Мэргэжлийн сүмогийн ёкозүна Какүрюү Хаврын тэмцээнд гэмтлийн улмаас барилдахгүй болсон нь Японы хэвлэлээр ихээхэн шуугиан тарьж байна.
Какүрюү энэ башёд зодог тайлах эсэхээ шийднэ гэж байсан ч 9-ний өдрийн бэлтгэл дээр зүүн гуяндаа хүнд гэмтэл авч, жирийн алхахад ч хэцүү байдалд орсон гэсэн мэдээ бий. Уг нь формдоо орж байсан тул маш харамсалтай байсан нь мэдээж. Мөн шийдвэрлэх тэмцээндээ барилдалгүй зодог тайлах нь харамсалтай байх нь ч ойлгомжтой.
Японы хэвлэлээр гарч байгаа мэдээ, нийтлэлүүдээс ахмад спортын сэтгүүлчийн нэгэн нийтлэлийг онцлоё гэж бодлоо.
Гарчиг нь ч сонирхол татсаныг хэлэх нь зүйтэй.
Зодог тайлаагүйд чинь баярлалаа, Какүрюү аварга aa!
Сүмо сэтгүүлч Тоэда Кэйжи
Какүрюү энэ сарын тэмцээнд барилдахгүй болжээ. Өнгөрсөн жилийн долоодугаар сарын тэмцээнээс эхлэн барилдаагүй түүнд 11 сарын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга өгч байсан билээ. Ёкозүна өөрөө ч шийдвэрлэх тэмцээн хэмээн Хаврын тэмцээнийг нэрлэж, бэлтгэлээ хийж ирсэн. Гэвч бэлтгэл дээр зүүн гуяных нь мах тасарч, маш хүнд гэмтсэн юм. Ингээд зодог тайлах нь гэж хүмүүс бодож байсан ч Какүрюү өөрөө барилдах хүсэлтэй байна.
Одоо түүнийг зодог тайлах ёстой гэсэн шүүмжлэл маш их байна. “Ёкозүнагийн үүрэг нь барилдах байтал бүтэн жил барилдахгүй байх нь цалингийн хулгайч гэсэн үг”, “Хаврын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийднэ гэж хэлж байсан мөртлөө яагаад зодог тайлахгүй байна”, “Ёкозүнагийн нэрийг гутаалаа” гэх зэрэг олон хатуу үг сонсогдож байна. Гэхдээ хэлэхэд Какүрюү цалингийн хулгайч биш, ёкозүна цолыг ч гутаагаагүй гэж би боддог. Одоогийн Какүрюүг харахад хатуу хүнд шүүмжлэлийг хүлээн авч, хамаг чадлаараа ёкозүнагийн үүргээ гүйцэтгэх гэж хичээж байгаа нь харагддаг.
Хакүхо, Какүрюү хоёр хамтдаа өнжсөн 4 башёд мэргэжлийн сүмод ёкозүна хүн ямар хэрэгтэйг бид сайн харсан. Ёкозүнагийн дохёд гарах ёслол хийн, өдөр бүр хамгийн сүүлд барилдаж, хүч чадлаа үзэгчдэд харуулан тэр өдрийн барилдааныг өндөрлүүлснээр л ёстой жинхэнэ мэргэжлийн сүмо байдаг билээ.
