өвчтөнд эмчилгээ хийж байгаа гэсэн. Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Эхний тохиолдлоос эхлээд ярья. Ховд аймгийн Цэцэг суманд зургадугаар сарын 23-ны өдөр хоёр тарвага агнаж идсэн ах дүү хоёр тарваган тахлын булчирхай хэлбэрээр өвдөөд, амьсгалын замаар халддаг маш аюултай хэлбэрээр хүндэрсэн. Хориотой ан хийсэн учраас өөрсдөө нуусан. Нууснаасаа болоод эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авч, мөн сумын эмнэлэгтээ очоод хэлээгүй учир эмч, сувилагчид бүгд ойрын хавьтлын хүмүүс болсон. Ийм иргэний хариуцлагагүй байдлаас болж өөрсдөө амь насаа алдах шахлаа. Одоогоор 27 настай эрэгтэйд эмчилгээ хийж байна, 16 настай эрэгтэйн шинжилгээ гурван удаа сөрөг гарсан учраас тусгаарлалтад шилжчихсэн байна.

Мэдээж, эмчилгээний хувьд хамгийн чухал нь өвчтөнийг яаралтай тусгаарлаад, сорьц авж лабораторид шинжлээд дараа нь антибиотикийн эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, зүрх судас, амьсгалыг нь дэмжих өвчин намдаах эмчилгээнүүдийг хийсэн. Нэгдүгээр хавьтлыг шуурхай олж тогтоож, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан байгаа. Мөн хөл хорио тогтоосон. Үүнд, манай ЗӨСҮТ-өөс мэргэжлийн баг, лабораторийн тоног төхөөрөмжтэйгөө очиж өдөрт нь түргэн шуурхай шинжилгээний хариуг нь гаргасан. Аймгийн онцгой комисс, хүн эмнэлэг гэх мэт олон хүн өдөр шөнөгүй тахалтай тэмцэн өндөржүүлсэн бэлэн байдалд хорь гаруй хоногийн хугацаанд маш их зардал гарган ажилласнаар голомтыг таслан зогсоож чадлаа. Дараагийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн. Нууснаасаа болж бие нь муудаж эмнэлгийн түргэн тусламж авч амжилгүй замдаа амьсгал хураасан эмгэнэлтэй тохиолдол болсон. Энэ бол тарваган тахлын үжил хэлбэр байсан. Үүний нэгдүгээр хавьтлын 15 хүнийг яаралтай тогтоож урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулсны үр дүнд нэмж хүн өвдсөнгүй. Одоогоор хөл хориог цуцалсан байна.

 -Тарваган тахал гэдэг өвчин тарваганд үргэлж байдаг өвчин үү, аль эсвэл хүчтэй гарч ирдэг зүй тогтол байна уу?

 -Тарваган тахал бол хоруу чанартай нянгаар үүсгэгддэг булчирхай, ходоод гэдэс, амьсгалын зам гээд олон хэлбэрээр өвчлүүлдэг. Нас барах эрсдэл өндөр аюултай өвчин. Тарваган тахлын түүхэнд XIII, XVIII зуунуудад 100-150 сая хүн эндэж байсан. Өөрөөр хэлбэл коронавирусээс ч илүү аюулыг тухайн үедээ тарьж байсан. Энэ өвчний голомт байгаль дээр мэрэгч амьтдын дунд хадгалагдаад байгаа учраас өвчлөл гараад байгаа гэсэн үг л дээ. Монгол орны 17 аймгийн 137 суманд одоогоор тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна. Ерөнхийдөө Хангай хээрийн бүс, тэр дундаа Баруун бүсэд илүү голомтлож байна. Тэгэхээр энэ өвчин ичдэг амьтдад голцуу байна. Тухайлбал, тарвага, зурам мэрэгч амьтдад, тэдний бөөс бүүрэгээр дамжиж халдварлаж байна. Хүн агнасан тохиолдолд тарвагыг идэхдээ гараа эсгэх, түүхий болгож идэх, бүүрэгэнд нь хазуулах, нохойд хазуулчихсан амьсгал хураагаагүй байхад нь барьж үзвэл шууд амьсгалын замаар хүчтэй өвдөх гэх мэт өвчлөх үйл явц нь маш хурдан. 2017 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль дээр байгаа мэрэгч амьтдын дунд тарваган тахлын голомт маш идэвхтэй байна гэж үзээд агнахыг 100 хувь хориглосон байгаа. Гэтэл дөнгөж дөрөвдүгээр сард ичээнээсээ гарангуут нь агнаж хүнсэнд хэрэглэснээс болж өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Агначихаад тэрийгээ хөлдөөж хүйтний улиралд ч хэрэглэж байна. Цахим хуудсандаа хийгээд л, арслан бар агначихсан юм шиг найз нөхдөө дайлаад л. Эдгээр үйлдлүүд эрсдэлийг улам бүр нэмээд байна.

