Украин сүмоч Сергей Соколовскийн тухай өгүүлэхүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Мэргэжлийн сүмо дахь Украины цорын ганц бөхийг Сергей Соколовский гэдэг. Ирүмагава дэвжээний санданмэ зиндааны бөх бөгөөд Шиши нэрээр барилдаж байгаа. 2020 оны Нэгдүгээр сарын тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орж, Нагоя башёд анх барилдаж эхэлсэн.

191 см өндөр, 162 кг жинтэй. Мелитополь хотын уугуул. Сонирхогчдын сүмо бөхийн 2017 оны Европын аварга. ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай. 23 настай.

Доод талын гурван зиндааг украин залуу 6:1 гэсэн ижилхэн амжилттай туулсан. Жониданд нэг түрүүлэх дөхсөн ч манай Хокүсэйход ялагдаж байсан. 2018 оны арваннэгдүгээр сард Японд ирж, бүтэн жил дадлага хийсний эцэст мэргэжлийн бөх болжээ. Ирүмагава ояката “Сонирхогчдын сүмогоор ДАШТ-д оролцож байсан залуу. Маш чадалтай. Ер нь бол “Жижиг Барүто” гэсэн үг. Барүтогоос ялгаатай нь манай бөх толгойгоороо мөргөлдөхөөс огт эмээдэггүй. Макүшита хүртэл ямар ч асуудалгүй дэвшиж чадна” гэж ярьсан бол Сергей Соколовский өөрөө “Точиношиний барилдаан таалагддаг. Ёкозүна болох зорилготой” гэж хэлж байлаа. Ирүмагава дэвжээ өмнө нь Эстониос Отт хэмээх сонирхогчдын сүмо бөхийн элит залууг элсүүлж, Китаожи нэрээр барилдуулсан түүхтэй. Отт жонокүчид 5 давж, 2 унан, жониданд дэвшсэн ч сүмо бөхөд дасалгүй, гэрээ санаад ганц тэмцээний дараа зодог тайлж байв. Харин Оттой хамт ирсэн Барүто озэки болж байлаа. Тийм болохоор энэ удаад шинэ европ бөхөө бүтэн жил дадлагажуулсны эцэст албан ёсоор элсүүллээ.

Сергей Соколовский бол сонирхогчдын сүмогийн ертөнцөд нэртэй бөх. Түүний талаар төрөлх Украинд нь 2019 онд гарч байсан нийтлэлийг орчуулан хүргэе. Японд дадлага хийж байсан үеийнх нь нийтлэл юм.

“РИА Мелитополь”

Украины шилдэг сүмоч Сергей Соколовский Японд шинэ нэртэй болно

Украины сүмогийн од, шигшээ багийн лидер, Мелитополь хотын Сергей Соколовский одоо Японд гялалзаж байна. Тэр Японы Эзэн хааны клубт сүмогийн ур чадвараа сайжруулж байгаа. Украин улс сүмод 100 жилд анх удаа ийм амжилт үзүүлж байна. Наран оронд манай аварга хэрхэн амьдарч байгаа талаар түүний дасгалжуулагч Руслан Куксов “РИА Мелитополь” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

21 настай Сергей Соколовский бол Эзэн хааны сүмо клубт дадлага хийж байгаа цорын ганц украин тамирчин. Хэрэв тэр өөрийгөө харуулж, гэрээ байгуулж чадвал Японы сүмоч болно. Сүмо бол Японд жирийн нэг спорт биш гүн ухаан юм. Тэнд сүмочдоо жинхэнэ баатар шиг хүлээн авдаг. Мелитополь хотын жирийн нэг залууд ийм боломж олдоно гэж хэн ч таамаглаагүй байлаа. Тамирчны амьдрал хэцүү. Тэр өөрийн боломжоо хөлс, цусаараа олж авсан юм.

