Анагаах Ухааны Доктор, Дэд Профессор Н.Одонгуагаас бүх нийтийг хамарсан ковид-19 халдварын шинжилгээг хийх шаардлагатай юу үгүй юу гэдэг дээр байр суурийг нь хүргэж байна.
Нийгмийн зарим төлөөллүүд Ковид-19 халдварын шинжилгээг өрх бүрээс авах ёстой хэмээн үзэж байна. Харин мэргэжлийн байгууллагууд нь шаардлагагүй гэсэн байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Манай улсын хувьд “Нэг өрх – нэг хүн” буюу нийтийг хамарсан шинжилгээ хийх нь олон хүнийг дайчлах, оношлуур тоног төхөөрмжийг үр ашиггүй зарцуулах, нөөцүүдийг үр дүнгүй ашиглах хөөсөрсөн ажил болно гэж үзэж байгаа. Эхний хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч халдварт өртвөл эерэг гарна. Хөл хорио тогтоож буй үед бүх нийтийн шинжилгээ хийх нь үр ашиггүй, үр дүнгүй зүйл. Тухайлбал Европын холбооны улсууд бүх нийтийг хамарсан тест хийхгүй байх тактик баримталж байна. Түүнчлэн халдвар хамгийн бага байгаа гэгдэх Ветьнам болон Тайваньд нийтийг хамарсан тест, шинжилгээ хийхгүй байна.
Харин нийтийг хамарсан тест хийсэн БНСУ-ыг жишээ болгож дурдая. Энэ улс өөрсдөө PCR оношлуураа үйлдвэрлэдэг, шинжилгээ хийх лаборант текникч хангалттай, аппарат тоног төхөөрөмжийг судалгааны зорилгоор өргөн хэрэглэдэг давуу талтай. Шинжилгээ хийх үед SARS-COV-2 вирусийн халдвар тархах эрсдлээс бүрэн хамгаалж, стандарт удирдамжийн дагуу ажиллаж байна. Гэтэл манай улсын хувьд дээрх нөөцүүд бүгд хомсдолтой байна. Тиймээс энэ нь ямар ч үр дүнгүй ажил болно.
Коронавирус нь нэг удаагийн шинжилгээгээр илэрчихдэггүй болохоор манай улсын хувьд бүх нийтийг хамрах нь үргүй зардал их гарна гэсэн үг үү?
Шинжилгээ хийлгээд сөрөг хариу гарсан гээд дахиж халдвар авахгүй мэт буруу итгэл үнэмшилтэй болж байна. Нэг өрх- нэг хүн шинжилгээг зохион байгуулаад дуусахад эхний хүн халдвар аваад, тараагаад, эдгээд дуусах биз. Өөрөөр хэлбэл нэг удаагийн шинжилгээгээр илрүүлдэг архаг удаан явцтай халдвар биш амьсгалын замаар тархдаг цочмог халдвар тул шинжилгээ өгөх үед нууц үедээ байх, эсвэл шинжилгээ өгөөд буцаж харих замдаа эсвэл маргааш, нөгөөдөр нь халдвар авах эрсдэлтэй. Тиймээс өндөр хүлээлт тавьж, их хэмжээний зардал гаргах хэрэггүй. Харин шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрт нь гэр бүлийн гишүүдтэй хамт тусгаарлах нь чухал. Дунд болон хүнд эмнэл зүйн шинж тэмдэгтэй хүмүүст чиглэсэн эмчилгээнд илүү түлхүү анхаарах хэрэгтэй.
Цар тахлын үед анхаарах хамгийн чухал зүйлс юу вэ?
Цаг хугацаа, зорчих хөдөлгөөн бол халдварт өвчний хамгийн чухал факторууд. Амьсгалын замын цочмог халдварын үед хоёр хүчин зүйл хамгийн чухал байдаг. 1.Цаг хугацаа 2.Зорчих хөдөлгөөн юм. Халдварын тархалтын бууруулах, Эрүүл Мэндээ хамгаалах оновчтой арга бол маскаа зүү, гараа угаа, зайгаа барь. Энэ 3 дадлаа ягштал мөрдцгөөе. Хөл хориг оновчтой зохион байгуулж чадвал үр дүн гарна. Ковид19-н тархалт, нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна. Өөрсдийн боломж, нөөцүүдээ тооцож, уялдаатай арга хэмжээ авах хэрэгтэй. Хоёрдугаар сарын сүүлчээр Монгол Улс Коронавирусийн халдварын эсрэг эхний вакцинаа тарьж дархлаажуулах замаар хүн амын дунд сүргийн дархлаа тогтоож эхлэх болов уу гэсэн тооцолол байна.