“ТВ8” телевизийн “ЯРИЛЦАХ ЦАГ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор “Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагын захирал Б.Ганзориг оролцлоо. Түүнтэй сэтгүүлч Б.Мөнхзаяа уулзаж, ярилцсаныг товчлон хүргэж байна.
-Танай “Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас “Монгол хүч-5000” ажилчин ангийн анхдугаар чуулга, уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга, уулзалтын зорилго юу вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ сарын 17-ны өдөр болох чуулга, уулзалт маань Монгол Улсын барилгын салбарын чиглэлийн бүтээн байгуулалт, түүнд ажиллаж байгаа ажилчдын дунд болно. Гол зорилг нь, бидний хаягдаж хөндөгдсөн эрхийг сэргээх юм. Өнөөдөр манай ажилчин ангийнхныг төр, засгийнхан залхуу, бүтээн байгуулалтад оролцдоггүй гэж үздэг. Тэр нэрийг зүүгээд явж байгаа юм. Ажил тасалдаг, архи уудаг, хариуцлага байхгүй, чадамж байдаггүй зэрэг нэршлийг манай ажилчин ангийнхан зүүж явж байна. Үүнийг засаж, залруулах юм.
Монгол залуус юм хийж чаддаг, гаднын оронд Монгол залуус ажлыг сайн хийж чаддаг гэж хэлэгддэг, яригддаг. Тэгэхээр эх орондоо амьдарч байгаа хүмүүс энэ асуудалд өөрсдөө хичээл, зүтгэл гаргая л гэж байгаа юм. Дээр нь 2021 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж байна. Үүнд нэгдэж, гар бие оролцох хэрэгтэй байна. Идэвхтэй оролцож, ажлын байраа авч үлдэх, ажил олгогч болон төр засагтайгаа зөв ойлголцохын тулд өөрсдийн үзэл бодлоо зөв илэрхийлэх шаардлагатай байна. Ойлголцолд хүрэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, чадамжтай, чадварлаг, нэгдмэл хамт олон, дайчин зэрэг зүйлийг эхлээд бүрдүүлсэн байх ёстой юм байна.
-Барилга, бүтээн байгуулалтын салбар бол улирлын чанартай. Аль, аль талаас нь маш олон гомдол гардаг. Тэдний ихэнх нь цалингаа авч чадахгүй байна гэх шүүмжлэл байдаг л даа. Ажил олгогчдын зүгээс үүнд ямар байр суурьтай байдаг юм бол оо?
-Аль, альд нь буруу өгөх арга байхгүй. Ажилчин ангид маань мэргэжлийн бус хүмүүс их байна. Өрнөөс өр, зээлнээс зээлний оронд явж байгаа залуус өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Энд өөрсдийнх нь хараа хяналт байхгүй. Ингэж ажиллаж байгаа хүмүүст гурван сарынх нь сургалтад сууж, үнэмлэх авах боломж, цаг нар нь байдаггүй. Үүнийг бид цэгцлэх хэрэгтэй. Ажил олгогчид гэрээ хийлээ, ажлаа хий гэдэг шаардлага тавьдаг. Тэнд тухайн ажилчнийх нь ар гэр ямар, гэр нь хэр хол байдаг, чадвартай эсэх зэрэг судалгаа байдаггүй. Зүгээр л ажлаа хий гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгээд мөнгөө ав гэдэг үзүүлэлтийг тавьж байгаа юм. Уялдаа холбоо зохицуулалт байхгүй болохоор ажилчин ангийнхан хамтарч нэгдэе л гэдэг зүйлийг хэлээд байна л даа.
Манай байгууллага бидэнтэй нэгдэхийг хүсэж, уриалж байна. Бүгдээрээ нэгдэж, санаа бодлоо хуваалцах хэрэгтэй байна. Илүү цагийн хөлсөө авдаг болох зэрэг уялдаа холбоог хэлээд байгаа юм. Дээр нь манай байгууллага хөдөлмөрийн хувцасаар нэг удаа үнэ төлбөргүй хангана. Чадамжгүй бол 14 хоногийн сургалтад гаргана. Үүнээс чадамжийн гэрчилгээг нь гаргаж өгнө. Тэрхүү гэрчилгээ нь хаана ч хүчинтэй байна. Иймэрхүү зүйлийг нь төр, засгийнхан нь анхаарч байгаа тохиолдол нэгдээд хамтрах л хэрэгтэй байгаа юм.