Үлэмж биет хаалгач

Руслан Куксов бол ДЮСШ № 1 сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч хүн. 30 жил их спортод чанагдаж, 15 жил багшлахдаа тэрээр чөлөөт бөхийн 8 спортын мастер, сүмо бөхийн нэг ОУХМ төрүүлсэн юм. Сергейг тэр анх зургаан жилийн өмнө харжээ. Хуучны уламжлал ёсоор Руслан гайгүй тамирчин болчихоор хүүхэд гудамжинд хайн, алхаж байв. Гэтэл хөлбөмбөгийн талбай дээр тохирохоор хүүхэд харагдах нь тэр. Ирээдүйн сүмо бөхийн од, үлэмж биет Сергей найзуудтайгаа хөлбөмбөг тоглож, хаалганд зогсож байлаа. Тэр нөхөрсөг тоглолт Сергейн хувьд аз хийморийн цаг болж хувирсан юм. 13 настай мөртөө 100 кг жинтэй. Бөхдөө урвуулаад аваад ирлээ. Том биетэй ч намхан тул өсгөх хэрэгтэй. Турник дээр суниалгаж эхлэв. Том биетэй хүнд маш хэцүү ч Сергей хийсээр 192 см хүртэл өсөж чадсан юм. Өвөө нь аварга том хүн байсан тул ген нь ч бусдаас өөр байсан хэрэг.

Хамгийн сонирхолтой нь Мелитополд сүмогийн секц байсангүй, одоо ч байхгүй. Сергейг сүмоч болгохоор багш шийдсэн учир нь жин байв. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 125 кг-аас тэр хол давсан. Руслан чөлөөт бөх, сүмо хоёрын техник хосолж болно гэж үздэг. Хэрэгцээтэй жинтэй байхад чөлөөт бөхийн тамирчин сүмо бөхийг амархан эзэмшиж чадна гэж тэр хэлж байлаа. Гэхдээ хамгийн гол нь хөл сайтай байх.

Руслан Куксов

Жинхэнэ ган болд

Өндөр нуруутай, чийрэг биетэй Сергейг бүдүүн, тарган гэж хэлэхгүй. Бие бялдраас гадна Сергейн зан ааш спортод тохирсон. Тайван, өөртөө итгэлтэй, тэсвэртэй, жинхэнэ ган болд гэнэ.

“Спортод хамгийн чухал нь том тэмцээний өмнө сандарч, айж тэвдэж болохгүй. Манай Сергей бол энэ талаараа ёстой л робот гэсэн үг. Амьдрал дээр ч тайван, хөдөлмөрч. Залуу хүн ч спортыг амьдралынхаа тэргүүн зорилго болгосон хүн” гэж Руслан Куксов ярьж байна. Нэг удаагийн тэмцээн дээр хөлийн хуруу нь хугарсан ч барилдсаар түрүүлж байжээ.

Сергейн нэр одоо сонин хэвлэл дээр байнга гарч, түүгээр бүгд бахархдаг. Киевээс сэтгүүлчид ирж, түүний тухай кино хийсэн. Гэхдээ үргэлж ийм байсан хэрэг биш. Японд Сергейг сонирхож байгаа сураг гарснаас хойш л хүмүүс ярьж, бичиж эхэлжээ.  

“Сергей баян хангалуун айлын хүүхэд биш. Тэмцээнд оролцох зардлыг нь бид цуглуулах гэж бөөн юм болдог байлаа. Анх Европын аварга болохдоо тэр бараг л уранхай өмд, гуталтай байсан. Хэтрүүлсэн юм биш шүү. Би олон ивээн тэтгэгчтэй ярилцаж үзсэн, цөөхөн хэд л тусалж байсан. Баян хүмүүс гэхэд дөнгөж 100 гривен л өгч байлаа. Харин одоо тэд утасдаад л өөрсдийг нь ивээн тэтгэж байсан гэж хэлээрэй гээд л гуйдаг болсон” гэж дасгалжуулагч нь харамсангуй ярьж байлаа.

Тивийн хэмжээний 14 тэмцээнд түрүүлж, нэртэй тамирчин болсон хойноо ч түүнд санхүүгийн тусламж хэрэгтэй байсан. Тэмцээний зардал байтугай бэлтгэлийн хувцас ч авч өгөх мөнгө эцэг эхэд нь байгаагүй гэнэ.

Япончууд Сергейг анх сонирхоод хөдөөгийн жижиг хотын залуу гэдгийг нь сонсоод ихэд гайхаж байжээ. Японы тамирчид украинчууд Сергейд олон саяын хөрөнгө оруулалт хийдэг байх гэж бодож байсан гэдэг.

Аваргын япон хоолны меню

Мелитопольд байхдаа Сергей маханд их дуртай байжээ. Уламжлалт талхтай сало, төмс байнга иднэ. Харин Японд очоод хоолоо өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Японд сало олдохгүй. Харин мах, ногоо, будаатай чянко хэмээх өтгөн шөл өгнө. Заримдаа жигнэсэн будааг тахиа, загасны махтай иддэг ажээ. Загас ийм олон янз байдаг гэдгийг Сергей Украинд байхдаа гадарладаггүй байж. Төмс бараг байхгүй ч будааг өдөрт хоёр кг гаруй иднэ. Ингээд Японд очсон эхний сардаа тэр 9 кг турсан байна.