Энэ бүхнийг хамгийн сайн ойлгож байгаа нь энэ хоёр ёкозүна өөрсдөө. Өөрсдийн барилдаагүй башёг хараад ёкозүна цолтны үүргээ биелүүлж чадаагүйдээ өөрсдийгөө шүүмжилж, дараагийн тэмцээнд барилдахгүй бол болохгүй гээд хамаг хүчээрээ бэлтгэл хийж ирсэн. Гэвч олон жил тэр үүргийг биелүүлж ирсэн бие хаа нь хуучных шигээ биш болжээ. Гэмтэл бэртэлтэй барилдах юм бол харин ч сайн барилдаж чадалгүй, ёкозүнагийн нэрийг гутаана. Ингэж бодоод л тэд тэмцээнд барилдалгүй өнжиж байгаа юм. Таван тэмцээнд зодоглоогүй нь Какүрюү өөрөө шийдээд авсан, “цалинтай” хөнгөхөн амралт биш. Тэр өөрөө барилдахыг маш их хүсч байгаа. Гэхдээ ёкозүна хүн хүссэн төдийгөөрөө бэлтгэл дутуу гараад барилдаад байж болохгүй гэдгээ сайн ухамсарлаад өнжихөөр шийдсэн хэрэг. Харин энэ нь энэ удаад тав дараалан давтагджээ. Түүнийг цалингийн хулгайч гэж нэрлэсэн зарим хүнийг би огт ойлгохгүй байна.
Ёкозүна хүн ялагдсан ч банцүкэ буурдаггүй. Энэ эрхээ эдлээд байлгүй, барилдахгүй удвал зодог тайлах ёстой гэж зарим хүн үзэж байна. Харин энэ нь 3-4 ёкозүна байгаад, дараагийн ёкозүна болох хүчтэн ч тодроод гарчихсан үед л хэлж болох зүйл юм. Одоо сүмод байгаа нь олон жил барилдсан энэ хоёр аварга л байна. Гурван озэки байгаа ч нэгдүгээр сард ёкозүна цолны төлөө зүтгэсэн Такакэйшёо тэмцээний голоос гарсан. Асанояма, Шёодай хоёр түрүүлэхийн төлөө өрсөлдсөнгүй, кадобанаас гараад сэтгэл нь амарсан. Хэн нь ч дараагийн аварга гэж хэлэхийн аргагүй бөхчүүд. Ойрын үед шинэ ёкозүна гарч ирэх шинж алга. Ийм үед дохёгоо орхиод зодог тайлбал харин ёстой хариуцлагагүй явдал болох биз ээ.
Сүүлийн жилүүдэд ёкозүна цолтон гэмтлээр тэмцээнд барилдахгүй болох явдал ихсэж байгаа. Судлаад үзвэл 1-т Какүрюү 217 өдөр өнжсөн үзүүлэлтээр оржээ. Дараа нь 201 өдөр барилдаагүй Таканохана, 190 өдөртэй Хакүхо, 166 өнжсөн Акэбоно гээд Хэйсэй эриний аваргууд жагсаж байна. Энэ бол тохиолдлын хэрэг биш. Ард нь сүүлийн үеийн ёкозүна цол олгох хэт хүнд болзол, одоогийн сүмо бөхийн зохион байгуулалт, бүтцийн асуудал байгаа юм.
Ганц ч түрүүлээгүй Фүтахакүрог ирээдүйтэй хэмээн ёкозүна болготол тэр түрүүлж амжаагүй хэвээр 1987 онд зодог тайлсан билээ. Түүнээс хойш ёкоүна цолыг 2 башё дараалан түрүүлсэн бөхөд л олгоно гэж дүрмээ чангалсан түүхтэй. Ёкозүна болоход тун хэцүү болсон нь мэдэгдэнэ.
Фүтахакүрогоос хойшхи 33 жилд сүмод 10 ёкозүна төрсөн. Түүнээс өмнөх 33 жилд 18 ёкозүна гарч байжээ. Ингэхээр аваргын тоо 50 хувь цөөрсөн болж таарч байна. Гурваас олон түрүүлээд озэки цолтой хэвээр үлдсэн бөх Фүтахакүрогоос өмнө байгаагүй бол түүнээс хойш үед 5 түрүүлсэн Кайо, 3 түрүүлсэн Конишики, Чиёотайкай, Точиазүма нар байна.
