ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Өнөөдөр 2020.11.12. Энэ оны 317 дахь өдөр. Он дуусахад 49 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа. 17 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хатгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр. Азербайжанд Үндсэн хуулийн, Индонезид Аавуудын, Тайваньд Соёлын сэргэн мандалтын, Коморын арлуудад Үндэсний баяр, Зүүн Тиморт Залуусын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Энн Хэтэуэй, Канадын жүжигчин Райан Гослинг, Вьетнамын төгөлдөр хуурч Тран Тху Ха, Японы манга зураач Минами Канан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910 оны энэ өдөр анхны орлон тоглогч кино зураг авалтын үеэр шатаж байгаа агаарын бөмбөлгөөс Гузон голд үсэрчээ.

1917 оны энэ өдөр Петроградын Өвлийн ордныг Улсын музей болгов.

1933 оны энэ өдөр Германы парламентын сонгуульд Нацист нам 92 хувийн саналаар ялалт байгуулжээ.

1945 оны энэ өдөр Югославын Ерөнхийлөгчийн сонгуульд Иосип Броз Тито ялав.

1973 оны энэ өдөр хип-хоп хөгжим төрсөн гэж үздэг.

1990 оны энэ өдөр Японы Эзэн хаан Акихито хаан ширээндээ заларчээ.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр бүтээл туурвил эхлэх, цар ихтэй үйл хийж эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг өгөх, лус тахих, мал авах, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top