“Удахгүй Сергей будаа идээд ч жин нэмэгддэг болно гэдэгт би итгэлтэй байна. Шарсан хоол идмээр санагдаад Макдональдс ордог гэж тэр надад ярьсан. Сүмочдод хоолны мөнгө өгдөг болохоор тэр Японд өлсөхгүй байгаа” гээд дасгалжуулагч инээмсэглэлээ. Дашрамд дурдахад Японд Сергейг бага идэж байна гэж зэмлэдэг гэнэ. Харин Руслан шавиа хэр иддэгийг сайн мэднэ. Тийм болохоор сүмочид багшдаа загнуулахгүйн тулд асар их иддэг болж таарлаа гэж Руслан гайхаж байлаа.

Украин хэлний багш

Японд сүмочид үндэсний баатар л гэсэн үг. Тиймээс тэдэнд халамж  ч их тавьдаг. Эзэн хааны клубт эмч, үсчин, тогооч нарын бүтэн баг ажилладаг. Бөхчүүд ч халамждаа таарахаар маш их бэлтгэл хийдэг.

“Японд сүмочид үүрийн 05,3 цагт босно. Шууд л бэлтгэлдээ орж, 13,00 цаг хүртэл хийнэ. Дараа нь өдрийн хоол. Бараг хоёр цаг хэртэй удаан, тайван иддэг гэж байгаа. Тэгээд амралтын цаг, хичээл, оройн хоол” гэж Руслан шавийнхаа өдрийн дэглэмийг танилцууллаа.  

Руслан долоо хоногт нэг удаа Сергейтэй утсаар ярьдаг. 10 цагийн зөрүүтэй тул Сергей өдөр унтаж амарч байхад  Мелитопольд 08,00 цаг.

Хатуу дэглэмтэй ч дэглээд байдаггүй гэж Руслан ярьж байна. Шинэ бөх бусдынхаа аяга таваг угааж, хамгийн сүүлд хооллодог ч дээрэлхээд байдаггүй гэнэ.

“Зан аашнаас их юм шалтгаална. Хэрэв нялцгар амьтан байвал сургана шүү дээ. Харин манай залууг оролдоно гэж байхгүй. Сергей бол хүчирхэг баавгай, гэхдээ зөөлөн зантай. Түүнийг Японд хүндэлдэг” гэж Руслан хэллээ.

Сергей Японд одоогоор англи хэлээр ойлголцож байгаа ажээ. Чөлөөт цагаараа нутгийн хүмүүст украин хэл ч зааж байна. Сүмо бөхийн хувцастай болсон тул тэр хувцсаа өндөр тушаалын япончуудтай уулзахдаа өмсөнө. Ажлын костюм, зангианы оронд хэрэглэнэ. Том биетэй ч хувцсаар дутагдах зовлон түүнд үгүй.

Машин жолоодож болохгүй

Сергей дугуй унадаг. Учир нь Японд сүмочдыг жолоо барихыг хориглодог. Энэ дүрмийг зөрчвөл шийтгүүлнэ. Сүмочид ихэнхдээ такси барьж, эсвэл микро автобусаар явдаг. Удахгүй манай тамирчинд япон нэр өгөх бөгөөд Сергей 3-5 жилийн дараа л эх орондоо харих юм.  Эзэн хааны клубийн хуулиар тэд жилд нэг л гадаад бөх авдаг. Сүүлийн үед гадаад бөх авах дүрэм улам хатуу болж байгаа ажээ.

Японд очихоосоо өмнө Сергей техникумд сурч байсан ч тэмцээн уралдаан гэж хичээл тасалсаар хасагджээ. Харин одоо Японы сургуульд хэл заалгаж байгаа гэнэ. Сергей Японд явахын тулд сонирхогчдын сүмогийн ДАШТ, Украины Гавьяат тамирчин цолоос татгалзахад хүрсэн.

