Сүмочид яагаад таргалдаг вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Сүмогийн ертөнцөд “хоол идэх нь бэлтгэлийн нэг хэсэг” гэсэн үг байдаг. Шинээр орсон залуу бөхчүүд хүнд хэцүү дасгал сургууль хийн, биеэ чийрэгжүүлэхийн хамт хоол их идэн жингээ нэмдэг. Ингэснээр макүүчи зиндаанд дэвших үед та бүхний цэнхэр дэлгэцээр хардаг сүмо бөхчүүдийн онцгой бие бялдартай болдог. Ямар ч спортын тамирчин хүний хамгийн гол эд баялаг бол бие юм. Харин сүмо бөхийн бэлтгэл сургууль бусад спорттой харьцуулахад огт өөр тул сүмочдийн бие хаа ч бусдаас онцгой. Хэрэв бялдаржуулах урлаг болон холимог тулааны тамирчид шиг биетэй хүн сүмо барилдвал дороо гэмтэл аван, амжилт олохгүй гэнэ.

Бөхчүүд цол багаасаа эхлэн өглөө эрт босож, өлөн элгэн дээрээ 2-3 цаг бэлтгэл хийдэг. Жюүрёо макүүчигийхний бэлтгэл ойролцоогоор 11-12 цагийн хооронд дуусдаг бөгөөд томчуудаасаа эхлэн усанд ороод Чянко хэмээх сүмочдын хоолоо иддэг. Чянког цолгүй бөхчүүд бэлтгэнэ.

Үдээс хойш 13-16 хүртэл унтах цаг. Өдрийн унтлагийн дараа чөлөөт цаг бөгөөд гадуур гарж болно. Харин цолтой бөхийн дагуул бөх хэрэв ямар нэгэн даалгавар авсан бол хийж байх ба ээлж таарсан залуус оройн хоолны бэлтгэлээ эхэлдэг. Оройн хоолны дараа чөлөөт цаг ч өглөө эрт босдог залуу бөхчүүд 21 цаг гэхэд л унтсан байдаг гэнэ. Тэгээд дараагийн өглөөтэй золгоно.

Башётой үед өглөө 9 цагаас барилдаан эхлэх тул хатуу ширүүн бэлтгэл хийдэггүй. Өглөө ч тийм эрт босохгүй ба өөрсдийн барилдах цагтаа ордон яван, барилдаж дуусаад харьж ирнэ. Энд тусгайлан авж үзэх онцлог гэвэл 1-рт өглөө босоод хоол цай уулгүй бэлтгэл хийнэ. 2-рт бэлтгэл дуусаад чянко гэдсээ дүүртэл иднэ. 3-рт өдөр унтана. Ийм гурван онцлог байна.

Сүмочдын хоолноос хамгийн алдартай нь чянко набэ хэмээх шөлтэй хоол. Бөхчүүд богино хугацаанд таргалан жин нэмдэг нь энэхүү хоолноос болж байна хэмээн яригддаг байсан ч мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд үгүй гэнэ. Загас, мах, ногоо орсон чянко набэ нь илчлэгийн хувьд их ч биш, бага ч биш баланс сайтай, эрүүл мэндэд сайн хоол аж. Таргалах шалтгаан нь хоол унд биш өдрийн дэглэмд байдаг гэнэ. Сүмогийн холбооны эмч Хаяшигийн үзэж байгаагаар өглөө босоод өлөн элгэн дээрээ хүнд бэлтгэл хийснийхээ дараа, гэдсээ дүүртэл хоол идээд унтах, оройн хоолоо идээд бас унтах гэдэг дэглэм богино хугацаанд таргалах үндэс болдог байна. Адилхан илчлэгтэй хоолыг өдөрт гурав идэхээс хоёр идэх нь хүнийг таргалуулдаг аж. Мөн бэлтгэл хийсний дараа унтах нь өсөлтийн хормоны ялгаралыг хурдасгадаг тул биеийн хөгжилтөд сайн нөлөөтэй . Бодоод үзэхэд дайн дажин гээд хоол унд хомс байсан үед ч сүмо бөхчүүд том тарган байсан агаад, бага илчлэгийг их үр дүнтэй ашигладаг байсаны ашиг билээ. Доод зиндааны бөхчүүд дотор сүүлийн үед хэт тарган бөх олон байгаа талаар мэргэжилтнүүд залуу бөхчүүд чянко идэлгүй гадуур дэлгүүрээс элдэв амттан худалдан авж иддэг болсоноос хэт таргалж байна гэж үзжээ.

