ИТХ-2020 | Өмнөх сонгуулиудын ЗУРАГЛАЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монголчууд бид ардчилсан нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхан орсноос хойш долоон удаа орон нутгийн сонгууль зохион байгуулжээ. Өнөө жил бид найм дахь удаагаа “сонгуульдаж” байна. МАН том сонгуульдаа ялалт байгуулж засаглан, цар тахлын сүүдэр нөмөрсөн, гуравдагч хүчний салхи хүчтэй сэвэлзсэн, сөрөг хүчний жанжин шугам алдагдсан цаг үед энэ удаагийн сонгууль болж байгаагаараа онцлог.

Өмнө нь хоёр намын сүүдэрт жижиг намууд дарагддаг байсан бол энэ удаад гуравдагч хүчнүүд дуу чимээтэйхэн шиг орж ирэв. Олон жил бид том намууд жижиг сонгуулийг хуваан идлээ гэж шүүмжилдэг ч ийнхүү 30 гаруй жилд найм дахь удаагаа сонгуулиа зохион байгуулж байна. Хэдийгээр жижиг сонгууль гэж олон жил харсаар ирсэн ч угтаа таныг төлөөлж, амьдралд тань нөлөөлж чадна гэдэг утгаар нь харвал том сонгууль.

Өмнөх сонгуулиудын өнгө

Шууд хэлэхэд, орон нутгийн сонгууль улаан өнгөтэй байсаар ирж. Өмнөх долоон удаагийн сонгуулийн зургаад нь МАН (хуучнаар МАХН) олонх болж8 засагласаар иржээ. “Жижиг” гэх пайз хадсан орон нутгийн сонгуульд том нам том байсаар ирж. Эдийн засгаа солонгоруулах ёстой гэдэг шиг долоон удаагийн сонгуульд өөр өнгө биш улаан өнгө тодорсоор байжээ. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн ардчилсан нийгэмд хуучин хүрэмтэйгээ орсон гэх тодорхойлолтыг энэ баримт батална.

Зарим судлаачид үүнийг сонгуулийн өмнөсөн сонгуулийн хуульдаа гар хүрч эрх мэдлийн цулбуураа хадгалах гэсэн том эрх ашгийн явцуу үзэлтэй хамаатай гэж дүгнэдэг. Бүр зарим нь үүнийг засаглалаа тогтвортой, амьдран суугаа газраа нэг эзэнтэй байлгах гэсэн иргэдийн үзэл ч гэж тайлбарлаж байна.

Өмнөх долоон удаагийн сонгуулийн зургаад нь Ардын нам олонх болж, нэг удаад нь Ардчилсан нам ялалт байгуулжээ.

Ардчилсан нам түүхэндээ 2012 оны сонгуульд анх удаа ялалт байгуулж олонх болж байлаа. Арваннэгдүгээр сард ид өвлийн цагт зохион байгуулсан нь ирцэд нөлөөлсөн ч гэж ярьдаг. Сонгуулийн зохион байгуулалт, ирц зэргээр олон маргаан дагуулдагч Ардчилсан нам олонх болж засагласан. Нийслэлд хөдөлгөөний хязгаарлалт, нэгдүгээр эгнээгээр автобус зорчих, цахим үнэмлэхээр нийтийн тээврээр зорчих зэрэг шийд гаргав. Гэхдээ удаах сонгуулийн дүн арай өөрийг хэлсэн юм. Хотын захирагч асан Э.Бат-Үүлийн томъёоллоор “Улс төрийн цүнами”-д Ардчилсан нам шүүрдүүллээ. Өмнөх сонгуулиудын өнгө 2016 онд дахин давтагдан Ардын нам орон нутагт олонх болов.

“Сонирхолгүй” сонгууль

Улс төрийн намуудын байр байдал, гаргасан шийдвэрүүдээс шалтгаалан иргэдийн улс төрийн итгэл суларсныг орон нутгийн сонгуулиас тодорхой харж болно. УИХ-ын сонгуулийн идэвх буурахтай зэрэгцэн орон нутгийн сонгуулийн ирц 50 хувьдаа ч арай гэж хүрдэг болов. 1992 онд болсон орон нутгийн анхны сонгуулиар идэвх 80 хувьдаа хүрч байсан бол 1996 онд энэ хэмжээ 72 хувьд хүрч доошилжээ. Үүнээс хойшхи дөрвөн сонгууль шатлан буурсаар 2012 онд хамгийн бага буюу 52 хувийн ирцтэй болов.

Иргэдий идэвх сул ч намууд идэвхээ нэмэгдүүлсээр байсан нь сонгуулийн парадокс гэж хэлж болно. Намуудын идэвх 2004 оноос эхлэн нэмэгдсэн байдаг. Орон нутгийн 2004 оны сонгуульд нийт 7410 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөн. Нэр дэвшигчдийн тоо 10 мянгад хүрэхгүй байлаа. Гэтэл 2012 оны орон нутгийн сонгуульд нийт 8108 мандатын төлөө 19.4 мянган нэр дэвшигч өрсөлдөх болов. Сүүлд 2016 онд байгуулагдсан сонгуульд энэ тоо харьцангуйгаар буурч 15.2 мянган нэр дэвшигч өрсөлджээ.  Гэхдээ энэ үр дүнг хараад шууд утгаараа буурчээ гэж дүгнэхэд бэрх. Учир нь 2012 оны сонгууль нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг дор зохион байгуулсан байдаг нэг ёсондоо аймаг, сум эсвэл нийслэл, дүүрэг гэж салгалгүй нэгтгэн зохион байгуулсан гэсэн үг.

