Уулзлаа, ээж ээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Энэ орчлонгоор дүүрэн “Ээж ээ” гэж хашгирвал ижий минь л ганцхан миний дууг танина байх даа...Ээж гэх хүн хүн бүрийн хувьд эрхэм. Гэхдээ бид заримдаа амьд бурхадаа мөнхийн юм шиг санаж, өөрсдийнхөө залуу идэр насыг үүрдийн юм шиг санаж хэтэрхий омголон байна уу даа. Ээжийгээ хэтэрхий өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэж, сайн, муу бүх зүйлд үрийнхээ төлөө дуугүй зүтгэдгийг нь далимдуулан “зарцална”... Элдвээр зовоож, хувиа хичээсэн зангаасаа болж ижийгээ гомдооно...Тэр ч бүү хэл эрхэлж зандарна.

Энэ бүхэнд өр зүрх нь хэчнээн өвдсөн ч үрээ гэх чин үнэнч хайраа хэзээ ч гээгээгүй, гээх ч үгүй амьд бурхад минь.

Миний ээж насаараа сувилагч хийж, эрүүл мэндийн салбарт нойртой, нойргүй зүтгэж яваа халх Монголын хатан ухаант эмэгтэй байдаг юм. Хүн ардаа асарч сувилахын эрхэм ухаанаар ажиллаж, ганцхан миний ч биш хүн ардынхаа ээж нь болж яваа таны минь гарын зөөлнийг, ааш аягийн сайхныг хүмүүс магтдагсан. Цэцгээ сувилагчаар тариагаа хийлгэхээр өвддөггүй юм гэж хэлэх олон ч хүнийг харсан даа. Бага нас минь таныгаа дагаж очдог байсан эм, тарианы үнэр ханхалсан эмнэлэг, тарианы өрөөнд өнгөрсөн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. Эмнэлгийн үнэр миний хувьд хамгийн дотно үнэр байдаг юм...

Тантайгаа хамт байхдаа найз нөхөд шиг хуучилж, нууцаа хуваалцаж суудаг өдрүүдийг үгүйлж байна ээж ээ. Ингэж суухдаа хайртай гэж хэлэх гээд зүрхэлдэггүй үгээ охин нь “Олон өнгө” булангаар дамжуулан илэрхийлэхийг хүслээ. Гомдоож, зовоож байсан бол уучлаарай ээж ээ. Тандаа МАШ ИХ ХАЙРТАЙ. Сар ч хүрэхгүй хугацааны дараа уулзлаа ээж ээ.

Бүүр ч холын газраас ч дуулданаа ээж ээ

Даанч удлаа гэлээ ч уулзанаа ээж ээ.

Таныхаа дэргэд цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг жиргэдэг охин нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top