“Бид Японыг сонгосон. Яагаад гэвэл ийм боломж амьдралд ганц л олдоно. Ингээд хэчнээн хэцүү байсан ч хамгийн хүчтэй аваргаа явуулсан даа. Сүмочийн замнал урт удаан. 45 настай сүмоч ч бий. Тийм болохоор Сергейг урд нь урт зам хүлээж байна. Мэдээж тэнд багагүй хэмжээний мөнгө олж чадна” гэж дасгалжуулагч нь ярилаа.

Сергей Соколовскийн замаар явах залуучууд гарч ирсэн нь сонирхолтой. Руслан Куксовын өөр хоёр шавь нь сүмогоор спортын мастер болоод байгаа гэнэ.

“Хэрэв шаардлага байвал бид сүмочдыг бэлтгэж чадна. Манай хотын чөлөөт бөхийн тамирчид дунд сүмод амжилт гаргах залуус хангалттай бий. Хамгийн гол нь тэд маань хэн нэгэнд хэрэгтэй бол тэр шүү дээ” гэж Руслан яриагаа дуусгалаа.

Аваргын ээж Юлия Соколовскаятай ярилцлаа

-Сергей Японд сүмо барилдаж эхэлсэн үү?

-Одоохондоо 6 сарын дадлага л хийж байгаа, тэмцээнд орохгүй. Дараа нь тэнцвэл түүнийг ажилд авна. Ялсан тоогоор нь улсаас цалин олгодог. Янз бүрийн түвшний дивизион хэсэгтэй. Ямар хэсэгт байгаагаас мөнгөний хэмжээ өөр байдаг. Би тэр хэсгүүдийг нь сайн мэдэхгүй юм. Бас бөхчүүдийг дэмждэг ивээн тэтгэгч байдаг гэсэн. Түүнд одоо япон хэл зааж, дэвтэр дээр өдөр тутмын жин, биеийн халуун, энэ тэрийг нь хөтлүүлж байгаа.

-Сергейн тамирчин болох зам хаанаас эхлэв?

-Төрөхдөө л таван кг хүнд байсан хүүхэд. Намайг дуурайсан бололтой, харин би аавтайгаа өвчсөн юм шиг адилхан. Нөхрийн минь өвөг дээдэс дунд морины тах нугалдаг хүчтэй хүн байсан гэнэ лээ. Багаасаа л аав, өвөөтэйгөө барилдах дуртай хүү байлаа. Алтай Карамович Абдуллаев, Руслан Сергеевич Куксов багш нарын ачаар чөлөөт бөхөд орсон. Хөлбөмбөг тоглож байхад нь чөлөөт бөхийн багт урьсан гэсэн. Сергей чөлөөт барилдаж байсан ч жин нь 125 кг хэтрээд 2014 онд сүмод орсон.

-Украинд сүмо барилддаг хүн олон уу?

-Манай  Мелитополд бол байхгүй. Харин Харьков, Винницад сайн хөгжсөн. Украины шигшээ багт 15-20 бөх бий. Тэд улсаас цалин авдаг. Саяхан Украины Цомын тэмцээн очиж үзлээ. 200 бөх оролцож байсан ч ихэнх нь чөлөөт, сонгомол барилдааны тамирчид байсан.

-Сергей Японд ямар байгаагаа ярьсан уу?

-Нэг багт орсон гэсэн. Баг нь түүний эрүүл мэндэд анхаарал тавьж, хариуцлага хүлээнэ. Дадлагын бөхөд нэг япон оноож өгдөг гэсэн. Залуу бөхчүүдтэй цуг том өрөөнд амьдардаг. Шалан дээр унтдаг гэж хэлсэн.

-Хатуу, хэцүү юм байна.

-Тиймээ. Гэхдээ миний хүү юм голохгүй. Ор түүнийг даахгүй эвдэрчихдэг болохоор гэртээ ч  шалан дээр унтдаг байсан юм. Харь оронд, гэр бүлээсээ хол одоохондоо хэцүү л байгаа. Хэл ус мэдэхгүй, гэхдээ Сергей угаасаа үг дуу цөөнтэй. Эрт босож бэлтгэл хийгээд дараа нь өөрсдөө хоол хийж иддэг. Клубээс нь хувцсаар хангаад хармааны бага хэмжээний мөнгө өгдөг. Гэхдээ хүү минь төөрнө гээд хот руу явж үзээгүй байгаа гэсэн.

-Хүүдээ санаа зовж байна уу?

-Үгүй. Огт санаа зовдоггүй. Украинд түүнд хийх юм байхгүй. Тэр энд юунд ч хүрж чадахгүй. Харин Японд бол түүнд том боломж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top