-Тэгвэл “Монгол хүч-5000” ажилчин ангийн анхдугаар чуулга, уулзалтад төрийн ямар байгууллагууд оролцох вэ. Чуулга, уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт хэрэгтэй, уялдаа холбоотой, харилцааг зохицуулж явдаг 10-аад байгууллага байдаг. Тэрний зургаан байгууллага нь оролцоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гадна Нийслэлийн Тамгын газрын Нийгмийн даатгалын газар, Ажил олгогчдын холбоо, Барилгачдын холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэл зэрэг олон байгууллага оролцох юм.
Жишээ нь, шинээр томилогдсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд залуу хүн байна билээ. Түүний ярьж байгаа зүйл нь их таалагдаж байгаа. Учир нь, залуусыг халамжаас хөдөлмөрийн нийгэм рүү шилжих. Та хөдөлмөрлө, хөдөлмөрлөж байгаа ажилчин ангийг дэмжинэ гэж байгаа юм. Дээр нь үнэлгээг нь хийгээд үнэмлэхийг нь өгнө. Нийслэлийн Тамгын газраас хүмүүс оролцуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил өрнөлөө гэхэд тэнд амьдарч байгаа ажилчин ангиас ажиллана. Тэр Сонгинохайрхан дүүргийн бүтээн байгуулалтын ажилд өөр дүүрэг, аймгаас ажилчин хэрэггүй. Хаа байсан хятадаас ажиллах хүч авч ирэх шаардлаггүй болж байгаа юм.
Монгол Улсад барилгын салбарт бүртгэлтэй 478 бригад бий. Нэг 15 хүнтэй гэж бодохоор хэд болох билээ. Тэд бүгдээрээ нийгмийн даатгал төлдөггүй. Энэхүү чуулга, уулзалт дээр нийгмийн даатгалаа төлснөөр ямар боломж гарч ирэх вэ, нэгдсэнээр бид хариуцлагатай иргэн болж төлөвшинө. Гэрээгээ яаж хийх вэ, мөнгөө хэрхэн олж авах вэ, хөдөлмөрийн гэрээгээ ямар хэлбэрээр хийх вэ зэрэг бүх талын мэдлэг, мэдээлэлтэй болж авна. Ингэснээр ажил олгогч болон ажилчин анги хоорондын итгэл бүрэн сэргэнэ. Хөдөлмөрийн зах зээл дээр хүний нөөцийн төв бий болсноор ажил олгогчид ажилтан хайх шаардлагагүй болж байгаа юм. Нийгмийн даатгал төлж, тогтмол орлоготой болгосноор тухайн ажилчин ангийн иргэн амьдрал нь баталгаатай болж байгаа юм. Энэ мэт давуу талууд бий болно.
-Өнөөдөр барилгын салбарт хэчнээн ажилтан ажилладаг юм бэ?
-Барилгын салбарт ажилгүйчүүдийн буюу ажлын зараар дамжиж зуучлагдсан ажилтан хамт олонгүйгээс болж ажлаас халагдсан тоо их. Нэгдсэн тоо байдаггүй. Гэхдээ өнөөдөр 80-аад мянган залуус байгаад байгаа юм. Бид ирээдүйд “Монгол хүч-5000” төслийг хэрэгжүүлнэ. Манай Монгол залуус юуг ч хийж чадна. Гагцхүү урмаар сайхан тэтгээд л өгөх хэрэгтэй байна. Эхний удаад энэхүү чуулга уулзалтыг хийнэ. Дараа нь энэ өвөлдөө 1000 ажилчны нийгмийн асуудлыг шийднэ. Нэгдмэл хамт олон болсноороо фонт байгуулах хэрэгтэй.
-“Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллага энэ бүхнийг зохион байгуулснаас хөлс авах уу?
-Манайх хөлс авахгүй. Бид өөрсдөө тэр залуустай ижилхэн цалингаа аваад л ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )