Бээжингийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахыг эсэргүүцжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Дэлхийн хүний эрхийн төлөөх 160 гаруй байгууллага Олон улсын Олимпын хороонд хандан 2022 оны өвлийн Олимпын наадмыг Бээжин хотноо зохион байгуулах тухай шийдвэрээ эргэн харахыг уриалжээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахд хаягласан захидалдаа Хятадын Засгийн газраас Шинжаан, Төвөд, Хонконг, Өвөр Монголд хүний эрх зөрчиж байгаа тул спортын их наадмыг зохион байгуулах эрхгүй гэж тайлбарласан байна.

2008 оны зуны Олимпын наадмыг Бээжин хотноо зохион байгуулснаар Хятад дахь хүний эрхий байдал сайжирна гэсэн алдаатай итгэл үнэмшил ОУОХ-ны нэр хүндийг унагасан. Бодит байдал дээр Олимпын наадмыг зохион байгуулснаараа Хятадын Засгийн газар өөрийн байр сууриа улам бэхжүүлсэн гэж бүх тивийг төлөөлсөн хүний эрхийн төлөөх байгууллагуудын гарын үсэг бүхий захидалд онцолжээ.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижан хэвлэлийн бага хурал хийж, спортыг улстөржүүлэхийг оролдож байна гэж буруутгасан.

ОУОХ-ны зүгээс улс төрийн аливаа асуудалд төвийг сахих байр суурьнаас хандах болно гэж мэдэгдээд Олимпын их наадмыг зохион байгуулах эрх олгосноор ОУОХ тухайн орны улс төрийн тогтолцоо, нийгмийн байдал, хүний эрхийг стандартыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш хэмээн онцолсон байна.

2017 онд ОУОХ Олимпын наадмыг зохион байгуулах хоттой гэрээ байгуулахдаа хүний эрх, тогтвортой хөгжил болон авлигын эсрэг заалтыг тусгах болно гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ энэ нь 2024 оны зуны Олимпын их наадмаас эхлэн хэрэгжих юм.

2015 онд Бээжин хот 2022 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эрх авснаар өвөл, зуны спортын их наадмыг хүлээн авсан анхны хот болж байгаа юм. Тухайн үед энэ эрхийн төлөө Бээжинтэй Алматы хот өрсөлдсөн бөгөөд Осло, Мюнхен, Стокхольм хотууд нэрээ татан авч байв гэж CNN агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top