Алдарт ихэр бөхчүүд Сергей, Анатолий Белоглазовууд өнөөдөр 65 нас хүрлээ.
Сергей олимпын хошой аварга, дэлхийн 6 удаагийн аварга бол Анатолий Белоглазов 1980 оны аварга, дэлхийн 3 удаагийн аварга.
Чөлөөт бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн ихэр ах дүүс болох Анатолий, Сергей Белоглазовууд. Тэдний замнал тэр чигээрээ түүх. Ингээд ОХУ-ын Спорт Экспресс сонинд гарсан Анатолийгийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Никита Горшенин, Спорт Экспресс
-Өдрийн дэглэмээ танилцуулаач.
-Өдөрт хоёр бэлтгэлтэй. Өглөөнөөс орой болтол ажиллаж байна. Цар тахлын дараа танхимаа нээгээд одоо л дэглэмдээ орж байна.
-Спорт танхимд оролгүй хамгийн удсан хугацаагаа хэлбэл?
-Хагалгаанд ороод эмнэлэгт хэвтсэн үе юм даа. Би олон удаа жин хассанаас болж, эмнэлэгт хэвтэж байсан. Германд сар гаруй хэвтэж байхдаа спорт зааланд ороогүй хамгийн удсан юм байна.
-Та маш олон улс, хотод амьдарч байсан. Нас ахиад ирэхээр аль хотод нь очмоор санагддаг вэ?
-Калининград, энэ бол миний эх орон. Киевт 22 жил амьдарсан болохоор их таалагддаг. Киев магадгүй дэлхийн хамгийн сайхан хот байх. Гэхдээ мэдээж эх нутагтаа илүү татагдалгүй яах вэ.
Би Сергейгээс 15 минутын өмнө төрсөн
-Статистикийн баримтаас үзэхэд зөвхөн 2 хувьд л ихэр төрөх магадлал байдаг гэсэн. Та хоёрын хэн нь түрүүлж төрсөн бэ?
-Намайг 15 минутын өмнө төрсөн гэж ээж хэлсэн. Би 15 минутаар ах.
-Ихрүүд далд холбоотой байдаг гэдгийг хэдэн настайгаасаа анх мэдрэв?
-Үргэлж л мэдэрдэг байсан. Бүр багаасаа. Нэг нэгнээ өмөөрнө, Сергейгийн буруу байсан ч би хамгаалаад л зодолдоно. Бид өөр тив, улсуудад олон жил амьдарсан. Намайг Канадад байхад Сергей Японд гэх зэргээр. Түүнтэй ярьмаар санагдаад утсаа авахад л Сергей өөдөөс залгаж байх жишээтэй. Үгээр тайлбарлахын аргагүй нэг тийм холбоо байдаг. Түүнтэй тохиолдсон зүйлс надтай бас учирсан байдаг.
-Чөлөөт бөхөд та хоёр нэгэн зэрэг амжилт гаргаж эхэлсэн үү?
-Би эхлээд идэрчүүд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Харин Европын аварга, ЗХУ-ын аваргад зэрэг, хамтдаа түрүүлж байлаа. Би бага зэрэг түрүүлж, урд нь явдаг байсан. Дараа нь тэр намайг гүйцээд урд гарчихсан.
Жин хасдаг болохоос би ч гэсэн дайчин барилдаантай
-Танай дасгалжуулагч Гранит Торопин таныг илүү тайван барилддаг, харин Сергейг тэсрэлттэй, дайчин барилдаантай гэж ярьж байсан.
-Бид хоёулаа дайчин барилдаантай. Яагаад намайг тайван барилддаг гэж байгаа талаар хэлэхэд би жин их хасдаг байлаа. Багш бид хоёрыг өөр жинд барилдуулах шийдвэр гаргасан юм. Жин их хасахаар байнга дайрч довтлоод байж чадахгүй. Тийм болохоор өөр тактик сонгоно. Уг нь би Сергейгээс бага зэрэг жин илүү байсан ч би жин хасаад сэргэлт авахдаа хурдан байсан болохоор доод жинд барилдах болсон. Тэмцээний гурав хоног, жингээ хаслаа, үзүүллээ, жаахан юм идээд барилдана. 7-8 кг хасахад гурав хоногт бүрэн сэргэнэ гэж үгүй. 50 хувьтай үлдсэн хүн чинь дан техникээрээ л барилдах болно. Бид тэр үед гурван минутаар 3 үе барилддаг байлаа. Сүүлийн 2 үед хүч чадлаа хадгалж үлдэх хэрэгтэй тул, хамаагүй дайрч чадахгүй. Жингээ хассан хүн эхний хоёр үед ялаад сүүлийн үед цэвэр ялагдаж ч болно. Сергей жин хасах гэж үзсэн ч сэргэж амждаггүй болохоор бид хоёр ярилцаад би жин хасахаар шийдсэн юм. Хамтдаа тэмцээнд оролцохын тулд өөр арга байгаагүй. Тиймээс л би дайчин, хатуу ширүүн барилдах аргагүй байсан юм. Харин Сергей эрсдэл гарган, довтолж барилдахад асуудал байхгүй.
-Өөр жинд барилдуулахаас өмнө та хоёрыг хоорондоо ёстой алалцдаг байсан гэдэг.
-Тиймээ, тэгээд л бид хоёрыг салгасан юм. Би түүнийг бүр хүнд гэмтээж байлаа. Өвдөгний барьц аваад эргүүлдэг мэхэн дээр хоорондоо бооцоо тавиад барилдсан чинь Сергейг гэмтээж орхисон. Хэн нь ч бууж өгөхийг хүсэхгүй. Гранит Иванович та хоёрыг дахиж хамт бэлтгэл хийлгэхгүй гэж хэлж байлаа. Бид хоёр эхлээд хөнгөхөн барилдана. Дараа нь ёстой л бууж өгөхгүй алалцана, тэгээд гэмтэнэ. Хэн хэнийхээ юу хийхийг 100 хувь мэднэ.
Сергейгийн сэтгэл зүйг надаас сайн мэдэх хүн байхгүй
-Зодог тайлаад та дүүгээ Сөүлийн олимпод дасгалжуулж байсан.
-Бид хоёр үргэлж нэг нэгэндээ туслаж, зөвлөгөө өгдөг байсан болохоор дасгалжуулахад их амар байсан. Гранит Иванович багш Энэтхэг явах боллоо. Тэгээд бидэнд “Би амьдралаа өөрчлөхөөр шийдлээ. Залуус аа, та хоёр бүх шагналыг авсан. Анатолий чи Сергейг дасгалжуул. Нэг нэгнээ сайн мэдэх болохоор би одоо та нарт хэрэггүй” гэж хэлж билээ. Би тэр үед шигшээ багт Иван Ярыгины туслахаар бага жинг хариуцдаг байлаа. Би Сергейд, тэр надад массаж хийж өгнө. Бүгд гэртээ харьсан хойно нэг нэгэндээ тэмцээн дээр ямар алдаа гаргасныг нь хэлдэг байв. Би Сергейгийн сэтгэл зүй, бэлтгэл бүх юмыг нь мэддэг, мэдэрдэг байлаа. Сөүлд Ираны Мохаммадиантай барилдахад бид иран бөхийг бүх талаар нь судалсан байсан. Ганц тэр ч биш олимпод оролцох магадлалтай бүх бөхчүүдийг судласан. Одоогийнх шиг олимпын эрхийн тэмцээн үгүй тул хэн ирэх нь мэдэгдэхгүй. Иранд очоод л барилдааныг нь үзнэ. Тэр үед видео бичлэг хийдэг хүн цөөхөн байсан болохоор толгойдоо л хамаг юмаа хадгална.
-Дүүгийнхээ сэтгэл зүйг сайн мэднэ гэлээ. Сэтгэл зүйн ямар дутагдал түүнд байв?
-Гэмтчихээд түүнийгээ хэлж чадахгүй үед сандардаг. Гуяндаа гэмтэлтэй, хэвтээд барилдахад хэцүү. Гэвч хэлж болохгүй. Шигшээ багт нэг жинд 7-8 сайн бөх өрсөлдөж байгаа. Хэлчихвэл шигшээгээс хасагдах аюултай. Багш нэг мэхийг олон давтуулж хийлгээд байхаар Сергей бас стресстээд эхэлдэг байсан. Бид техник дээр маш их ажилладаг байсан. Бувайсар Сайтиев нэг удаа “Дмитрий Иванович Миндиашвили өрсөлдөгчөө цэвэр дар гэсэн даалгавар өглөө. Би гараад 25:0 яллаа. Гэтэл Дмитрий Иванович чамайг цэвэр дар гэж хэлээ биз дээ гээд бүтэн долоо хоног дуугараагүй” гэж ярьж байсан юм. Дараа нь бодоход багш нарын зөв байсан байдаг.
-Та хоёрын оргил үе хэзээ байв?
-1984 он. Социалист орнууд олимпод оролцоогүй тул бид бүгд шоконд орсон. Тэр үед ЗХУ-ын шигшээ баг дахиж хэзээ ч бүрдэхээргүй мөрөөдлийн баг бүрдсэн байсан. Шигшээ багт багтах өрсөлдөөн маш өндөр, рекорд амжилт тогтоох байсан байх. Олимпоос нэг сарын өмнө манай нэгдүгээр баг АНУ-д очоод америк, япон бөхчүүдийг бүгдийг нь ялж байлаа. Бидэнтэй өрсөлдөх баг дэлхийд байгаагүй. 1980 онд ч гэсэн оргил үе гэж хэлж болох юм. Нэг амьсгаагаар л олимпод түрүүлчихсэн.
-Дүүтэйгээ жинхэнээсээ муудалцаж байсан удаатай юу? Дараа нь бүтэн сар дуугарахгүй гэх мэт.
-Мэдээж бүтэн сар юу гэж ярихгүй явах билээ. Багадаа муудалцах үе байлгүй яах вэ. Бид хоёр бэлтгэл цугларалт, тэмцээнд үргэлж хамт явна. Нас ахиад нэг нэгнээ хүндэлж эхэлнэ. Нэгэндээ гомдох нь утгагүй хэрэг. Харин ч бид хоёр нэг нэгнээ хайрлаж, хамгаалдаг болсон. Багадаа л зодолдож байлаа. Бид одоо Калининград хотод бараг нэг дор амьдарч байгаа. Нэг нэгнээ уриад л сэтгэлээ нээн яриад сууна.
-Анх Гранит Торопин багш дээр очиж байснаа санаж байна уу?
-Би хөлбөмбөг тоглодог байлаа. Нэг удаа бэлтгэл тараад унадаг дугуйтай харьж явтал Офицеруудын ордны хонгилд бүдэг гэрэлд хүмүүс байх юм. Зогсоод харж байтал багш гарч ирээд ороод ир гэлээ. Цонх нь ч онгойдоггүй, өлгүүрийн өрөөний доод хонгил. Шалан дээр хивс дэвссэн л газар байсан. Орлоо, жаахан хүүхдүүд барилдаж байна. Барилдаад үзэх үү гэж асууж байна. Тэгье гэлээ. Бид чинь гадаа засмал зам дээр унаад тоглодог хүн, харин энд хивстэй юм. Хэсэг бэлтгэл хийсний эцэст Гранит Иванович “Бөх барилдахыг хүсэж байна уу” гэж асуулаа. Би “Хүсэж байна. Дүүтэйгээ хамт болох уу” гэхэд маргааш дүүтэйгээ хүрээд ир гэж хэлж байсныг тод санадаг. Гранит Иванович залуухан дасгалжуулагч, Сахалинаас ирээд удаагүй байсан юм.
-Торопин хатуу, дарангуйлагч багш байсан уу?
-Үгүй, харин ч зөөлөн хүн байсан. Нэг эмээ бөх болгоно гээд хүүхэд аваад ирлээ. Нөгөө хүү хийл хөгжим барьчихсан, хөгжмийн бэлтгэлээ тараад ирж байгаа гэнэ. Багш түүнээс “Чи хийл сайн тоглодог уу” гэхэд хүү “Би хөгжимчин хүн. Сайн тоглодог” гэж хариуллаа. Багш “Бид бэлтгэлээ хийе. Чи харин бидэнд хөгжим дарж өг” гэж байна. Хүү “Яагаад? Би барилдмаар байна” гэхэд Гранит Иванович “Бөх хэцүү хүү минь. Хуруу гар чинь эвдрээд дараа нь чи хийл ч тоглож чадахгүй болно” гээд. Дараа нь хүмүүс яагаад түүнийг аваагүй талаар асуухад багш “Би түүний амьдралыг эвдэхийг хүсэхгүй байна. Тэр маш нарийхан хуруутай юм. Дараа нь бөх ч биш, хөгжимчин ч биш болсноос хөгжимчнөөрөө үлдсэн нь дээр” гэж байж билээ. Гранит Иванович бэлтгэлд хоцорч ирж үзээгүй. Калининград хотод гурван секц ажиллуулдаг. Ява мотоциклоор хооронд нь явна. Нэг удаа яарч яваад онхолдож, гурван хуруугаа хугалчихаад хүрээд ирлээ. Офицеруудын ордны хонгил дахь заалаа онгойлгож биднийг оруулаад хичээл заавар өгснийхөө дараа Түргэн тусламж дуудаж байсан. Үнэхээр зарчимч, хүндэлмээр хүн. Бид хувцсаа солиод бэлтгэл хийж байтал 20 минутын дараа хуруугаа гипсдүүлчихээд хүрээд ирсэн. Үргэлж цэвэрхэн хувцаслана, жаахан хүүхдүүтэй ажиллаж байж сайхан костюмтэй ирнэ. Одоогийн зарим багш нар бэлтгэл дээр таавчигтай л хүрээд ирдэг болж. Аав ээж хоёр минь надад анхаарах цаг байхгүй, байнга ажилтай тул Торопин багш л миний аав байлаа. Өнөөдөр юм идсэн үү гэж асууна. Идээгүй гэхээр мөнгө өгөөд талх, сүү авч ид. Идэхгүй бол бэлтгэлд оруулахгүй гэдэг байлаа. Гэртээ хариад ч манайд талх байхгүй гэдгийг багш сайн мэддэг байсан. Кинонд дагуулж явна, халуун усанд оруулна.
Медведь аваргын мэдэхгүй мэхээр ялж байлаа
-Таны нэг удаагийн барилдааныг олимпын гурван удаагийн аварга Александр Медведь шүүж байсан. Хэн ч хийж байгаагүй мэх хийтэл Медведь аварга харин танаас оноо хассан гэж байсан.
-Тиймээ, маш их гомдолтой байсан. Уран гулгалтад үзүүлбэр бэлтгэдэг шиг л бид тэр мэхээ бэлдсэн байлаа. Америк бөхтэй таарсан. Тун сайн бөх тул хуурахаас өөр арга байгаагүй. Тэр мэх маань нэг ёсны хуурах мэх юм даа. Бид Ярыгин, Тедиашвили, Юмин гэсэн дэлхийн алдарт аваргуудын бэлтгэлийг үзэж суугаад тэр мэхийг олж харсан юм. Тэр үед ЗХУ-д якут, казах, татар гээд маш олон школ байсан. Аль нэгнийх нь үндэсний барилдааны мэх ч байж мэднэ. Хүн болгон гоё мэх байна гэж байсан ч бүгд л мартчихсан. Харин бид давтаад л байлаа. Гэвч Медведь аварга ойлголгүй надаас оноо хасаад би тэр барилдаанд 14-16 ялагдсан. Уг нь би 6 онооны давуутай ялах ёстой байлаа. Барилдааны дараа нөгөө америк хувцас солих өрөөнд ирээд саяын мэхээ заагаад өгөөч гэж байна. Тэнд Медведь ч бас байлаа. Би үгүй, энэ манай нууц мэх гэж хэлээд зааж өгөөгүй.
Хамгийн харамсалтай барилдаан
-Хамгийн харамсдаг барилдаанаа нэрлэвэл?
-ДАШТ дээр Тбилисид Америкийн Хейнстэй таарлаа. 15-0 ялж байлаа. Тэр үед 15-0 болоход шүүгч ялж байгаа бөхөөс барилдах уу, зогсоох уу гэж саналыг нь асуудаг байсан юм. Би зөвшөөрөөд яваад өгч болох байсан ч барилдаад түүнийг 25-0 ялсан. Жилийн дараа дахиад дэлхийн аварга дээр таарлаа. Хэт бэлтгэл хийгээд шатчихсан байсан болохоор түүнд ялагдаж орхидог юм байна. Манай шигшээгээс би ганцаараа медальгүй үлдэж байв. Хөлд орж байгааг нь харж байгаа мөртлөө амжиж хариу хийж чадахгүй байлаа. Жилийн өмнө 25-0 ялж байсан бөхдөө шүү.
Аав спорт огт сонирхдоггүй байсан
-Та дунд сургуульд байхдаа л Спортын мастер болсон. Биеэ тоож, онгирч байв уу?
