ОХУ-ын анхны сүмоч Аврора хэмээх Михахановтой Спорт экспресс сонины сурвалжлагч Илья Андреев уулзан ярилцжээ.
Михаханов зодог тайлаад одоо төрөлх Буриаддаа амьдарч байна. 2018 онд тэр сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёс гүйцэтгэсэн. Орора Сатоши макүшита зиндаанд барилдаж байсан. Мэргэжлийн сүмогийн хамгийн хүнд бөх. Нэгдүгээр ангид байхдаа л тэр 100 кг жинтэй байлаа.
— Магэ үснээсээ салахад дахин барилдах эрхгүй гэсэн үг үү?
— Тиймээ, мэргэжлийн сүмогийн олон зуун жилийн уламжлалд үсээ авахуулсан бол эргээд ирэх зам байхгүй байдаг.
— Яагаад зодог тайлав? Та тийм ахмад хүн биш шүү дээ.
— Би 35 настайдаа зодог тайлсан. Мэргэжлийн спорт гэдэг амар зүйл биш. Сүмод бол бүр хэцүү. Намайг сүмод оруулсан багш Китаноүми 2015 онд нас барсан нь ч нөлөөллөө. Мөн нас ахиад өглөө эрт босох хүч чадал ч үгүй болсон. Залуу байхад эрт сэрэхэд тоохгүй байсан бол одоо үнэхээр хэцүү. Ихэнх сүмочид 33 орчим настайдаа зодог тайлдаг. Спортоор үүрд мөнх хичээллэж чадахгүй хойно эрт зодог тайлаад шинэ амьдрал эхлэх нь дээр.
— Та дээд тал нь хэдэн кг хүрч байв?
— 292,5 кг.
— 300 кг хүргэе гэж бодож байгаагүй юу?
— Бодож байсан. Гэхдээ хэцүү юм билээ. Биед их муу. Би 300 кг хүргээгүйдээ харамсдаггүй.
— Сүмо барилдаж байгаад Японд очсон уу?
— Үгүй, Японд очоод л анх удаа дохён дээр гарч үзсэн. Шавар дэвжээн дээр хөл нүцгэн барилдахад хөл өвдөөд л. Удалгүй хөл эвэршиж, хатуураад зүүгээр хатгасан ч мэдрэхээ больсон.
— Анх хамгийн хэцүү байсан зүйл юу вэ?
— Би угаасаа эрт босдог хүн. Тийм болохоор өглөө эрт босоход асуудал байгаагүй. Харин япон хэл, хоол хоёр л хэцүү байлаа.
— Маш их иддэг гэж сонссон.
— Нэг суудал дээр бүтэн хонь иддэг гэж зарим хүн ярьдаг ч худлаа. Чянко набэ гэдэг хоолоо иднэ. Тэгээд гурван том аягаар будаа. Гарт багтахгүй том аяга. Өдөрт хоёр удаа амаараа гартал иднэ.
— Дэглэлт байсан уу?
— Бараг байгаагүй ч ахмад бөх, цолтой бөхчүүдээ маш хүндлэнэ.
— Хоорондоо зодолдох үе гарах уу?
— Бусад дэвжээнд яадгийг мэдэхгүй, манайд бол зодоон байхгүй, эвтэй найртай байсан. Миний хувьд хүн болгонтой сайхан харилцаатай байлаа. Залуу бөхчүүд ирж, зөвлөгөө авна. Японд 50 сүмогийн дэвжээ бий. Зарим нь 5, зарим нь 3, том дэвжээ нь 20-25 бөхтэй. Олон бөхтэй байхаар хэцүү, бие засах газар дараалалтай, хурхираад л унтахад ч бэрхшээлтэй.
— Сүмод хэр мөнгө олдог вэ?
— Хэлэхгүй, гэхдээ ямар ч гэсэн гайгүй сайн. Ивээн тэтгэгчдээс шалтгаалдаг. Аваргууд нэг тэмцээнд л 2-3 сая ам.доллар олж чаддаг.
— Та их аварга Хакүхотой барилдаж байсан гэсэн. Хэзээ?
— Хэн хэн нь доор барилдаж байхад нэг удаа таарч байлаа. Би Хакүхогоос өмнө сүмод орсон. Бид одоо ч харилцаатай байдаг. Их өөдрөг сайхан аварга. Ярилцахад гоё.
— Японоор ярих уу?
— Тиймээ, буриад, монгол хэл төстэй ч ялгаа их. Монголын бас нэг их аварга Асашёорюүтэй ч би сайн харилцаатай. Аса аварга Буриадад ирэхдээ намайг Монголд урьсан. Цар тахал дуусахаар очих бодолтой байна. Бусад монгол сүмочидтой ч тэр үеэр уулзах төлөвлөгөөтэй байгаа.
— Яагаад монголчууд сүмо сайн барилддаг юм бол?
— Монголчууд эхийн хэвлийд байхдаа л барилдаж эхэлдэг. Тэд төрөхдөө л мэргэжлийн бөх болсон байдаг.
— Арай өөр бодит шалтгаан хэлбэл?
— Мэдэхгүй. Магадгүй уламжлалаа дагадаг япончуудаас ялгаатай нь монголчууд мөнгө олж, амьдралаа дээшлүүлэх гэж ирдэг болохоор байж магадгүй. Гэхдээ одоо сайн япончууд их гарч ирж байна.
— Монголчууд л түрүүлээд байхаар япончууд гомдолтой байдаг байх даа?
— Тийм хүн байж магадгүй, ямар ч гэсэн надтай тааралдаагүй.
