Коронавирусний тархалтыг хумих үндсэн арга зам бол хөл хорио, хязгаарлалтыг тодорхой хугацаанд ягштал дагаж мөрдөх явдал гэдэг нь өнгөрсөн 11 сарын хугацаанд дэлхийн улс орнуудын жишээнээс харагдаж буй.
Монгол Улсын хувьд дотоодын халдвар хагас мянгаас давсан энэ онцгой үед хаа хаанаа Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг үе гэдэгтэй эвлэрч, иргэн, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай хандах ёстой.
Онцгой нөхцөл байдалд хариуцлагаа ухамсарласан иргэд олон байгаа ч “дайны хажуугаар дажин” гэгчээр улс оронд үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлд ажиллаж буй хүмүүсээ санаатайгаар буруушаасан, харлуулсан зүйлийг олон нийтийн сүлжээгээр цацаж, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй, эв нэгдэлгүй байдалд хүргэх санаатай, санаандгүй алхам хийж байгаа хүмүүс ч бас байна.
Тухайлбал, халдвар тархах үндсэн урсгал байх хамгийн өндөр эрсдэлтэй нийтийн тээвэрт хийсэн зохицуулалтыг хэн нэгэн албан тушаалтан ганцаараа дур мэдээд гаргачихсан юм шигээр худлаа мэдээлэл цацаж байгаа юм.
Угтаа бол өнөөдөр хөл хориотой холбоотойгоор улсын хэмжээнд мөрдөгдөж буй бүхий л зохицуулалтыг Улсын Онцгой Комисс, Засгийн газрын түвшинд эцэслэн гаргаж байгаа. Тэдгээр арга хэмжээг нь хэрэгжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг даргаас эхлээд холбогдох бүхий л албан тушаалтнууд хүлээж байгаа юм.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ “Хөл хорионы дэглэмийг 90 хувь сахиж чадсан улс орон коронавирусний тархалтыг 40 хувиар бууруулж чадсан, дэглэмийг 80 хувь сахиж чадсан орон тархалтыг 30 гаруй хувиар бууруулж чадсан статистик байна. Улс орнуудын туршлагыг харахад хөл хорио хамгийн үр дүнтэй арга хэмжээ болоод байна. Тиймээс ард иргэд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төр засгийн зүгээс, бусад байгууллагуудаас тавьж буй шаардлагыг ухамсартайгаар хүлээн авахыг сануулж байна” хэмээн мэдэгдэж байсныг энд сануулахад илүүдэхгүй байх.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед нарийн цагийн хуваарьт орох ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдлын гол ач холбогдол харагдахгүй болж байна. Тиймээс хөдөлгөөнийг хумих байдал руу орж, хатуу зохицуулалт хийхгүй бол болохгүй байгааг ард иргэд зөвөөр хүлээж аваарай” гэдгийг хэлж байсан. Тэрбээр Улсын Онцгой Комиссийн шийдвэрийн дагуу Нийслэл хотод хатуу хөл хорионы арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтны хувиар ийм байр суурийг илэрхийлж буй ойлгомжтой юм.
Гэвч түрүүн хэлсэнчлэн хотын даргын шийдвэрээр нийтийн тээврийн цагийн хуваарь өглөө 07:00-10:00 цаг хүртэл, орой 17:00-20:00 цагийн хооронд явахаар болсноос үүдэн автобус хүлээсэн иргэдийн ачаалал нэмэгдэж байна гэх хандлага сошиалд харагдах нь цөөнгүй байна.
Онцгой нөхцөл байдлын үед гарч буй шийдвэрүүддээ хурдан хугацаанд үнэлэлт, дүгнэлт хийж, маневр хийх жишиг дэлхийн бусад бүх л орны жишээнээс харагдаж байгаа юм.
Түүнчлэн манай улсын тухайд ч нийтийн тээвэрт өглөө оройдоо үүсээд буй иргэдийн бөөгнөрөлийг зохицуулах чиглэлээр Нийслэлийн онцгой комисс хэлэлцэж буй бөгөөд саналаа Улсын Онцгой Комисст танилцуулна гэсэн мэдээлэл байна.