-Амьдралдаа хэзээ ч онгирч, сагсуурч байсангүй. Хүмүүжил минь тийм юм. Би олимпын аварга гээд яриад явдаг хүмүүс байдаг. Харин би нэг ч удаа тэгж хэлж байгаагүй. Ганц удаа дэлхийн аваргад түрүүлсэн бөхийн талаар л одоо “Бөхийн спортын профессор” гээд бичих юм. Миний дүү зургаа дараалж дэлхийд түрүүлсэн, олимпын хошой аварга. Харин тэр бөхийн профессор биш. Хэн ч түүнийг ингэж нэрлэдэггүй. Бид ЗХУ-ын аваргад очоод Сергей түрүүлж, би хоёрт ороод Спортын мастер болцгоож байсан юм. Финалд хоорондоо таараад тэнцэж, нэг бөхийг цэвэр ялснаараа Сергей түрүүлж байлаа. Дараа нь Европын залуучуудын аварга болоод Олон улсын хэмжээний мастер болцгоолоо. Сонинд ах дүү Белоглазов Европын аварга боллоо гэж бичжээ. Харин аав спорт огт сонирхдоггүй. Нэг өдөр Чи ямар нэг юмны мастер болсон гэл үү гэж байна. Тиймээ, ОУХМ гэтэл “Хөрш айлын Костя ах аа унагааж чадах уу гээд 100 кг ахтай зүлгэн дээр барилдуулж байлаа. 1977 онд Гавьяат тамирчин цол авахад үнэмлэх нь нэр, бичиг нь буруу харуулчихсан үнэмлэх байсан. Одоо ч тэр чигээрээ бий. Солиулчихаач гэхээр нь албаар сольдоггүй юм. Саяхан Подольскт спорт танхимд орох гэтэл харуул нь оруулсангүй. Намайг танихгүй. Тэгээд хамаг цол гуншингаа дурдалтай биш больсон. Уг нь ЗХУ, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч хүн улс орны ямар ч танхим, тэмцээнд үнэгүй орох эрхтэй байдаг. Гэхдээ би энийгээ хэлдэггүй л дээ. Хуучин ЗХУ-ын үед ахмад үеэ маш их хүндэлдэг байсан. Цугларалт дээр коридорт телевиз үзээд сууж байхад Тедиашвили зэрэг томчууд хүрээд ирэхэд бид бүгд босоод л зугтдаг байлаа. Том аваргуудын дэргэд зурагт үзээд сууж байх муухай шүү дээ.
Стецик надад “Төрийн тэргүүн үзэж байна. Битгий цэвэр дараарай” гэж хэлж байлаа
-1980 оны долоодугаар сарын 31-нд та олимпын аварга болсон.
-Польшийн Стецикийг ялсан. Түүнийг би сайн мэднэ, нэг ч ялагдаж байгаагүй. Би өөр түүх ярья. 1984 оны Найрамдал тэмцээний финалд түүнтэй таарлаа. Стецик хүрч ирснээ “Намайг битгий цэвэр дараарай” гэж байна. Яагаад гэтэл “Манай Төрийн тэргүүн Ярузельский үзэж суугаа. Шууд дамжуулалттай” гэж билээ. Би хэзээ ч найраа, ярианд орж байгаагүй. Польшуудтай бид байнга хамт тэмцээнд таардаг, сайн харилцаатай байв. Гарлаа, тэр эсэргүүцээд, барьц ч өгөхгүй нь. “Юун оноогоор ялах. Цэвэр дарья” гээд л барилдаж эхэллээ. Хэд хэдэн удаа цэвэр дарах боломж байсан ч “За би аварга болчихсон байж, яах вэ дээ” гээд цэвэр дараагүй өнгөрөөж байсан. 1980 оны финалаас өмнө би түүнийг олон удаа ялж байсан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Өрсөлдөгчөө хэд хэд ялахаар итгэлтэй болдог. Одоо ч би залуучуудад “Бэлтгэлийн барилдаан дээр ялагдвал өрсөлдөгч чинь чамайг тэмцээн дээр ч ялж болох юм байна гэсэн итгэлтэй болдог” гэж хэлдэг юм. Бэлтгэл дээр ч байнга ялж байх хэрэгтэй. “Чи сайн бөх. Гэхдээ чи үргэлж миний ард байх болно” гэдгийг ойлгуулах ёстой. Өрсөлдөгчдөө бэлтгэл дээр л сургах хэрэгтэй.
Жин хассанаас болоод 10 удаа хагалгаанд орсон
-Хамгийн аймшигтай жин хасалтаа дурсаач.
