АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд СПОРТ нөлөөлж чадсан уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

АНУ-д спорт бол ухуулга, сурталчилгааны том талбар. Яагаад Трамп, Байден хоёр спортын тэмцээний үеэр гаргасан сурталчилгаандаа хэдэн сая доллар хайр найргүй цацсан бэ?
 


Сагсан бөмбөгийн НБА лигийн 10 гаруй тоглогч талбай дээр Vote (Саналаа өг) гэсэн бичигтэй өмсгөлтэй гарч ирж байсныг бид харсан. Тус лигийн 20 багийн спортын ордон санал өгөх байр болон хувираад байгаа бол ЛеБрон Жеймс энэ жил тамирчин, улстөрч гэсэн хоёр салбарт зэрэг хүч үзлээ. Яагаад Америкийн спорт улстөртэй ийм гүн гүнзгий холбоотой юм бэ? Хоккейчид хэний төлөө, хөлбөмбөгчид хэний эсрэг байдаг вэ? Обама, Буш нар спортыг сурталчилгаандаа хэрхэн ашиглаж байв? Энэ бүхний талаар ярилцья.
 


Америкийн улс төр, спорт маш эрт үеэс нягт холбоотой байсан. Жишээ нь, Томас Жефферсон (АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч, 1801-1809) буудлагын тэмцээнийг ивээн тэтгэдэг байлаа. Спорт бол улстөртэй нэгэн адил эрчүүдийн ажил хэмээн үзэгдэж, аль аль нь амжилтын бэлгэ тэмдэг гэж тооцогдож байлаа. Гэвч удалгүй энэ нь эх баригч намынханд асуудал үүсгэж эхэлсэн юм. 19 дүгээр зууны сүүлээр хар арьстнууд спортын талбарт хүч төрөн орж ирж, амжилт гаргасан одод нь улстөрийн үзэл бодлынхоо талаар ил тод ярьдаг болж иржээ. Ингээд спортыг улстөрөөс холдуулах арга хэмжээ авч эхэлсэн байна.

АНУ-ын Төрийн дуулал анх удаа цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэсэн нь 1918 оны бейсболын “Бостон Ред Сокс”, “Чикаго Капс” багуудын тоглолт байв. Алан хядагчид Чикагогийн шүүхийн барилгыг дэлбэлсэнтэй холбогдуулан, ард түмний эх оронч үзлийг сэргээх зорилготой байжээ. Харин бусад спортын талбайд Төрийн дуулал дэлхийн хоёрдугаар дайны дараа нэвтэрсэн билээ.
 


Өнгөрсөн 20 дугаар зуунд спортыг эх оронч үзлийн илрэл гэж үздэг болсноор спорт улстөр хоёр хэсэг зуур зайгаа барьсан нь үнэн. Харин энэ зуун гарснаар их спорт дахин улстөртэй холбогдож, сонгуульд нөлөөлөх хэмжээнд хүрлээ.  

Хамгийн эхлээд хамгийн олон хар арьст тамирчинтай сагсан бөмбөгийн НБА лиг улстөржиж эхэллээ. Өнгөрсөн зун Ерөнхийлөгч Доналд Трамп НБА-тай дайн зарласан. Тамирчид тоглолтын өмнө арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг өвдөг сөхрөн суудаг болсныг Трамп хатуу шүүмжилсэн билээ.

НБА бол АНУ-ын хамгийн улстөржсөн спортын лиг. Үзэгчид нь улс төрийн маш идэвхтэй, либерал үзэлтнүүд. Энэ лиг анх хар арьстнуудыг хүлээн авсан тул арьс өнгөний үзлийн эсрэг хүн олон. Тамирчид нь ч улстөржих дуртай. Лигийн хамгийн том од ЛеБрон хар арьстан Эрик Гарнер цагдаа нарын гарт амиа алдахад хамгийн түрүүнд эсэргүүцэл илэрхийлж, Клипперс багийн эзэн асан Доналд Стерлингийг ялгаварлан гадуурхах үг хэлснийх нь төлөө лигээс хөөхийг уриалж байв. Леброн Жеймс Трампыг ил тод эсэргүүцдэг. Лигийн аваргуудыг Цагаан Ордонд Ерөнхийлөгч урин уулздаг уламжлалыг үнэндээ Жеймс, Стеф Карри хоёр л зогсоож орхисон. 2016 оноос хойш НБА лигийн аварга баг Цагаан Ордонд Трамп дээр зочлоогүй. Харин НХЛ-ийн аварга хоккейчид очсоор байгаа.
 


Тамирчдын улс төрийн үйл ажиллагаа хэвлэлээр олон гардаг ч дэмжсэн хүн болгондоо ялалт авчраад байдаггүй. Жишээ нь, 2016 онд ЛеБрон төрөлх Огайодоо Ардчилсан намын  Хиллари Клинтоныг идэвхтэй дэмжсэн ч Хиллари ялаагүй. Уг нь тэр улиралд Жеймс Кливлендэд аваргын цом авч өгөн, Америкийн хамгийн алдартай тамирчин болоод байсан. Тэр Трампыг олон нийтийн сүлжээгээр байнга шүүмжилж, тэнэг гэж доромжлоод ч бараагүй юм. Трамп Огайод Хилларигаас 800 мянган саналаар илүү ялж, Бүгд Найрамдах намын нэгэн рекорд тогтоож байлаа.

