ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Өнөөдөр 2020.11.11. Энэ оны 316 дахь өдөр. Он дуусахад 50 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 53 минутад мандлаа. 17 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын худалдан авалт хийх өдөр. Мөн Олон улсын өнчин хүүхдүүдэд туслах өдөр юм. Анголд Тусгаар тогтнолын баяр, Их Британид Дэлхийн нэгдүгээр дайн дууссан өдөр, Хятадад Ганц бие хүмүүсийн өдөр, Польшид тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Ахмад дайчдын өдөр тохиож байна.

Энэ өдөр Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо, Германы хөл бөмбөгч Филипп Лам, Никарагуагийн Ерөнхийлөгч асан Даниэль Ортега, Японы дуучин Рэйна Танака зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Английн телевиз дэлхийд анх удаагаа цаг агаарын мэдээ дамжуулсан байна.

1843 оны энэ өдөр Данид Ханс Кристиан Андерсений “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр анх хэвлэгджээ.

1889 оны энэ өдөр Вашингтон АНУ-ын 42 дахь муж болов.

1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Шанхай хотыг эзлэн авчээ.

1975 оны энэ өдөр Ангол улс Португалын эрхшээлээс гарснаа зарлав.

Өнөөдөр үс засуулвал жаргал үргэлж ирнэ.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр лус тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, архи уух, тамхи татахыг цээрлэ.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top