-Хэд хэдэн удаа үнэхээр их зовсон. Би гурван ДАШТ-ий дараа жин хассанаас болоод эмнэлэгт хэвтэж байлаа. Гэдсэндээ 10 удаа мэс засал хийлгэсэн. Хамгийн сүүлд Беларусьт дасгалжуулагч хийж байхдаа. Казаньд Дэлхийн наадамд орох ёстой байсан ч эмнэлэгт хэвтсэн. Хутгаар зүсэж байгаа мэт маш их өвддөг. Хэрэв гэдэс задрах юм бол хүн үхнэ. Дэлхийн цомын дараа нэг удаа Америкт шинжилгээнд орлоо. Амнаас цус гараад тогтдоггүй. Эмч нар хэн нэг нь батлан даалт гаргахгүй бол чамайг бид эмчлэхгүй гэж байлаа. Загвар өмсөгч нар анорекс гээд хоол идээд бөөлждөг өвчтэй байдаг. Байнгын жин хасалтад миний бие хэт дасан зохицоод хоол идэхээр замдаа саатаад бөглөрчихдөг. Тархинаас өөрийн мэдрэлгүйгээр хоолыг ходоодонд оруулж болохгүй гээд команд өгчихдөг юм байна лээ. Өглөө нь хоол идээд орой нь жорлон ороход л нөгөө хоолоо бөөлжөөд гаргана. Зарим загвар өмсөгч энэ өвчнөөр үхдэгтэй адил. Маш аймшигтай. Арван удаа хагалгаанд орж, ходоод гэдсээ ёстой л онгичууллаа. Германд нэг эмч дээр гурван удаа хагалгаанд орсны дараа тэр эмч дахиж барилдаж болохгүй” гэж хэлж байсан. Би 1984 онд зодог тайлсан. Бөхийн спортод жин хасдаггүй хүн гэж байхгүй. За яах вэ, Хадарцев зэрэг цөөхөн хэдэн домог тамирчдыг л нэрлэж болох юм. Гэхдээ чөлөөт бөхөд жин хасах нь барилдааны нэг хэсэг гэхэд болно. Өөрийн хэвийн жиндээ барилдаж байвал чи жин хасахгүй бол хэнийг ч ялж чадахгүй. Учир нь бусад чинь бүгд жин хасаад орж ирж байгаа. Нэг кг юм идчихвэл дараа нь энэ нэг килограммаа хасах гэж өчнөөн юм болно. Халуун саунд орсон ч дусал хөлс гарахгүй үе байна. Зармдаа явж байгаад зүгээр ухаан алдах үе гарна. Хэн нэг нь ухаан алдаад үхэх магадлалтай тул биднийг багаараа хамтдаа жингээ хас гэж хэлдэг байлаа. Нэг дэлхийн аваргаар халуун усанд сууж байтал жин хасаж байсан нэг бүсгүй зүгээр л дээрээс унаад ирж билээ. Ухаан алдчихаж. Жин үзэх хүртэл 5 минут үлдчихсэн, тэр бүсгүй 100 грамм хасах гээд сууж байсан юм. Азаар би дэргэд нь байж, ус өгөөд сэргээж байсан юм. 1977 оны ДАШТ дээр намайг жин хасаж чадахгүй гэж бодоод багш нар Сергей Корнилаев гээд сэлгээний тамирчин авч явж байсан. Сергей жин хасаад унах нь. Би түүнд “Сергей чи явж ус уу, юм ид. Би жингээ хасаж чадна. 300 грамм л үлдсэн” гэж хэлж байлаа. Жин хасахад нойр хүрэхгүй. Гурван өрөөний цаана ус дусалсан ч сонсоно. Кисловодскт цугларалт дээр шөнө хэн нэг нь гудамжинд усан оргилуур ажиллуулдаг юм. Жин хасаад үхэх гэж байсан бөхчүүд тэднийг бараг алах шахсан. Гэдэс бөглөрөөд би хэд хэдэн удаа үхлийн ирмэгт очиж байлаа. Гэхдээ би хэзээ ч харамсаж байгаагүй. Энэ бол миний өөрийн сонголт байсан. Эх орныхоо төлөө хий гэж хэн ч шахаагүй. Би зүгээр л барилдахыг хүсэж байв. Ямар нэг гавьяа байгуулсан мэт ярихыг ч хүсэхгүй байна. Ингээд л намайг болгоомжтой барилддаг гэж хэлдэг болсон юм даа. Үнэндээ бол Сергей бид хоёр хоёулаа эрсдэлээс айхгүй, дайчин барилддаг. Одоо бол хоолны дэглэм барьдаггүй. Ходоод, гэдсээ хэд хэд тайруулсан ч гүйгээд, бэлтгэл хийж чадаж байна.
