Исламын ертөнцийн Хижабтай тамирчин бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Исламын ертөнцөд эмэгтэй хүн бүр хижаб өмсгөлтэй байх ёстой. Энэ хуулиас болоод олон авьяаслаг тамирчин олимп, дэлхийн тавцанд ур чадвараа харуулж чадаагүй билээ. Харин сүүлийн үед тэднийг хижабтай тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрдөг болсон. Ингэснээр Арабын ертөнцийн эмэгтэй тамирчдын олон улсын тавцанд гарах зам нээгдсэн юм.

Захра Лари

АНЭУ-ын Абу-Даби хотын уран гулгалтын тамирчин. Лари 12 настайдаа “Мөсний гүнж” кино үзээд уран гулгалтаар хичээллэхээр шийджээ. Жилийн дараа тэр Эмират улсын цорын ганц мөсөн талбайд хичээллэж байлаа. Эцэг эх нь охиныхоо сонирхлыг дэмжсэнгүй. Араб эмэгтэйд таарахгүй спортын төрөл гэж үзэж байв. Удалгүй охиноо энэ спортод эргэлт буцалтгүй дурласныг үзээд зөвшөөрөл өгчээ. Лари 2011/2012 улиралд өсвөрийн Европын цомын тэмцээнд анх оролцлоо. Тэр хижабтай мөсөн дээр гарсан нь Олон улсын холбооны дүрмийг зөрчсөн тул торгууль хүлээлээ. Удалгүй уран гулгалтад хижаб өмсөхийг зөвшөөрсөн нь Ларигийн гавьяа байлаа. Тэр улсынхаа хоёр удаагийн аварга бөгөөд олимпын наадамд оролцох мөрөөдөлтэй.

Кубра Дагли

Таэквондогийн дэлхийн аварга турк бүсгүй. 2019 онд WTF холбооны ДАШТ-ий аварга болсон юм. Тэмцээний дараахь ярилцлагадаа тэр “Хичээл зүтгэл, итгэлээс гадна Аллах бурхан тус болсон” гэж хэлж байв. Дагли бүх тэмцээнд хижабтай оролцдог. Гэхдээ Туркт түүнийг шүүмжилдэг хүн олон. Харин Дагли “Миний спортын амжилтад л анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Бид Туркийг дэлхийн аварга болгосон. Хэчнээн их хөлс асгаруулсныг минь ярь л даа” гэж хэлж байв.

Хедая Вахба

Таэквондогийн Риогийн олимпын хүрэл медальт, Бүх Африкийн наадмын аварга, Дэлхийн цэргийн наадмын аварга, Египетийн тамирчин. Вахба зургаан настайдаа тулааны урлагаар хичээллэсэн. 14 настайдаа Египетийн аварга болсон. Тэр хоёр олимпд оролцсон бөгөөд Лондоны олимпод нэг ялсан бол Риод хүрэл медаль хүртэж, дэлхийд алдаршсан юм.

Фейсти Сафия Сид

Их Британийн араб гаралтай Сид маш хүнд сорилтын дараа их спортод ирсэн юм. Сид охин маш ховор тохиолддог хүнд өвчин туссан байлаа. Багадаа бараг хоёр жил хэвтэрт байхдаа тэрээр үхэхээсээ өмнө хийж үзэх зүйлийнхээ жагсаалтыг гаргасан байна. Сид youtube сувагтай болох, скай-дайвингаар хичээллэх, боксын тамирчин болох гэж бичсэн байлаа. Бие нь эдгэрснийхээ дараа тэр хамгийн түрүүнд боксын секцэнд очсон юм. "Бокс намайг аз жаргалтай болгодог. Анх хижабтай рингэнд гарахад яах бол гэж санаа зовж байсан ч хүмүүс намайг их дэмжсэн. Хижабтай бокс тоглох хэцүү юу гэж хүмүүс их асуудаг. Зүв зүгээр, ямар ч асуудалгүй” гэж тэр ярьж байлаа. Сид эмэгтэй төдийгүй эрэгтэй тамирчидтай ч хамт бэлтгэл хийдэг. Хэдий тэр тамирчин болж чадсан ч өвчин нь бүрэн эдгээгүй хэвээр байгаа.

Амайя Зафар

АНУ-ын араб охин Зафар ч бокст дуртай. Аавтайгаа хамт туялзуур сэлэмний тэмцээн үзээд сууж байтал аав нь сэлмээр хичээллээч гэж хэлжээ. Харин охин “Төмөр сэлмээр хатгуулснаас нүцгэн нударгаар цохиулсан нь дээр” гээд боксыг сонгосон юм. Залуу охины рингэн дэх анхны алхмууд маш хэцүү байлаа. АНУ-д шорт, майктай л боксыг зөвшөөрдөг. Харин Зафар хижабгүй рингэнд гарахыг хүссэнгүй. Мөн урт ханцуй, дотуур өмдөөр биеэ хаана. Олон улсын боксын дүрэмд таарахгүй тул түүнийг нэг хэсэг тэмцээнд оруулаагүй. Охины гэрбүл “Америк, Исламын харилцааны зөвлөл”-тэй хамтран Америкийн боксын холбоонд хүсэлт гаргаж байж, хижабтай гарах эрх олж авчээ. Түүний зорилго Токиогийн олимп.

Ибтихаж Мухаммад

Туялзуур сэлмийн энэ тамирчин бол АНУ-ын шигшээг хижабтай төлөөлсөн анхны тамирчин. Ибтихаж 1985 онд африк гаралтай америк гэрбүлд төрсөн. 13 настайдаа туялзуур сэлэмээр хичээллэсэн. Энэ төрлийн тамирчид битүү хувцастайг хараад ээж нь түүнд зөвшөөрөл өгчээ. 2011 онд Мухаммад Панамерикийн наадмын 2 алтан медаль, ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. 2012, 2013 онд ч дэлхийн аваргад дахиад хоёр хүрэл медаль авсан. 2012 оны олимпод оролцохоор бэлтгэл хийж байсан ч гэмтлийн улмаас оролцож чадаагүй. 2014 онд Ибтихаж дэлхийн аварга болсон. Риогийн олимпод тэр хижабтай олимпод оролцсон анхны сэлэмч боллоо. Одоо тэр дасгалжуулагч хийж байгаа. 2017 онд түүний дүрийг Барби хүүхэлдэйнд мөнхөлсөн байна.

Рахаф Хатиб

Дамаскийн уугуул, Сирийн дүрвэгч энэ бүсгүй одоо Мичиганд амьдардаг. Түүнийг нэг нас хүрээгүй байхад гэрбүл нь Америкт цагаачилжээ. Хатиф мэргэжлийн тамирчин биш. Анх тэр АНУ дахь сири дүрвэгчдэд мөнгө цуглуулах зорилгоор марафонд гүйж эхэлсэн байна.

Сара Аттар

Олимпын наадамд оролцсон Саудын Арабын анхны эмэгтэй тамирчин. АНУ-д төрсөн. Аав нь Саудын Арабын иргэн байсан тул охин багаасаа исламын шашны хуулийг дагаж ирсэн. 2012 оны Лондоны олимпоос исламын шашинт эмэгтэйчүүдэд хижаб өмсөхийг зөвшөөрсөн нь Сарагийн хувьд том боломж байлаа. 800 метрийн гүйлтэд тэр хамгийн сүүлийн байрт орсон ч үзэгчид түүнийг халуунаар дэмжиж байв.

Амна Аль-Хаддад

АНЭУ-ын сэтгүүлч бүсгүй Амна спортоор хичээллэхийг хүсэн, гүйлтээр хичээллэж байснаа спорт танхимд штанг хараад “дурласан” гэнэ. 2015 онд тивийн тэмцээнээс 6 алт, 3 мөнгөн медаль хүртсэн юм. Мэдээж хижабтай. Хаддад "Хүндийг өргөлтийн ачаар би хувь хүнийхээ хувьд өсөн дэвжсэн. Спорт бүх шашин шүтлэг, ястан үндэстний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” гэж ярьж байв. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос исламын шашинт бүсгүйчүүдэд битүү хувцастай тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Одоо спортын хижаб өмсгөлийн тусгай загварууд ч гардаг болсон билээ. Амна энэ загварыг бүтээхэд ажиллаж байгаа.

Кульсум Абдулла

Пакистаны хүндийг өргөлтийн тамирчин Кульсум 2010 оноос тэмцээнд орсон. Анх түүнийг хижабтай тэмцээнд орохыг зөвшөөрдөггүй байв. Харин жилийн дараа тэр тэмцсээр байгаад дүрмийг өөрчлүүлж чадсан юм. Кульсум спортоос гадна оюун ухааны салбарт ч амжилттай. Тэрээр инженерийн дипломтой, шинжлэх ухааны ажилтнаар ажилладаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.25.99) 2021 оны 04 сарын 14

шал балай юм.

0  |  0
Top