СБД-ийн Онцгой комиссын дарга Х.Болормаа сахилга баттай ажиллахыг үүрэг болгов

2020 оны 11 сарын 12

БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САХИЛГА БАТТАЙ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

 

Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 2020 оны 11 дүгээ сарын 17-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хатуу хөл хорио тогтоосон. Засгийн газрын энэхүү шийдвэрийн дагуу дүүргийн Онцгой комисс шөнийн 01:30 /2020.11.12-ны/ цагт хуралдав.

Дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаа Монгол улс цар тахлын шинэ нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллагууд, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагууд, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллана.

Болзошгүй эрсдэлээс ард иргэдээ хамгаалахын тулд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тиймээс дүүргийн бүх шатны байгууллагууд нарийн зохион байгуулалтад орж ажиллана. Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хяналтдаа авахыг зорьж байгаа. Тийм учраас бид шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэргийлж ажиллах онцгой үүрэг хүлээж байна. Мөн иргэдийг айж сандралгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, бүх түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллахыг анхааруулав. Түүнчлэн дүүргийн бүх шатны байгууллагын удирдлага гэнэтийн байдалд бэлэн байж, доод шатны албан хаагчдаа шууд удирдлага, мэдээлэл, арга зүйгээр яаралтай хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Top