Цахилгааны өндөр ачааллын 94 хувь нь ГЭР ХОРООЛОЛД ногдож байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн шийдвэр гарсны дараа хэрэглээний ачаалал хэвийн үеэс 2-3 дахин нэмэгдэж, эрсдэлтэй нөхцөл үүсжээ. 

Тодруулбал зарим хэсэгт цахилгаанд дамжуулагч болон хүлээн авагч төхөөрөмжүүд саатал өгч, хязгаарлах нөхцөл үүсээд байв. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ.

Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа аж.

Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахдаа Эрчим хүчний яам, ЭХЗХ-нд журам гаргах үүргийг давхар өгсөн байсан бөгөөд өнөөдөр тус журам батлагдаад байна. "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-д зааснаар 17.00-21.00 цагийн хооронд хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Гэхдээ энэ нь цахилгаан халаагууртай өрхүүдэд хамаарахгүй юм.

Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм.  

Мөн хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцахаар зохицуулсан. Жишээлбэл, өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ арванхоёрдугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм.

Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбарласан.

Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлал бий бөгөөд энэ дагуу тооцох аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top