-Барилдаанаа зүүдэлдэг үү?
-Байнга зүүдэнд орж ирдэг. Шөнө сэрээд л би хаана байна, цугларалт уу, тэмцээн үү гэж бодоод л. Онгоцонд заримдаа зүүдлээд хөлд орсон хүнийг тавиулах гэж байна гэж тийчлээд хүмүүс гайхаж хараад л.
-Та Бувайсар Сайтиевийн талаар их ярих юм. Түүний гол онцлог юу вэ?
-Тэр бол зүгээр л феномен, үзэгдэл. Бэлтгэлийг маш үнэнч хийнэ. Өөлөхийн аргагүй зүтгэлтэй. Бөхөд үнэхээр хайртай. Ялагдахын аргагүй бэлтгэл хийдэг хүн. “Ингэж их бэлтгэл хийчихээд яагаад ялагдана гэж? Надаас илүү ажилладаг хүн хэн байна? Хэлээд өг. Хэрэв тийм хүн байх юм бол би түүнээс илүү ажиллах болно” гэх үг түүнд яг таарна. Маш уян хатан, могой л гэсэн үг. Түүний барилдааны арга маягийг хэн ч хуулж, дууриаж чадахгүй. Байгалиас заяасан уян хатан, өндөр биетэй, тэсвэртэй. Биеийн жингээ маш зөв ашиглаж чаддаг. Төмөр болд шиг хатаагдсан зан чанартай. Дээр нь хэнээс ч юу ч асуухаас зовдоггүй, мэдэхгүй зүйлээ асууна.
-Одоогийн бөхчүүдээс хамгийн техниктэй 3-4 бөхийг нэрлэвэл?
-74 кг-ийн Чамизо. Кубад төрсөн, ядуугийн зовлонг үзэж туулсан залуу. Маш авьяаслаг, гэхдээ ажиллах юм түүнд их бий. Жамаловыг нэрлэж болж байна. Түүний ур чадвар өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.
-Садулаевыг техниктэй бөхийн тоонд оруулж болох уу?
-Тэр маш хүчтэй, ааглаж барилддаг. Харин бага жинд тав орчим бөхийг нэрлэж болох юм.
Анатолий Белоглазов
Анатолий Белоглазов 1956 оны есдүгээр сарын 16-нд Калининград хотод төрсөн. 1980 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга (1977, 1978, 1982). 48 кг, 52 кг, 57 кг-ийн жинд барилдаж байсан. Түүний ихэр Сергей Белоглазов 57 кг-ийн жингийн олимпын хошой аварга (1980, 1988), дэлхийн 6 удаагийн аварга (1981, 1982, 1983, 1985, 1986, 1987). Канад, Австрали, АНУ, Япон, Беларусьт ажиллаж байсан. Одоо Подольск хотод спортын ЦСКА сургуульд багшилж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Үнэхээр домог болсон аваргууд. Домогуудыг харж шүтэж явснаараа бахархдаг шүү.
агуу, домог гэх үгийг чөлөөт бөх дээр энэ 2 эрхэмийг дуудаж болно тэрнээс дэлхийгээс ганц нэг хүрэл мөнгө авсан хүнийг хэлэхгүй дээ
Энэ үед оросууд агуу бсан.монголууд яг энэ үед оросоос их сурсан.монголууд даан энэ шиг бэлтгэл хийдэггүй залхуурна.. хэн бэлтгэл илүү хийнэ тэр л аварга болдог хууль.ухарна гэж үг мэдэхгүй.мэх маш ихтэй.тедишвили гэж зүгээр танк.юмин гэж хэрэм шиг хурдан. Бас нэг якут .голдуу орос бсан одоо сахалтууд болж
Мэхийг нь гүйцэж харахад хэцүү. Зогсолтгүй цуцалтгүй барилдааны урлагийг харуулдаг байсан.
Гайхамшигтай ихэр бөхчүүд Монголд ирж интернационал тэмцээнд барилдаж чөлөөт бөх гэж ийм юм байдгиймаа гээд аваргалаад явчихаж билээ.