Монголын шигшээ багийн дасгалжуулагч Шюүичи Масэгийн 3 зарчим

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Японы мэргэжилтэн Шюүичи Масэ энэ сараас эхлэн Монголын шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон талаар бид мэдээлсэн.

Юуны өмнө хэлэхэд Шюүичи Масэ бол япончуудын нийтлэг төрхөөс өөр хүн. Хөлбөмбөгчийн замналаас нь эхлээд харья. Тэр дээд лиг, том багт тоглож байгаагүй ч гадаадын олон оронд тоглоод амжсан. Магадгүй Япондоо тоглож байсан бол том багт хүч сорих байсан биз. Харин Масэ 1996 онд Америкийн их сургуульд яван, United Soccer League-т очсоноосоо хойш Мексик, Гватемал, Сальвадор, Хорват, Сингапурын лигт тоглож байгаад 2002 онд Японд эргэн ирээд зодог тайлсан. Зодог тайлаад худалдааны бизнес эрхлэнэ гэж бодож байсан ч Босни улсын алдар дасгалжуулагч Ивица Осимтой уулзсанаар хөлбөмбөгийн ертөнцөд үлдсэн юм. Гадаад улсад сурсан хэлний мэдлэг нь үнэлэгдэн, 2003 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн.

Осим дасгалжуулагч тэр үед “Масэгийн орчуулга сайн биш ч би орчуулагчаараа түүнийг л авмаар байна” гэж хэлж байв. Энэ нь ч учиртай. Масэ бол жирийн нэг орчуулагч биш өөрийн өнгө аясыг оруулж, орчуулдаг хүн. Масэгийн ачаар Японд “Осимийн эшлэлүүд” нэрд гарсан билээ. Хэсгийг дурдвал:

“Арслангаас зугтаж байгаа туулайны шөрмөс татаж байхыг та нар харсан уу? Үгүй. Тэгэхээр талбай дээр шөрмөс татна гэдэг бэлтгэл дутуу гэсэн үг”

“Би хоёр хөлөөрөө алхаад Японд ирсэн. Таяг тулаад гурав хөллөөд нутагтаа харьж магадгүй. Хэрэв Японы хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан бол миний хамгийн үнэтэй зүйл нь тэр таяг юм”

“Эрсдэлгүй сорилт гэж байхгүй. Япончуудад байдаггүй энэ бодлыг тэдэнд суулгах гэж би хичээсэн”

“Та нар мэргэжлийн тамирчин шүү дээ. Амармаар байвал зодог тайлсан хойноо амарцгаа”

“Хэрэв та өрсөлдөгчөөсөө таван алхам илүү гүйвэл энэ нь ялалтад хүрэх таван алхам болох юм”

“Дасгалжуулагч хүн юу болохгүй байгааг үргэлж хайж, олж байх ёстой. Би бол шүүр барьсан цэвэрлэгч. Болохгүй байгаа бүхнийг тоос шороо мэт шүүрддэг”

“Дасгалжуулагч хүн сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч байх ёстой. Мөн зарим тохиолдолд маш чадмагаар худлаа ярьж чаддаг байх хэрэгтэй”

Тэгэхээр бид Масэ хэмээх шинэ дасгалжуулагчийнхаа өвөрмөц, хачирхалтай хэллэг, эшлэлүүдэд бэлэн байх хэрэгтэй.

Шюүичи Масэ Осим багшаасаа сурсан гурван гол зүйл бий гэж ярьдаг.

“Нэгдүгээрт, талбай дээр тоглож байгаа хөлбөмбөгчдийн төлөө ажиллах. Тэд баярлан, урам зоригтой байх тоглолт хийх. Үүнтэй холбогдуулан хоёрдугаарт үзэгчид, хөгжөөн дэмжигчдээ баярлуулах, цэнгээхийн тулд тоглох ёстой. Гэхдээ зөвхөн энэ хоёроор тоглолт бүрэн төгс болохгүй. Гуравдугаарт нь, дээрх хоёр зүйлийг хослуулан ялах. Ийм гурван зүйлийг би Осим башаасаа сурсан. Энэ гурвын аль нэгийг нь орхиж болохгүй. Хэрэв орхих юм бол надад дасгалжуулагчаар ажиллаад байх хэрэг байхгүй” гэж Масэ ярьж байв.

Манай шинэ дасгалжуулагч маань англи, испани, хорват, португал хэлтэй. Энэ утгаараа түүнийг “Япон Моуриньо” гэж нэрлэдэг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top