2018 онд FOX телевизийн хөтлөгч, БН намыг дэмжигч Лора Ингрэм ЛеБрон, Кевин Дюрант нар Трампыг удаа дараа шүүмжилсний хариуд “Мэргэжлийн лигт тоглох гээд их сургуулиа төгсөлгүй явсан хүмүүсийн үг байна. Бөмбөг зөөлөн залаад л хэдэн зуун сая доллар олдог хүнээс улстөрийн зөвлөгөө сонсох нь тэнэг хэрэг. Леброн, Кевин хоёр оо, та нар сайн тоглогч. Гэхдээ хэн ч сонгуульд та хоёрт санал өгөөгүй. Хүмүүс Трампыг сонгосон. Тийм болохоор улс төрийн сэтгэгдлээ өөртөө үлдээ. Тэгэхгүй бол хүмүүс та хоёрт “Shut up and dribble” (Амаа хамхиад бөмбөгөө оруул) хэлнэ шүү” гэж дайрч байв.  
 


Европт хөлбөмбөгийн фэнүүдийг улс төрийн баримтлалаар нь ялгадаг. Италийн Лацио, Хорватын Динамо Загреб багийн фэнүүд барууны үзэлтэй бол Испанийн Райо Вальекано, Германы Санкт-Паули, Шотландын Селтик багийнхан зүүний үзэлтэй.

АНУ-д ч мөн адил спортын төрлийг улстөрийн үзэл бодлоор нь ангилж болдог. Ардчилсан намын дэмжигчид сагсан бөмбөг, теннис, хөлбөмбөг, Бүгд найрамдахчууд бейсбол, америк хөлбөмбөг, гольф, автоспорт, хоккейг сонгодог.
 


2016 оноос хойш сагсан бөмбөгчид Цагаан Ордонд очоогүйг дээр дурдсан. Тэгвэл хоккейн Стэнлийн Цом, автоспортын NASCAR, америк хөлбөмбөгийн Супербоулын аваргууд (Филадельфи Иглс баг 2017 онд очоогүй) бүгд Трамптай уулзаж байлаа. Энэ бүхэн л АНУ-ын спортын ертөнц улс төрийн үзэл бодлоороо хэрхэн ялгагддаг болохыг харж болно.

АНУ-ын сонгогчдыг нэрлэдэг спортын үг хэллэг олон. Америкийн өмнөд хэсэгт амьдардаг, шашин шүтдэг, консерватив үзэлтэй, цагаан арьстай, БН намд санал өгдөг эрэгтэйг Nascar dad (Наскарын аав) гэнэ. Мөн Soccer mom, Hockey mom гэсэн нэр томьёо бий. Энэ нэр хөлбөмбөг, хоккей сонирхдог эмэгтэй хүнтэй ямар ч хамаагүй.

Soccer mom гэдэг нь анх 1996 онд Клинтоны гол сонгогчид болох сургуулийн насны хүүхэдтэй, 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэрлэж гарч ирсэн. Одоо бол хүүхдээ хэт арчлан, янз бүрийн сургалтад суулгадаг, ядарсан дундаж ангийн эмэгтэйг нэрлэдэг нэршил болон хувирчээ.

Hockey mom бол хүүхэддээ хатуу ханддаг, хөлбөмбөгийн ээжээс илүү орлоготой (хоккейн хувцас илүү үнэтэй, хоккей илүү ширүүн спорт) сонгогч.

АНУ-ын ард түмэн спортод дуртай тул Ерөнхийлөгчид нь ч үргэлж спортлог байж ирсэн. NASCAR уралдаан бол барууныхны хувьд тун чухал спортын зэвсэг юм. 1948 онд АН-ын баруун жигүүрийн нэр дэвшигч Стром Тэрмонд Дарлингтонд болсон уралдаанд оролцож, хар арьстнуудыг муулсан үг хэлж байлаа.

БН намын Ричард Никсон 1971 онд анх удаа NASCAR-ын аваргыг Цагаан Ордонд урьж байсан бол БН намын ерөнхийлөгч  Рональд Рейган 1984 онд, бага Буш 2004, Доналд Трамп 2020 онд уралдааны нээлтийн ёслолд оролцож байлаа.

Харин Ардчилсан намын Ерөнхийлөгчдийг тус уралдаан таагүй хүлээж авдаг. 1992 онд нгд Билл Клинтоныг шүгэлдэн угтсан бол Обаматай хийсэн уулзалтад тамирчдын тал хувь нь очоогүй байдаг.

