"Таван цагариг" -ийн АНУ дахь сурвалжлагч Ц.Энхтүвшин
Дөрвөн жилийн өмнө бичиж байсан нийтлэл...
Хүмүүн төрөлхтөн түүхэндээ олон зуун мянган гайхамшигт зүйл бүтээснийг тоочиж яахан барах. Оюун ухаанаараа огторгуйн уудмыг ч өртөөлөн дүүлэх оньсон хөлгийг ч төвөггүй бүтээж, гараг эрхсийг төөлөн буй суутнуудын ухаантай эн зэрэгцэх гавьяаг хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоомыг сэдэж олсон, сэнхрүүлж олонд түгээсэн тэр ачтан бүтээжээ гэхэд нэг их буруудахгүй биз ээ.
Дэлхийг тэр чигээр нь байлдан дагуулж, сая сая хүний сэтгэл зүрхийг соронзон мэт яагаад татнам бэ, хөлбөмбөг, Чи.
Хүмүүст хязгааргүй их баяр цэнгэлийг авчирч, үгээр иэрхийлж боломгүй сэтгэлийн жаргал эдлүүлэхийн учир юу вэ?
Энэ бүхэнд төгс тодорхой хариулт өгөх хэцүү бараг боломжгүй. Учир нь хөлбөмбөг сонирхдог хүн бүхэн өөр өөрийн гэсэн мэдрэмж, өөр өөр үнэлэлт дүгнэлттэй байдаг билээ. Ягл хөлбөмбөгийн тоглолт хэзээ ч давтагдашгүй, хэзээ ч урьдчилан таамаглаж болдоггүй шиг.
Тоглолт болгон дахин давтагдашгүй болохоор хөлбөмбөгийг үзэж дуусна гэж байхгүй мэт санагдах. Үзээд л үзээд л баймаар.
Миний хувьд л лав 36 жил хөлбөмбөгийг тасралтгүй үзэж буй ч хорхой минь дарагдсан удаа нэг ч алга, улам л шунан шунан үзэх ажгуу.
Хөлбөмбөгт ховсдуулсан бүхэн үүнтэй санал нийлэх биз ээ .
Хөлбөмбөгийн хорхойтнууд хэдэн зуун саяар тоологдож, тэрбумаар хэмжигдэх хэрнээ дэмждэг баг нь өөр өөр, шүтээн нь адилгүй. Хөгжмийн долоон эгшиг байдаг ч улс гүрэн, үндэстэн бүхэн өөр өөрийн өнгө төрх, онцлогтой дуу хуур, аялгуутай байдаг шиг л улс болгоны хөлбөмбөг өөр өөрийн онцлогтой, өвөрмөц байдаг билээ. Тиймээс ч хэн нэгэнд нь Германы сахилга баттай, нягт нямбай , тооцоотой хөлбөмбөг таалагдаж байхад, нөгөөд нь Италийн хөлбөмбөгийн нугарашгүй хамгаалалт, мятрашгүй тэмцэл илүүд хүндлэгдэж, өөр нэгэнд хурд, хүч, холын хөөргөн дамжуулалттай Английн хөлбөмбөг гоё санагдаж,Бразилийн тоглогчдын ур чадвар, өндөр техник бас нэгнийх нь сэтгэлийг нь эзэмдэх жишээтэй.
Хөлбөмбөгийн эх орон хэмээн Английг нэрлэдэг. Хөлбөмбөгийн хамгийн анхны баг тэнд байгуулагдаж, хөлбөмбөгийн анхны тоглолт мөн л тэнд болж, хөлбөмбөгийн анхны дүрэм бас л тэнд зохиогдсон болохоор тийн нэрлэх нь ч зүй ёсны хэрэг.
Харин хөлбөмбөгийг шашин шүтлэг, соёл , амьдралын хэв маяг, хэмнэлээ болгосон орон бол ганцхан Бразил гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Гарцаагүй л хөлбөмбөгийн орон гэдгийг ганц нэгэн жишээгээр баталсу.
Бразилчуудын хувьд хөлбөмбөг тэдний соёл нь юм.
Хөлбөмбөгийн "Хаан" Пелегийн намтрын номыг л зөвхөн уншихын тулд олон сая бразил хүн бичиг үсэгт шамдан суралцаж байсан гэдэг. "Хааныхаа" намтрыг хүнээр дуудуулахгүйгээр өөрөө унших хичнээн сайхныг олон сая бразилчуудад Боловсролын яам биш бөөрөнхий бөмбөгийн ид шид л тусалсан аж.
Бразилчуудын хувьд хөлбөмбөг шүтээн нь, бурхан нь юм. Пелегийн өмнөхүеийн хамгийн алдартай хөлбөмбөгч "Хар алмааз" хочит Леонидаст нэгэн шүтэн бишрэгч захиа бичсэн байна. Гэхдээ түүнээс тоглолтын өмсгөл, тэмцээний урилга, гарын үсэг алиныг нь хүсээгүй бөгөөд "Олон хүүхэдтэй, нас хэвийсэн надад ажил олгож туслаач, Эрхэм хүндэт "Хар алмааз аа" хэмээн аргаа барсан хүн Бурхандаа ханддагын адилаар гуйжээ. Нээрээ ч шүтээн нь, Бурхан нь тэдний хувьд хөлбөмбөгчид билээ. Бурхан гэснээс "хөлбөмбөгийн Бурхан тэнгэр" гэдэг хэллэгийг анх Бразилийн яруу найрагч Жаин то де Тормес хэрэглэсэн гэдэг.
Бразилийн Аракажу 200.000 хүн амтай, тэгсэн хэдий ч 50.000 хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэхтэй. Хотын дөрөвний нэг нь тэр чигээрээ орчихдог газар өөр хаана ч байхгүй гэх гэтэл байдгийн байна, гэхдээ мэдээж бас л Бразилд.
Рио Гранде ду Сул гэж муж байх. Тэр мужид жижигхээн Эрешим хэмээх хот байдаг бөгөөд бас л 45 000 хүн багтах хөлбөмбөгийн цэнгэлэхтэй гэнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тус хотын нийт хүн ам нь 35 000 ажээ. Хөлбөмбөгийн тоглолт болохооо ойр хавийнхан нь цуглаад үздэг гэж эндүүрэв. Эрешимээс хамгийн ойрхон суурин газар хүрэхэд 6 цаг машинаар явах хэрэгтэй гээд бод л доо. Зөвхөн Бразилд л байж болох зүйл бус уу?
Минас Жерайс мужийн Итаун гэдэг хотноо нилээн дээхнэ үед мужийн хамгийн алдартай баг " Атлетико" бэлтгэл хийхээр очсон гэж байгаа. Бэлтгэл хийх өдөр нь ажлын өдөр таарсан тул хотын дарга уг өдрийг амралтын өдөр болгон зарлаж. Угаасаа ч ажилдаа ирэх хүн ч байхгүй байсан биз. Тэгээд зогсохгүй шоронгийн хоригдлуудыг нэг өдөр суллах зарлиг гарган хөлбөмбөг үзэх боломж олгож. Зөвхөн нэг багийн л бэлтгэлийг үзэхийн тулд шүү дээ.
Рио де Жанейро-Бразилиа хот
Сэтгэгдэл ( 0 )