— Таныг япон биш гэж ад үзэх явдал гарч байгаагүй юу?
— Байгаагүй. Би ч ази царайтай, японоор цэвэрхэн ярьдаг.
— Та сүмо дахь цорын ганц орос бөх үү?
— Нэлээн олон орос залуус ирсэн. Гэхдээ янз бүрийн асуудал гарсан болохоор би тэр талаар ярьмааргүй байна.
— Тантай юу?
— Үгүй. Тэд бүгд сайн залуус байсан ч хувь заяа нь өөрөөр эргэсэн. Тэднийг сүмо бөхөөс хассан. Би үүнд хамаагүй.
— Өөртэйгөө ижил биетэй өрсөлдөгчтэй таарч байв уу?
— Таарч байсан. Том биетэй хүнтэй барилдахдаа би дуртай. Барьц аваад барилдахад тэд зугтаж, зайлдаггүй. Гэхдээ яг над шиг том биш л дээ, 10-20 кг хөнгөн бөхчүүд. Харин жижгүүд нь ийш тийш гүйгээд барилдахад хэцүү.
— Та яаж 100 кг турж чадав?
— Нэг өдөр шийдээд л хоолны дэглэм барьж, хичээллэж эхэлсэн. Гол нь зорилго тавиад зүтгэх, өдөрт хоёр удаа заавал бэлтгэл хийх.
— Ямар бэлтгэл?
—Хөнгөхөн. Түлээ хагална, халуун ус, ууранд орж, булчин шөрөмсөө сунгана. Тэгээд алхана. Алхахад булчин ажиллана. Булчин ажиллахад өөх тос шатна. Хоолны дэглэмтэй.
— Хэдэн кг болтол турах төлөвлөгөөтэй байна?
— Би 100 кг хасаад одоо 188 кг-тай байгаа. Одоо харин эсрэгээр булчин суух бодолтой байгаа.
— Хүчний дасгал хийдэг үү?
— Хааяа л. Сүмод хүчний дасгал хийдэггүй, техникээ л давтдаг байлаа. Хашаандаа багана зоогоод цохилтын бэлтгэл хийх бодолтой байгаа. Зүүн бугуй гэмтэлтэй тул хүчтэй цохиж чадахгүй л дээ.
— Штанг?
— Би хэзээ ч штанг өргөж байгаагүй. Суниаж болж байхад штанг өргөх хэрэггүй.
— Яагаад сүмочид холимог тулаанд амжилт олдоггүй юм бол?
— Холимог тулаанд удаан тулалдах тэсвэр, хатуужил их хэрэгтэй. Боксчин ч гэсэн шууд сүмод ирээд барилдаж чадахгүй шүү дээ. Холимог тулаанд өөр техниктэй, ашигладаг булчин нь ч өөр. Би тулаанч Федор Емельяненко, чөлөөт бөхийн олимпын аварга Давид Мусульбес нартай дотно харилцаатай.
— Та чөлөөт бөх барилдаж байсан биз дээ?
— Бага байхад барилд л гэж байсан ч би очоогүй. Хүсэл байгаагүй. Телевизээр чөлөөтийн тэмцээн үзэж, буриад бөхчүүдээ дэмждэг. Үндэсний бөх шиг хурдан шуурхай бөх таалагддаг. Надад үндэсний бөх барилдаач гэж санал тавьсан. Би спортоос зодог тайлсан гээд татгалзсан.
— Таны хамгийн хурдан барилдаан?
— Мөргөлдөөд л өрсөлдөгч нисээд л алга болсон. Сүмод тачиай маш чухал. Ялалтын 80 хувь нь тачиай, үлдсэн нь техник. Тийм болохоор хөл сайн байх хэрэгтэй. Ганц секунд анхаарал алдахад л ялагддаг спорт.
— Таны хамгийн жижгхэн өрсөлдөгч хэн бэ?
— Тийм өрсөлдөгч олон байсан. Ялагдаж ч байлаа. Жижигхэн хүнтэй барилдахад тэр харагдахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Өрөвдөөд хэрэггүй гэж ярьдаг ч өрөвдөхөөс өөр аргагүй. Дээр нь уначихвал яах билээ? Би найман бөхийн дээр унаж, өвдгийг нь хугалж байлаа. Нэгнийх нь яс бүр харагдаж байсан. Зарим нь зодог тайлсан. Тийм болохоор болгоомжтой барилддаг болсон. Харин ояката “Хэнийг ч өрөвддөггүй, ширүүн барилддаг байсан бол чи зиндаа дээшлэх байсан. Харин чи хүмүүсийг өрөвдөөд л” гэж загнаж байлаа.
— Жижигхэн гэдэг нь хэдэн кг жинтэй бөхчүүд вэ?
— 90-100 кг жижигт тооцогддог. Хамгийн жижиг өрсөлдөгч маань 80 кг байсан. Түүнийг түлхээд бараг ялж байсан ч харин гүрийгээд болж өгдөггүй. Няцалчих байх гэж бодоод өөрөө хөлөө дохёноос гаргаад ялагдаж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
жинхэнэ буриад монгол залуу байна
Hugjiltei tuuchii vee kkkkk ih l uruvchhun yum bna kkkkkk
KKKKKK hugjiltei kkk ....IIshee tiishee guigeed hetsuu kkk Uneheer tiimbaih shuu ....Nytsalchih geed uruvduud genee huurhii Saihan zaluu bna Avarga er bna Hugjiltei
Хөөрхөн яриа хөөрөөтэй юм бэ