Болзол чанга байхаар мэдээж ёкозүна цөөхөн байна. Ёкозүна гэдэг нь зүүн, баруун жигүүрт нэг, нэг байх нь хамгийн зөв гэж үздэг. Тэгвэл Фүтахакүрогоос хойшхи 33 жилд ёкозүнагүй башё 2, ганц аваргатай башё 48 байжээ. Хоёр аварга байж байгаад нэг нь зодог тайлахад л үлдсэн ганцад нь маш их ачаалал ирдэг. Ийм нөхцөлд байгаа болохоор Хакүхо, Какүрюү хоёр барилдалгүй өнжин, хатуу ширүүнээр шүүмжлүүлж байгаа ч барилдсаар, дохён дээр гарсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл ёкозүна үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд энэ хоёр аваргад анхааруулга өгөхөөсөө өмнө сүмогийн одоогийн байдал, бүтцийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулах нь зөв болов уу.
Би Какүрюүг зодог тайлалгүй, барилдаасай гэж хүсч байна. Учир нь түүнд ёкозүнагийн үүргээ гүйцэтгэх, дахин сайн барилдах хүч чадал байсаар байгаа гэж боддог.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Какүрюү тэмцээний сүүлийн өдөр Хакүхотой даваа ижил, түрүүлэхийн төлөө халз барилдсан. Ялагдаад түрүүлж чадаагүй ч ёстой жинхэнэ ёкозүна гэдгээ харуулсан гэж үздэг. Озэки болох гэж байсан Асаноямаг ч яаж ялж байгааг бүгд харсан. Талийгаач Изүцү оякатагийн зааж сургасан тус дэвжээний уламжлал болох моросаши мэхийг ч тэр жинхэнэ утгаар нь эзэмшсэн. Үүнээс хойш Какүрюү дохёнд гарсан нь долоодугаар сарын тэмцээний эхний өдөр, Эндотой хийсэн барилдаан. Хий хавираад унахдаа тэр баруун тохой, дараа нь нурууны гэмтлээ сэдрээж, энэ удаад зүүн гуя гэмтлээ. Гэмтэл бэртэл нь бүрэн эдгэрчихвэл Какүрюүд дахиад барилдах хүч чадал, ур чадвар хангалттай байгаа. Хүч чадал буурсан байсан ч хэрэв үнэхээр зодог тайлах юм бол дохён дээр зодог тайлаасай гэж хүсч байна. Тэгээд Шёодайтай барилдаасай гэж би боддог. Нэг галын дүү Шёодайтай тэр 13 барилдаж бүгдэд нь ялсан. Гэхдээ Шёодайг озэки болсон хойно нь барилдаж үзээгүй байгаа. Сүмо бөхийн ёсоор магадгүй Шёодайд унаад зодог тайлбал сайхан байж мэдэх. Харин дахиж барилдалгүй зодог тайллаа гэж зарлах, шийдэх юм бол сэтгэл маш гунигтай болно.
Тийм болохоор энэ их шүүмжлэл дунд зодог тайлахгүйгээр шийдсэн Какүрюүд би баярлалаа гэж хэлмээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 8 )
asa l jinken bsn shde busad ni ch de mdq
бичиж байгаа юмаа мэддэг хүн ингэж бичдэг юм бна шүү
Manai setguulchid eniig unshaasai. Alibaag bas iim untsguus bichbel......
Manai setguulchid eniig unshaasai. Alibaag bas iim untsguus bichbel......
Asanoyama gaa avarga bolgoo !yaj iin bgaad .
Bas baij boloh l ontsog yum. Olon mongol bohchuud dundaas barag gantsaaraa shahuu ooroo ihed husch, zorij zahia bichij japan yavsan, odii zeregt hursen gdg-r ni uneldeg. \nBashodoo barildaad, magadgui ene setguulch-n helsen shig Shodaitai barildaad zodog tailbal saihan l bn. (Omnoh shigee bhaa bolison ch dahiad 1,2 turuuleh-g hen bh ghv)
Сайн бичиж. Хүнлэг сэтгэлтэй, шударга хүн байна .
Хүнлэг сэтгэлтэй , шударга дэмжигч байна . \nАваргадаа гэмтэл нь хурдан эдгэж дахин барилдан сумо сонирхогч биднийгээ баярлуулахыг хүсье