Гэхдээ Ардчилсан намынханд сагсан бөмбөг бий. Барак Обама энэ спортыг сонгуульдаа эвтэйхэн ашигласан байдаг. Барак Хавайд төрсөн ч багаасаа Чикаго Буллс, Майкл Жорданыг шүтдэг байлаа. Сонгуулийн өмнө Обама дэлхий тойрон аялсан. Кувейтэд Америкийн цэргийн баазад зочлоход түүнд бөмбөг шидэх санал тавьжээ. Обама эхний оролдлогоороо л 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ шидэлтийн дараа Обамагийн унаж байсан чансаа илт өсөж, Леброн Жеймс, Майкл Жордан, Мэжик Жонсон тэргүүтэй сагчид түүнийг дэмжиж эхэлсэн юм. 2008 оны сонгуульд саналаа өгсөн сагсан бөмбөгийн фэнүүдийн 75 хувь нь Обамад санал өгсөн судалгаа дараа нь гарч байв.

Бага Жорж Буш бейсболын ачаар Ерөнхийлөгч болсон хүн. Тэр улстөрийн замналаа ч бейсболоор эхлүүлж байлаа. Эцэг Буш Йелийн бейсболын багийн ахлагч байсан. Харин хүү нь аав шигээ авьяаслаг байсангүй. Гэхдээ 1989 онд аавыгаа Ерөнхийлөгч болсны дараа 83 сая ам.доллароор хэсэг хөрөнгө оруулагчдын хамт MLB лигийн Техас Рейнжерс багийг худалдан авч байв. 1994 онд энэ багт шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж өгснийхөө ач тусаар тэр Техас мужийн Амбан захирагч болсон юм.

Бушийн хэвлэлийн төлөөлөгч Марк Маккиннон “Хүмүүс Ерөнхийлөгчөө улстөрийн үзэл бодлоос гадна өнгөрсөн үе, зан аашаар нь сонгодог. Бушийг бейсбол тоглодог байсныг мэдсэн сонгогч түүнийг сайн залуу гэж бодно. Сонгогч өөртэй нь ижил спорт сонирхдог, хамт шар айраг уучихмаар хүнд итгэл хүлээлгэдэг. Бид бейсбол сонирхогч сонгогчдын саналыг авах гэж их ажилласан” гэж ярьж байлаа. Ингээд тэдний сонгуулийн баг бейсболын тамирчдын картыг ашигласан байна. Картан дээр Бушийн зураг, товч намтрыг бичсэн байв. Ямар байрлалд тоглодог гэсэн заалт дээр “АНУ-ын хоёр дахь том мужийн амбан захирагч” гэж бичсэн байлаа. Сонгуулийн өмнө ярилцлага өгөхдөө Буш багадаа бейсбол хэрхэн тоглож байснаа байнга дурсаж байв. Харин 2004 онд Буш бейсбол дээрээ автоспортыг нэмлээ. NASCAR-ын хамгийн том уралдаан болох Daytona 500-ыг нээснээр нисгэгчид түүнийг дэмжиж байгаагаа илэрийлсэн билээ.

2020 онд Трамп, Байден хоёр спортын нэвтрүүлэг, шууд дамжуулалтын үеэр 2801 сурталчилгаа оруулсан нь 25 сая ам.доллар болж байгаа юм. Ихэнх мөнгөө NFL, MLB, НБА (зөвхөн Байден), NASCAR (зөвхөн Трамп) лигийн тэмцээнд зарцуулжээ. Энэ үед тухайн нэр дэвшигчийн дэмждэг баг түрүүлбэл саналын тоо нь огцом нэмэгддэг судалгааны дүн байгаа юм.

Энэ жил тамирчид ард түмнийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан. Спорт сонирхогчид сонгуульд идэвхтэй оролцвол Ардчилсан намд ашигтай байдаг “дүрэмтэй”. 2016 онд ижил хүйстнүүдийн 78 хувь, харь арьстнуудын 88, ази гаралтай иргэдийн 65, испанихэлтнүүдийн 65 хувь нь Клинтонд санал өгсөн байлаа. Өөрөөр хэлбэл цөөнхүүд Ардчилсан намыг сонгодог гэсэн үг.

Ингэхэд спорт 2020 оны сонгуульд нөлөөлж чадсан уу?

2016 онд явуулсан санал асуулгаар спортын сэтгүүлчдийн 96,1 хувь нь Трампын эсрэг санал өгсөн дүн гарчээ. Спортын багийн эзэд ч Трампын эсрэг байлаа. Тэдний АН-ын нэр дэвшигчид өгсөн хандив нь БНН-ын нэр дэвшигчид өгсөн сонгуулийн хандиваас 15 хувь их байгаа юм. ЛеБрон тэргүүтэй хар арьст тамирчидтай дайтаж, олон нийтийн сүлжээгээр маргалдсан нь Трампад ашиг авчраагүй. Залуучуудад спортын од, шүтээнүүд нь маш их нөлөөлдөг нь эрт үеэс тогтоогдсон зүйл.  

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялсан нь тодорхой болсны дараа л спорт, тамирчид сонгуульд хэрхэн нөлөөлж чадсан эсэх нь мэдэгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top