-Бүртгэгдсэн тохиолдлууд халдварыг ямар хэлбэрээр авсан байсан бэ?

-Хуучны үед булчирхайн хэлбэр их зонхилдог байсан. Одоо бол бүх хэлбэр гарч байна. Энэ дотроос ард иргэдийн дунд байдаг тарваганы түүхий мах эрүүл мэндэд сайн гэсэн буруу ойлголт хамгийн их байна. Үүнээсээ болоод үжил хэлбэрээр нас барж байгаа тохиолдол маш их байна. Өмнө жил Баян-Өлгий аймагт эхнэр нөхөр хоёр тарваганы түүхий бөөр залгиснаас болж газар дээрээ нас барсан тохиолдол байгаа. Тэрний урд жил Хөвсгөл аймагт аялж явсан иргэн түүхий элэг идсэнээс болж тэндээ нас барсан. Тэгэхээр үжил хэлбэр их гарч байна. Саяын гарсан тохиолдлуудаас ажиглахад нууж дарснаас болоод уушгины хэлбэрээр хүндэрсэн байна.

-Үнэхээр тарваганы түүхий эрхтэн хүний эрүүл мэндэд сайн гэж үү?

 -Шинжлэх ухаанаар баталчихсан зүйл огт байхгүй. Ер нь амьтны гаралтай түүхий эдийг уламжлалт анагаах ухаанд эмийн бодсинд оруулж хэрэглэдэг. Мэргэжлийн анчин харж байж цовоо сэргэлэн, эрүүлийг нь агнаж түүнийгээ эмчилгээнд хэрэглэхийн тулд хатааж шинжилж, хуурайшуулж номхотгоод эмэнд оруулж хольж хэрэглэдэг байна. Тэгэхэд одоо үед хамгийн өвчилсөн байх магадлалтай удаан хөдөлгөөнтэйг нь агначхаад шууд түүхийгээр нь элэг бөөрийг нь залгиж байна. Энэ маш буруу ойлголт.

-Тарваганы мах идсэн, ойртсон хүмүүс одоо маш түгшүүртэй байгаа байх. Тэдгээр хүмүүс хамгийн эхэнд юу хийх хэрэгтэй вэ?

 -Хэрэв халуурсан, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол заавал тусгаарлах хэрэгтэй. Гэрт байвал гэрийнхээ аль нэг хэсэгт нь, байшинд бол тусгай өрөөнд амны хаалттай тусгаарлаад, гэр бүл дотроосоо биш өөр хүмүүсээр дамжуулж, аль эсвэл утсаар эмнэлгийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Хамгийн гол нь тарвага идчихсэн гэдгээ нуухгүй хэлбэл эрт оношлогдоно, эрт эмчлэгдэнэ. Хувь хүмүүс бол амны хаалтаа заавал зүүх ёстой. Өвчилсөн хүмүүсийн хэрэглэсэн аяга таваг, тарваганы сэг зэм, идээд хаячихсан яс зэрэгтэй ойр байж болохгүй.

 -Тарваган тахлын шинж тэмдэг хэдий хугацаанд илрэх үү?

-Нууц үе нь хэдхэн цагаас зургаахан хоног байдаг. Ковид-19 бол дэлхий дахинд 14 хоног гээд дундажтай байна. Түүний хажууд энэ тахал бол богино хугацаанд асуудал нь сайнаар эсвэл муугаар шийдэгддэг ийм аюултай өвчин.

-Говь-Алтай аймагт нас барсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс тусгаарлалтаас гарчихсан гэж ойлгож болох уу?

 -Тэр хүмүүсээс бүгдээс нь шинжилгээ авсан. Хамтарч идсэн гурван залуу байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэдгээр хүмүүст бүгдэд нь эм уулгаад, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор тусгаарлалтаас гарсан.

