ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Өнөөдөр 2020.12.25. Энэ оны 360 дахь өдөр бөгөөд он дуустал зургаан хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:41 цагт мандаж, 17:04 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод -13 хэм хүйтэн, үүлшинэ.

Энэ өдөр БНХАУ-д Үндсэн хуулийн өдөр, Мозамбикт Гэр бүлийн өдөр, Туркт Эрх чөлөөний өдөр тохиож байгаа бол Христийн шашинтнууд Христийн төрсөн өдөр буюу Зул сарын баярыг тэмдэглэж байна. Өнөөдөр Германы яруу найрагч Фридрих Вебер, Швейцар гаралтай АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Луи Шевроле, Хилтон зочид буудлын сүлжээг үүсгэн байгуулагч Конрад Хилтон, АНУ-ын зохиолч Карлос Кастанеда, “Nightwish” хамтлагийн ахлагч Туомас Холопайнен нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-336 онд Ромд Зул сарын баярыг тэмдэглэсэн тухай түүхэн баримтад дурджээ.

-1932 онд Хятадын Ганьсү мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 275 хүн амиа алджээ. 

-1946 оны энэ өдөр хуучин ЗХУ-д И.В.Курчатовын удирдлага дор Европт анх удаа цөмийн реакторыг ажиллуулав.

-1979 онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд анх оров. Цэргүүдийг тээвэрлэж байсан цэргийн Ил-76 онгоц Кабулын дэргэд осолдож, 47 хүн амь алдсан нь Афганистаны дайны эхний золиос болов.

-1989 онд Румыны төрийг 1965-1989 оны хооронд тэргүүлсэн Николае Чаушескуг эхнэрийн хамт буудан хороов.

-1991 оны энэ өдөр Михаил Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоржээ.

-2003 онд Бенин улсын Котон хотод “Боинг 727” онгоц осолдож, 140 хүн амь үрэгдэв.

-2010 онд Дэлхийн бөмбөрцгийн хойд талд (Европоос АНУ-ын хооронд) хоёр долоо хоног үргэлжилсэн ер бусын мөсөн бороо эхэлжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top