ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Өнөөдөр 2020.09.02. Энэ оны 246 дахь өдөр бөгөөд он дуусахад 120 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандлаа. 19 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 4 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Төвөдөд Ардчиллын өдөр бол Вьетнамд Тусгаар тогтнолын, ОХУ-д Оросын Гвардын, Украинд Нотариатын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Киану Ривз, Мексикийн жүжигчин Сальма Хайек, Германы хөл бөмбөгч Андреас Мёллер, Украины жүжигчин, телевизийн хөтлөгч Остап Ступка, Норвегийн уулын цаначин, олимпын дөрвөн удаагийн аварга Хьетил Андре Омодт, Оросын жүжигчин Алексей Чадов, Бразилын хөл бөмбөгч Алешандре Пато зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны есдүгээр сарын 2-10-нд Богд хаан, Хан Хэнтий, Хан Тайшир, Цэцэрлэг Мандал уулын аймгуудын ба Их шавийн харьяатын анхдугаар их хурлууд тус тусын нутаг дэвсгэрт хуралдав.

1945: Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Алс Дорнод дахь чөлөөлөх дайн дуусав. Дайнд Монголын талаас 10 хүн амь үрэгдэж, 36 хүн шархдаж, 32 хүн ор сураггүй болжээ.

1997: Монголын хил дээр буун дуу гарч, Буйр нуурт Хятадын иргэд хил зөрчин, Монголын хилчидтэй буудалцав. Үүнийг хоёр талын хил хамгаалалтын албаныхан шалгасан ба Хятадын иргэд хил зөрчсөнөө хүлээжээ.

2010: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971: Арабын нэгдсэн бүгд найрамдах улс Египет болон Сири болж задарчээ.

1993: ОХУ болон АНУ Олон улсын сансрын станцыг байгуулах зөвшилцөлд хүрчээ.

1996: Украинд шинэ валют гривен ашиглаж эхлэв.

Мөн оны энэ өдөр ОХУ-д сүүлчийн удаа цаазын ял гүйцэтгэжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцээ хийх, найр хурим, бэр гуйх, инж өгөх, авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top