Ийм өдрийн дэглэмийн ачаар сүмо бөхчүүд жин нэмдэг ч анх орсон шинэ бөхчүүд эхлээд турдаг гэнэ. Учир нь мэргэжлийн сүмогийн хатуу бэлтгэл хийж эхэлсэнээр биенд хэрэггүй өөх тос алга болж эхэлдэг. Нэг жил орчим өнгөрөөд булчин шөрмөс суун, жинхэнэ ёсоороо жин нэмж эхэлдэг аж. Энэ нь ч сүмо бөхийн онцлог юм. Тиймээс өдөрт 7000 калорийн илчлэгтэй хоол иддэг бөхчүүд бэлтгэл сайн хийхгүй бол хэт таргалж эхлэх аюул бий. Хаяши эмч сүмо бөхийн зиндаа тус бүр дээр биен дэх өөх тосны хувийг гаргаж үзжээ. Жонокүчид 26%, жонидан 30%, санданмэ 34,5% гээд банцүкэ дээшлэх тусам нэмэгдэж байгаа ч эндээс эхлээд эсрэгээр буурч эхлэнэ. Макүшита 29,5%, жюүрёо 24,5%, макүүчи 23,5% байна. Сонирхолтой нь сүмогийн шигшмэлүүд болох дээд зиндааныхан биеийн өөх тос хамгийн бага байгаа явдал юм. Энэ нь шинэ бөхчүүд сүмод ороод өдөрт хоёр хоолны дэглэмээр яваад эхлэхээр таргалан, санданмэ, макүшита хүртэл дэвших боловч үүнээс цааш өөх тос багатай, жинхэнэ чадалтай нь дэвшиж эхэлдэг гэсэн үг.

Гэвч сүүлийн үед сүмогийн элитүүд болох макүүчигийхнийг хэт жин нэмлээ гэсэн шүүмжлэл олон. 30 жилийн өмнөх дээд зиндааны бөхчүүдтэй одоогийнхныг харьцуулахад өндөр 2,5 см өссөн мөртлөө жин 20 кг нэмэгджээ. 6 жилийн өмнө холбооноос 160 кг-аас илүү жинтэй макүшитагаас дээших 49 бөхийн өөх болон булчингийн чадлыг судалж үзсэн. Тэгэхэд өөх тосны эзлэх хувь 31-50%, дунджаар 38,4% байсан байна. Бусад спортын тамирчидтай харьцуулахад өөх ихтэй таргалсан нь харагдаж байна. Судалгааны дүнг нарийвчлан судалж үзээд эрдэмтэд япон бөхчүүдийн биенд таарсан жингийн дээд хязгаар 180 кг гэсэн тоо гаргасан байна. Булчин шөрөмстэйгөө баланс таараагүй таргалалт гэмтэлд хүргэдэг. Гэхдээ мэдээж дээд зиндааны бөхчүүдийг бэлтгэл хийлгүй таргалаад байна гэж хэлж болохгүй. Тэд өөрсдөө жингээ нэмэх сонирхолтой болоод тэр. Эрт дээр үеэс том бөх хүчтэй гэхээс илүү сулхан, хэврэг гэсэн ойлголт байсан.

Анхны гадаад бөх болох Такамияма ч том мөртлөө нарийхан хөлтэй, ганц зайлуулаад өнхрөөд л унадаг байсан. Тэгвэл энэ бүхнийг өөрчилсөн нэгэн бөх гарж ирсэн нь Конишики байлаа. Америк хөл бөмбөг тоглож байсан Конишики жирийн нэг тарган залуу биш байв. 7-хон тэмцээнд ороод л жюүрёод дэвшиж, дээд зиндаанд дэвших үедээ 215 кг болоод байв. Урьд өмнөх аварга бөхчүүдтэй харьцуулахад Конишики хөдөлгөөн сайтай амархан унахгүй байв. 200 кг-ийн ааг хүчийг харуулж өгсөн хэрэг. Энэ үеэс л 200 кг давсан жинтэй аварга арслангууд гарж эхэлсэн юм. 1988 онд Оонокүни анх удаа 200 кг жинтэй ёкозүна болсон билээ. Анхны гадаад ёкозүна Акебоно 204 см өндөр, 233 кг байсан бол Мусашимару 237 кг байсан нь түүхэн дэх хамгийн хүнд ёкозүна юм. Конишики, Акебоно, Мүсашимарү нар Японд ирэх үедээ л дээд зиндааны бөхчүүдээс бие бялдраар дутахгүй байв. Тэд жирийн нэг тарган хүүхдүүд биш, америк хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглон сургуулийхаа шигшээд шалгарахаар амжилт үзүүлж байсан улсууд. Энэ аварга том улсыг унагаахын тулд бусад бөхчүүд жингээ нэмж эхэлсэн нь мэдээж хэрэг. Тэдэнд ганц түлхүүлээд дэвжээнээс гарчихгүйн тулд жин хэрэгтэй нь ч ойлгомжтой. Нэг л мэдэхэд Хавайн арлыхан зодог тайлцгаан сүмогийн ертөнцөөс алга болцгоосон. Тэд яагаад дахин сүмод орж ирэхгүй байгаа талаар ядуу зүдүү амьдралтай байсан Хавай, Самаочууд сүмо барилдан мөнгө олж байсан бол сүүлийн үед амралт жуулчлалын төв Хавай болсон тул заавал сүмо барилдаж биеэ зовоолгүй мөнгө олдог болсоноос болжээ. Үлэмж биет Хавайгийнхны оронд бие жижиг ч булчинтай, чадалтай, уран мэхтэй, хөдөлгөөн сайтай монголчууд гарж ирсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүл мэнд(192.82.82.208) 2022 оны 01 сарын 07

Таргалах тийм ч сайн эд биш дээ!

2  |  0
Top