Иргэдийн идэвх буурч байгаагийн хамгийн том шалтгаан нь улс төрийн хүчнүүдийн жанжин, шугам зүг чиг тодорхойгүй байгаа явдал. Харин эсрэгээр намуудын идэвх нэмэгдэж байгаа нь намын анхан шатны байгууллагаа чадавхжуулах гэсэн хүсэлтэй холбоотой.

Иргэдийн идэвх буураад, намуудын идэвх нэмэгдээд байгааг хамтдаа зураглая. Иргэдийн идэвх буурч байгаагийн хамгийн том шалтгаан нь улс төрийн хүчнүүдийн жанжин, шугам зүг чиг тодорхойгүй байгаа явдал. Нөгөөтээгүүр орон нутгийн сонгууль гэж чухам яагаад хэрэгтэй, ямар үр дүнтэй, хэрхэн ач холбогдол өгөх тухай тайлбарлан таниулж, сурталчилгаа хийдэггүйтэй холбоотой. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн сүр дуулиант, нүсэр кампанит ажлын дараа их ажил эхэлсэн сард зохион байгуулдагтай холбон тайлбарлаж болно.  Иргэдийн идэвх буураад байгааг харгалзан 2008 оны УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган зохион байгуулав. Ийнхүү зохион байгуулахад аймгуудад ирц 65 хувь, нийслэлийн дүүргүүдэд 47 хувьд хүрсэн юм.

Орон нутгийн сонгуулийн ирц 2012 онд түүхэн доод хэмжээнд хүрсэн зохион байгуулалтын хугацаатай шууд хамааралтай гэж дүгнэж болно. Учир нь энэ удаагийн сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан юм. Энэ цаг үед орон нутгийн иргэд өвөлжөөндөө гарч, идэш бэлтгэдэг үетэй давхацсан нь ирцэд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн судалгааны дүгнэлт хожим гарчээ. Түүнчлэн нийслэл хотод ч ид ажлын цаг тул иргэдийн идэвх сул байжээ.

Эсрэгээрээ намуудын идэвх нэмэгдэж байгаа нь намын анхан шатны байгууллагаа чадавхжуулах гэсэн хүсэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сум, дүүргийн хэмжээнд намын анхан шатны байгууллага “хөлтэй” байж гэмээ нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн намын мөрийн хөтөлбөрийг анхан шатад хэрэгжүүлэх замаар парламентын сонгуульд илүү суудал авахад нөлөөлнө. Тийм ч учраас хоёр том намын нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд ийм их ач холбогдол өгдөг аж.

 Төгсгөлийн оронд

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 17.1 мянган хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Өнгөрсөн сонгуулиас арай ялгаатай эрх баригч нам олонх болж,  Ардчилсан нам бусад гуравдагч хүчинтэй эвсэн оролцож байгаа нь анхаарал татах нэг шалтгаан. Нөгөө талаас хоёр том намтай хүчтэй өрсөлдөх хэмжээний гурван ч улс төрийн хүчин байгаа нь анхаарал татах бас нэгэн шалтгаан.

Цар тахлын үед болж буй хоёр дахь сонгууль болох орон нутгийн сонгуулийг 16.5 тэрбумын зардлаар зохион байгуулж байна. Сонгууль дуусах хугацаа 20:00 цаг болж наашилсан, ирцийн босго тогтоогоогүй гэдгээр өмнөх сонгуулиудаас ялгагдана.

Нөгөөтээгүүр энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас зохион байгуулалтын хувьд хэд, хэдэн зүйлээр ялгаатай. Сонгуулийн санал авах хугацаа хоёр цагаар наашилсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхлээд 20:00 цагт дуусна. Саналын хуудас дээр тухайн тойргийн мандатын тооноос давуулахгүй нэг эсвэл хоёр, бүр эсвэл дугуйлахгүй байсан ч тухайн саналын хуудас хүчинтэйд тооцогдоно. Онцлох ёстой нэг зүйл нь ирцийн босго тогтоогоогүй.

Энэ бол зохион байгуулалтын хувьд ялгагдах онцлог. Нөгөө талаас үе, үеийн сонгуульд идэвх муутай байсаар ирсэн залуусын идэвхийг нэмэгдүүлэх хэд, хэдэн сурталчилгааны ажил өрнөсөн. Онцлон тэмдэглүүштэй нь тэд хэн нэгэн улс төрийн хүчний оролцоотойгоор бус зөвхөн өөрсдийнхөө дуудлагаар сошиал сүлжээ ашиглан үеийн залуусаа уриалж байна. Нөгөө талаас орон нутгийн сонгууль бодсоноос илүү ач холбогдолтой гэдгийг тайлбарлан таниулах хэд, хэдэн нийгмийн сурталчилгаа сошиал сүлжээнд өрнөсөн. Тиймээс залуус идэвхтэй оролцох хүлээлт нийгэмд үүслээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заоуус(202.179.24.234) 2020 оны 10 сарын 15

Дэлхийн олон орны залуус нийгмээ шинэчлэх, улс орноо хөгжүүлэх , иргэд олон түмнээ хүндэтгэх, бүтжэн байгуулах ажилд идэвхитэй оролцож байна. Гэтэл монголын залуу үе хөшүүн хойрго унхиагүй залхуу нийгмийн идэвхигүй ядуу, тархи толгой сэтгэн бодох чадвар дорой prius нээс цаашихыг сэтгэдэггүй коммунистуудад дарлуулж боолчлуулж байгаагаа ойлгодоггүй малнаасаа дор новшнууд болжээ чааваас. Шинэчлэл өөрчлөлтийг сонгуулиар хийж болдогийг ухамсарладаггүй үхэр монгол залуус ямар ч ирээдүйгүй.

1  |  0
Top