Худалдааны төвүүд нээгдлээ, АМЬДРАЛ асуултуудаа тавьж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны Засаг дарга Ч.Буянтогтохын шинэ долоо хоногийн ажил тус хорооны нутаг дэвсгэр дэх худалдааны төвүүдээс эхэллээ.

Хотын яг төвд, хуучнаар II 40 мянгатад байрладаг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо 3600 хүн амтай, 950 өрхтэй. Хэдий талбай багатай ч хөл хөдөлгөөнөөрөө дүүрэгтээ л тэргүүлдэг. Олны ярьж заншсанаар “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Юмт Бөмбөгөр” худалдааны төвүүд энэ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болохоор арга ч үгүй биз.

Улсын Онцгой комисс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс нийслэл хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан, Ч.Буянтогтох дарга Ажлын албаныхантайгаа хамт хорооны харьяа худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг шалгаж, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзан, санал бодлоо солилцжээ.

Уулзалтын үеэр амьдралаас урган гарч байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тодорсон байна. Нэн түрүүнд орох, гарах үүд гарцын хүрэлцээ, хяналтын асуудал босчээ. “Бөмбөгөр” худалдааны төв 7, “Алтжин” худалдааны төв 6 гарцтай. “Шөнийн зах” ажиллах үед энэ тоо 8 болж нэмэгддэг. Тэр хэрээр үүдээр орж гарч буй хүмүүст хяналт тавих шаардлага гарна. Түүнийг дагаад хүн хүч шаардагдана. Тиймээс худалдааны төвүүд гарц, хаалгыг оновчтой, зохистой тогтоож, хөдөлгөөний гол урсгал дээр хүний нөөцөө хуваарилан, үйлчлүүлэгчдээ бүртгэх, хянах хэрэгтэй болжээ. 

Монголын цаг уурын онцлогоос шалтгаалсан хүндрэлүүд ч бас гарч эхэлсэн байна. Жавар эрс чангарч байгаа энэ өдрүүдэд үүдэн дээр орж буй хүмүүсийн халууныг хэмжих гэхээр төхөөрөмж нь царцаад үзэж болохгүй байгаа талаар худалдааны төвийнхөн Ч.Буянтогтох даргад учирласан.

Цар тахлын үеийн нөхцөл, шаардлагаас улбаалан иргэдэд ч, байгууллагуудад ч шинэ шаардлагууд тавигдах болсон нь QR код, камержуулалт юм.

Шат шатны Онцгой комиссоос үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахим мэдээллийн системйг ашиглан эрсдэлээс хамгаалах,  эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авахыг сануулж байгаа. Тэр дагуу байгууллага, аж ахуйн нэгжүүд QR кодоо үүсгээд эхэлжээ.

Харин иргэд энэ Даваа гарагаас очсон, үйлчлүүлсэн газруудынхаа QR кодыг E barimt аппликейшнд уншуулж, явсан газрынхаа маршрутыг хадгалах үүрэг хүлээж байна. Хэрвээ хувь иргэнээс үйлчилгээ авсан тохиолдолд тухайн хүний иргэний үнэмлэх дэх цахим чипийг уншуулах аж.

Хөл хөдөлгөөн ихтэй газруудад Онцгой комиссоос зохих шаардлага хангасан камер тавих, цаашид асуудал гарахад камерын бичлэг бэлэн байлгахыг шаардаж байгааг Засаг дарга уламжлахад аж ахуйн нэгжүүд дор бүрнээ л бяцхан тайлбар тавиад авлаа.

Камерийн хүрэлцээ, чанар, хяналтын асуудал санхүүтэй шууд холбоотой тул шат шатны Онцгой комиссын тавьж байгаа шаардлагыг хангахын тулд аж ахуйн нэгж, байгууллагууд ахиад л халаасаа ухахад хүрч байна. Гэтэл түүн дээр нэмж, буруутай этгээдтэй эргэж хариуцлага тооцох боломжгүй, гэнэтийн хохирлууд гарч байгаа нь иргэд, байгууллагуудыг бухимдуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд, “Алтжин” худалдааны  төв 120 камертай, гэтэл ойрхны өдрүүдэд урьдчилж мэдэгдэлгүйгээр гурван удаа цахилгаан тасалснаас үүдэн 10-аад камер нь жагсаалаас гарч, шатжээ. Хохирлоо нэхэмжлээд явах гэхээр дэмий л цагаа үрсэн хэрэг болох магадлалтай тул энүүхэндээ л бухимдаад, эвдэрхий камеруудаа солиод л өнгөрч байгаа юм байна.

Энэ яриаг сонсоод, ийм онцгой цаг үед төрийн хувийн гэлгүй байгууллага бүхэн хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, бусдадаа хохирол учруулахгүй байхад анхаарууштай санагдсан.

Худалдааны төвүүд дээр босож байгаа бас нэг асуудал бол “Тусгаарлах өрөө” юм. Хэрвээ болзошгүй нөхцөл үүсэж, халдвартай хүн үйлчлүүлсэн, илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-өөс мэргэжлийн багийнхныг иртэл тухайн хүнийг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахих ёстой. Түүний тулд “Тусгаарлах өрөө”-г хэрхэн яаж бэлтгэх талаар мэргэжлийнхний зөвлөмж аж ахуйн нэгж, байгууллагуудад нэн хэрэгтэй байна. 

Засаг дарга Ч.Буянтогтохын танилцуулснаар, амьжиргааны түвшин дундаж иргэд амьдардаг орон сууцны хороо хэдий ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд 247 иргэн, 86 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. Ялангуяа хатуу хөл хорио тогтоосон сар гаруйн хугацаанд тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн, “Ган”  хүнсний бөөний төвүүд, “Бэтүб” хийд, “Жүр үр” компаниуд өөр өөрийн боломжоор хандив тусламж үзүүлжээ. “Та Чи март”, “Энх-Оюу” гээд долоон жижиг хүнсний дэлгүүр хүнс,  “Өлзийт хан” бөс барааны дэлгүүр маск, хамгаалалтын хувцас тус хорооны ажилтнууд болон иргэдэд хандивлажээ. Эдгээр тусламж, хандивт тус хорооноос сонгогдсон нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчид ч бас нэмэрлэсэн байна. Хүнсний тусламжийн багцад гурил, будаа, ургамлын тос, гоймон гэх мэт

Хөл хөдөлгөөнийг хорьсон өдрүүдийг ашиглан хоёрдугаар хороонд ажилладаг “Инээмсэглэл” дэлгүүр орчиндоо гэрэлтүүлэг тавьсан байна. Өвлийн улиралд хүн явахад халтирч гэмтэх эрсдэлтэй нарийн зам гэрэлтэй болсноор хоёрдугаар хорооны иргэд ч энэ дэлгүүрээр үйлчлүүлэхэд амар болжээ.

Ковид-19-ийн үеийн нийслэлчүүдийн амьдралын нэгэн агшинг сурвалжилж, хотын төвийн нэгэн хороонд хэсэгхэн саатахад ийм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top