-Дэлхийн хөгжингүй орнууд энэ олон улсын хөл хориот өвчнөөс яаж сэргийлж байгаа вэ?

-Бусад орнуудын хувьд манайх шиг ан амьтан ихтэй, хангай хээр нутаг өргөн дэлгэр биш. Тэгэхээр ихэнх дамжуулагч нь харх. Хархыг устгах, орон байрандаа цэвэр цэмцгэр, дотогшоо орсон нүх сүвийг бөглөх тал дээр анхаарч байна.

-Зоонозын халдварт өвчнүүдээс сэргийлэхийн тулд Засгийн газраас үзүүлж байгаа хангамж хүрэлцээтэй байгаа юу?

-Байгууллагууд өөрсдөө төсвөө хийдэг. 100 хувь хангалттай сайн биш байгаа. Онцгой нөхцөл байдлын үед ч гэсэн бэлэн сан алга. Тодорхой хэмжээнд байгууллагууд өөрсдөө удирдлагын түвшин, чадвараас шалтгаалаад жил бүр нөөцөө бэлдсэн байдаг. Нөөцөөрөө шуурхай үед ажиллана, бусдыг нь улсаас нэмэлт төсөв гаргаж явдаг. Энэ жилээс эхлэн нийгэм, эрүүл мэндийн ноцтой байдал гарсан үеийн нөөцийг бүрдүүлэх тал дээр Эрүүл мэндийн яам онцгой анхаарч байна. Жишээ нь, манай ЗӨСҮТ-ийн хашаанд Эрүүл мэндийн яамны харьяанд байх нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэглэх хамгаалах хувцас хэрэглэл, ариутгалын бодис, тарианы нөөцийн агуулах барих гэж байна. Тодорхой арга хэмжээнүүдийг гарсан нөхцөл байдалтай холбогдуулан авч эхэлж байна.

-Тарваган тахлыг Ковид-19 цар тахлаас аюултай гэж үзэж болох уу?

-Аливаа өвчлөлийг хооронд нь харьцуулна гэдэг учир дутагдалтай юм. Яаж өвчлөл гарсан байна гэдгээсээ хамаарна. Ковид-19 бол амьсгалын замаар учраас хайхрамжгүй, хариуцлагагүй байх юм бол мэдээгүй байхдаа тусаад байна. Харин тарваган тахлыг иргэд өөрсдөө очиж тарвагыг агнаж тусч байна. Гэхдээ ковид ч мөн анх сарьсан багваахайг идсэнээс болсон байгаа. Тарваган тахлын нэг аюултай юм нь нууц үеийн хугацаа маш богино учир нэг дор амьсгалын замаар олон хүн халдвар авчихвал эрүүл мэндийн байгууллага шинжлээд эмчлэх хооронд эндэгдэл гардаг аюултай. Ковид-19 бол өвчлөлийн хугацаа нь арай урт учир эмчлэгдэх хугацаа өгөөд байна гэж ойлгож байна.

-Хэрэв тарваган тахалтай хүн, хүн ам шигүү аймаг хотын бүсд орж ирвэл тархахдаа маш хурдан юм байна, тийм үү?

 -Тэгэлгүй яах вэ. Эрсдэл өндөр. Машинд өвчтэй хүн орж ирлээ гэхэд машинд байсан хүмүүс бүгд л өвдөнө.

 -Эрсдэл гаргахгүйн тулд иргэдэд хандаж урьдчилан сэргийлэх зөвлөгөө хэлбэл?

-Хамгийн гол нь агнахгүй байх. Ойртохгүй байх. Тарваганы ичээ, дошны ойролцоо хэвтэхгүй байх ёстой. Ингэвэл өвчний эх уурхайгаас хол байж чадаж байна. Мэдээж, тарваганы мах идэхгүй байх ёстой, мөн тарваган тахлын вакцин хийлгэх ёстой. Мөнгө олох зорилгоор тарвага агнаж байгаа хүмүүсийг мэдээлэх хэрэгтэй. Тийм учраас эрсдэл бага байлгаж, таслан зогсоохын тулд иргэн бүрийн оролцоо чухал байна.

Ярилцсан: А.ЗОЛЗАЯА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (43.228.129.86) 2020 оны 07 сарын 22

тийм шүү, тарваган тахлын аюулыг тоохгүй байна

0  |  0
Зочин (43.228.129.86) 2020 оны 07 сарын 22

сайхан ярилцлага болжээ \n

0  |  0
Top