Өнгөрсөн бямба гарагт (2021.02.13) Японы Хоншю арал дахь Фүкүшима мужид болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 12 хүн хүнд бэртэл авсан гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр (2021.02.15) Японы парламентын доод танхимын төсвийн комиссын хуралдааны үеэр мэдэгджээ. Түүний мэдээлснээр, нийт 153 хүн бэртэл авснаас 12 хүн хүнд, 141 хүн харьцангуй хөнгөн бэртэл авсан ба нас барсан хүн байхгүй.
Газар хөдлөлтийн улмаас шинканзен хурдны галт тэрэгний замд гэмтэл гарсан ба энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөг хүртэл нээгээгүй байна. Үүний сацуу Хоншю арлын зүүн хойд хэсэгт автомашины хурдны зам хаагдаад байгаа аж.
Энэ сарын 13-нд тус улсын Фүкүшима мужаас зүүн хойд зүгт Номхон далайд орон нутгийн цагаар 23.08 цагт хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүчийг эхэн үед 7.1 магнитуд гэж үнэлж байсан бол хожим нь 7.3 магнитуд болгон нэмэгдүүлжээ. Тус улсад цүнамигийн аюулын талаарх анхааруулга зарласан ч хожим нь цуцалсан байна. Газар доорх хүчтэй чичирхийлэл тус улсын хойд, зүүн хойд, төв хэсгийн 10 мужид мэдрэгджээ.
Японы эрчим хүчний “Tokyo Electric Power” компани газар хөдлөлтийн дараа Фүкүшима-1 атомын цахилгаан станц дээр хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ тус улс хэд хэдэн атомын цахилгаан станцын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү Японы нутаг дэвсгэрт байрладаг цөмийн объектууд газар хөдлөлтөд өртөөгүй гэж мэдэгдсэн ч Фүкүшима-1 АЦС-ын тав болон зургаадугаар реактор болон Фүкүшима-2 АЦС-ын нэгдүгээр реакторын боловсруулсан цөмийн түлш хадгалдаг усан сангаас бага хэмжээний ус хальсан нь тодорхой болжээ.
Өнгөрсөн ням гарагт Фүкүшима мужид 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн ба голомт нь 50 км гүнд бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )