ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 08 сарын 05

Өнөөдөр 2020.08.05. Энэ оны 218 дахь өдөр бөгөөд он дуусахад 148 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа. 20 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 13 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Буркина Фасод Тусгаар тогтнолын өдөр бол Хорватад Ялалтын, Иранд Исламын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ЗХУ-ын Ардын жүжигчин Владимир Федосеев, Бразилын     алдартай цохилтот хөгжимчин Аирто Морейра, Оросын жүжигчин Наталья Лапина, Францын улстөрч Марин Ле Пен, Латвийн Ерөнхий сайд асан Валдис Домбровскис, Зөвлөлт, Армяны хөл бөмбөгч Роман Березовский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна. юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1967 оны энэ өдөр Ардын Энэтхэгт болсон бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мехико-1968” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат хүрэл медаль хүртэв. Энэ медаль Монголын спортын түүхэн дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1914 оны энэ өдөр АНУ-ын Кливлэндэд дэлхийн анхны цахилгаан гэрлэн дохиог суурилуулжээ.

1924 оны энэ өдөр Туркт олон эхнэр авахыг хориглов.

1939 оны энэ өдөр Халхын голын байлдаанд Оросын нисгэгч Михаил Ююкин дэлхийд анх удаагаа шатаж буй онгоцоор газарт буужээ.

1940 оны энэ өдөр Латви ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон байна.

1963 оны энэ өдөр Москвад ЗСБНХУ, АНУ болон Их Британийн төлөөлөгч нар агаар, сансар, усан доор цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ.

2016 оны энэ өдөр Рио-де-Жанейрод Зуны XXXI олимп нээлтээ хийж байлаа.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэжээ.

Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top