Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл манай улсад хэрэгжиж байгаа Тогтвортой Амьжиргаа II төсөлд нэмэлт санхүүжилт хийхээр болжээ. Энэхүү 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, Тогтвортой амьжиргаа II төслийн үр нөлөөг ихэсгэх зорилготой аж. Дэлхийн банкны удирдлагууд Монголд ядуурал буурах хандлагатай байгаа ч иргэдийн амьжиргааны түвшин харилцан адилгүй байгааг онцолсон байна. Мөн манай улсын хүн амын тал хувь нь суурьшдаг хөдөөд ядуурлын хэмжээ илүү их байгааг тэд тэмдэглэжээ. Тогтвортой амьжиргаа II төслийн эхний үе шат 2002-2007 онуудад малчдад тохиолдох эрсдлийг багасгах, орон нутгийн иргэдийн хувь, оролцоон дээр тулгуурласан орон нутгийн өмчийг бий болгох шинэлэг аргыг туршсан бөгөөд мөн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжийг нэмэгдүүлсэн байна. Харин энэхүү нэмэлт санхүүжилт нь төслөөс баримталж, хэрэгжүүлж байгаа арга, механизмыг улам сайжруулах болно. Холбогдох бодлого хуулийн зохистой орчин бий болсноор төсөл нь гуравдах үе шат руугаа орох суурь үндэслэлийг бий болгох юм гэж төслийн ажлын хэсэг үзэж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )