Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун “Өглөөний зочин”-оор уригдлаа. Түүнтэй цар тахлын үед Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй асуудал, төрөөс авч буй хариу арга хэмжээний хэрэгжилтийн талаар ярилцлаа.
“РЕПО САНХҮҮЖИЛТИЙН ГОЛ ЗОРИЛГО ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЮМ”
-Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамгийн гол нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ тал дээр хүмүүс хүлээлтээ зөв тодорхойлох ёстой гэдгийг нэн түрүүнд хэлэхийг хүсэж байна. Учир нь эдийн засгийг сэргээх олон төрлийн хариу арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч байгаа. Гэхдээ энэ арга хэмжээний үр дүн нь долоо хоног ч юмуу, сарын дотор харагдахгүй. Урт хугацааны бодлогын чанартай асуудал юм. Ажиглаад байхад, олон нийтийн анхаарал ихэвчлэн банкны зээл дээр төвлөрөөд байх шиг байна. Гурван хувийн зээл олдож байна уу, репо санхүүжилт хийгдэх нь үү гэдэг ч юмуу. Тэгвэл эдгээр зээлийн санхүүжилтийнх нөөцийг Төв банкнаас арилжааны банкуудад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжүүдэд олгогдох зээл аажмаар шийдэгдээд явна. Мэдээж зээл хүссэн хүмүүсийн эрэлт өндөр байгаа. Гэхдээ банкууд иргэдийн төслийг хүлээн аваад судлаад боломжийн байдлаар шийдэгдэж эхэлнэ гэж найдаж байна. Зээл аж ахуй нэгжүүдэд очсоноор манай эдийн засгийн идэвхжлийг сайжруулна. Тухайлбал, манай улсын эдийн засгийн толгойны өвчин болоод буй дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний зэрэг салбарын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ. Мөн нефтийн үйлдвэр барих тухай яригдаж байна. Уг үйлдвэрийг барьчихвал “Шатахууны тусгаар тогтнолтой болчихлоо” гэж ойлгож болно. Төмөр замууд байна. Манай улсын голлох экспортын шийдэл олдоно гэсэн үг. Эд бол хямралаас гарах төлөвлөгөөнд багтсан байгаа нь сайн хэрэг. Миний зүгээс хэлэхэд, Засгийн газар төлөвлөж байгаа энэ ажлуудаа дараагийн сонгууль болохоос өмнө буюу хоёр гурван жилийн дотор зайлшгүй хийж дуусгах ёстой.
Энэ байр суурин дээр хатуу зогсож, зарчмын хувьд томоохон бүтээн байгуулалтын төслөө цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Цахилгаан станц, засмал зам, төмөр замын бүтээн байгуулалтаа босгож чадвал эдийн засагт урт хугацааны оновчтой шийдлүүд буй болох бүрэн боломжтой. Мэдээж цар тахлын энэ хүнд үед богино хугацаанд үр дүнгээ өгөх, ажлын байрыг хадгалах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн зээлүүдийг эрчимтэй шийдээд явах нь эдийн засгаа хурдан хугацаанд сэргээх нэг талын боломж л доо.
-Монголбанкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих репо санхүүжилтийг бий болгосон. Энэ санхүүжилтийн үүрэг нөлөөллийн талаар та тайлбарлаж өгнө үү?
-Репо санхүүжилт гэдэг бол ерөнхийдөө экспортын зориулалттай үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт. Тийм учраас энэ санхүүжилтийг ихэвчлэн урьд нь байгуулчихсан үйлдвэрүүд нэмж санхүүжилт авч, өмнөх авсан зээлийнхээ хүүг бууруулж, үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулахад чиглэгдсэн байдаг. Энэ бол ажилгүйдлийг бууруулах гурван хувийн зээл биш. Эргэлтийн хөрөнгийн, бараа аваад худалдаа хийдэг наймаа хийдэг тийм компаниудын санхүүжилт бол биш гэдгийг хэлэх нь зөв байх. Монголбанкнаас өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал, энэ оны нэгдүгээр улиралд нийтдээ бараг 500 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг олгохоор болсон. Эндээс үйлдвэрүүд эхний байдлаар санхүүжилтээ авсан гэсэн мэдээ бий. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд нь цаашдаа эдийн засгийг тогтворжуулах, сэргээх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд ихээхэн тус нэмэр болох болов уу.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс харахад зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц өсгөх шалтгаан болох вий гэсэн болгоомжлол байна?
-Энэхүү 10 их наядын төлөвлөгөө нь банкны салбарт хэрэглээгүй байгаа сул мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн юм билээ. Мөнгө нэмж хэвлэхгүйгээр одоо банкинд байгаа төгрөгийг бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, эрсдлийг нь хуваалцах, хүүгийн дарамтыг багасгах чиглэлд зарцуулна гэсэн л үг. Тиймээс мөнгөний ханш унахгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх бүрэн боломжтой. Мөн энэ мөнгө эдийн засагт их хэмжээгээр шууд орохгүй учраас инфляц үүсэхгүй. Тиймээс 10 их наядын төлөвлөгөөнд үнийн өсөлтийг бий болгохгүй, ханшийн уналтыг өдөөхгүй байх бүрэн боломжтой гэж тооцоолсон. Ер нь 10 их наядын хөтөлбөрийн нэг сайн зүйл нь санхүүжилтийг банкны системээр дамжуулж хийж байгаа явдал. Мэдээж эдийн засагт банкны систем чухал үүрэгтэй.
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх Засгийн газрын энэ төлөвлөгөөний мөнгөний зарцуулалтад хяналт тавих тогтолцоо бий юу?
-Манай улсын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавих тогтолцооны асуудал харьцангуй шинэ ойлголт. Гэхдээ тодорхой хяналт бий юу гэвэл байгаа. Тухайлбал, Үндэсний аудитын газар, УИХ дахь сөрөг хүчин зэргийг нэрлэж болно. Хамгийн гол нь санхүүжилтийг арилжааны банкууд хянаж байгаа нь сайн хэрэг.
-Төв банкны үнэт цаасны хүү зургаан хувь байгаа. Гэтэл Засгийн газраас гурван хувийн хүүтэй зээл гаргаж байгаа нь эргээд эрсдэл үүсгэх магадлалтай гэж ярих юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Төв банкны үнэт цаас бол зах зээлд зайлшгүй байх ёстой мөнгөний бодлогын томоохон хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Учир нь нэгдүгээрт, эргэлтэд байгаа мөнгөний хэмжээг зохицуулах, хоёрдугаарт, банкны системийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал нөөц болж байдаг. Цаашдаа эдийн засаг сэргээд эхлэх үед Төв банкны үнэт цаасны хэмжээг тодорхой хэмжээгээр зохицуулж болно. Харин хүүгийн хувьд эдийн засагт байгаа бизнесийн төслүүд бүгдээрээ дор хаяж, зургаан хувийн ашиг авчрах юм шиг ойлгож болохгүй. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 20 орчим хувьтай байна. Тэгэхээр бүх мөнгийг эдийн засагт оруулья гэж бодьё. Энэ үед эдийн засгийнхаа хүчин чадлыг бид бодох ёстой. Тийм учраас Төв банкны үнэт цаасыг хүүгүй болгоод, энэ бүх мөнгийг эдийн засагт орууллаа гэхэд хамгийн түрүүнд мөнгөний нийлүүлэлт буруу тийшээ хандах эрсдэлтэй. Мөн бүх төсөл ашигтай гэж бодож болохгүй. Тэгэхээр бид балансыг олж, бодит эдийн засгаа дэмжиж чадах бодлогын тэнцвэрийг олох ёстой. Монголбанкны репо санхүүжилтийн арга хэмжээ амжилттай болсноос харвал бид нэг их айхтар арга хэмжээ авахаасаа илүүтэй сайн төслүүдийг дэмжээд, Засгийн газар эрсдэлийг нь бууруулаад, Монголбанк дэмжлэг үзүүлээд явах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.
-Манай улсын хувьд маш хэврэг эдийн засагтай. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад юун дээр анхаарах ёстой вэ?
-Ер нь гурван л чухал зүйл бий гэж үздэг. Нэгдүгээрт нь шатахууны хувьд бүрэн хараат байдлаасаа ангижрах хэрэгтэй. Харин манайх 100 хувь гаднаас шатахуунаа авчирдаг. Хамгийн эмзэг салбар гэж хэлж болно. Тийм болохоор энэ нефтийн үйлдвэрийг аль болохоор идэвхитэй анхаарах ёстой.
Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй байдал. Манай улс цахилгаанаа одоо хүртэл импортоор Хятад, Оросоос авч байна. Гэтэл манай улс маш их хэмжээний хүрэн нүүрстэй гэж ярьдаг. Тэрүүгээрээ цахилгаан үйлдвэрлээд дотоодын үйлдвэрүүдээ бүрэн хангаж болно. Мөн усан цахилгаан станцуудыг ч барих хэрэгтэй. Монгол Улсын усны нөөц улам багасч байна. Манай хамаг ус гадагшаагаа урсчихдаг. Сүүлдээ ган бий болж, дэлхийн дулаарлын аюулд хамгийн их нэрвэгдэх улс гэдгийг олон улсын хэмжээнд онцолчихсон байгаа. Тиймээс манай улс усныхаа нөөцийг хадгалах, арвижуулж ашиглах ёстой юм. Усан цахилгаан станц барина гэдэг бол усаа нөөцөлнө гэсэн үг. Энэ асуудал дээр хэдийгээр хөршүүд нь дургүй байж болно. Гэхдээ үүнийг Монгол Улс хойшлуулшгүй хийх ёстой маш чухал ажил. Тиймээс усны энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой.
Гуравдугаарт, хүнсний аюулгүй байдал. Миний бодлоор энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа. Дэлхийд ямар ч зүйл болсон 100 хувь өөрийн улс орноо хүнсээр хангах ажил чухал. Энэ удаад Засгийн газар цаг алдалгүй тариалалтын мөнгийг эртхэн гаргаж, хичээж байгаа нь сайн хэрэг. Дээрээс нь нэмж хэлэхэд, сүүлийн үед шинээр орж ирж байгаа зүйл бол эрүүл мэндийн аюулгүй байдал болоод байна. Онцгой анхаарахгүй бол болохгүй юм байна гэдгийг ковидын энэ үе улам сайн ойлгуулж өглөө.
“МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ЧИРЭЭД ӨСӨЛТ РҮҮ БУЦААЖ ОРУУЛАХ ХОЁР Л САЛБАР БИЙ”
-Эрүүл мэндийн цар тахал гэдэг нөгөө утгаараа эдийн засгийн тахал болж хувирдаг юм байна?
-Тийм ээ, улс орны эрүүл мэндийн салбар ганхахад дагаад эдийн засаг унах нь тодорхой. Манай улсын хувьд энэ асуудал дээр урьд жилүүдэд олигтой сайн бэлтгэл хийгээгүй юм шиг харагдаад байна. Жишээ нь, хэдэн жилийн өмнө халдварт Саарс гээд өвчин гарч байлаа. Тухайн үед эрүүл мэндийн салбар ямар сургамж авч, яаж урьдчилан сэргийлэхэд анхаарсан юм бэ гэдэг ойлгомжгүй. Коронавирус анх гарахад манай улс захиргааны арга хэмжээгээр маш сайн барьж чадсан. Гэвч энэ хугацаанд эрүүл мэндийн салбар хэр зэрэг бэлтгэлтэй, ямар төлөвлөгөө гаргаж, урьдчилан сэргийлж яаж ажилласан бэ гэдэг дээр маш их эргэлзээтэй асуултууд гарч ирж байгаа юм. Тухайлбал, корона вирусийг анх дотооддоо алдахад эрүүл мэндийн газрууд хэр зэргийн бэлтгэлээ хангасан байсан бэ гэдгийг аваад үзвэл, бэлтгэл маш муу. Халдвар алдаж, голомт болсон газрууд нь дандаа тусгаарлагдах байрны сувиллын газар, дүүргийн эмнэлэг байна. Дараа нь Улаанбаатар Төмөр замаас алдсан. Түүн дээр хяналт тавьсан юм уу, үгүй юм уу угаасаа ойлгомжгүй байгаа. Уг нь эрүүл мэндийн салбарын бэлтгэл сайн байж чадвал энэ халдварт өвчнөөс бүрэн дүүрэн урьдчилан сэргийлж, дотооддоо ийм өргөн хүрээнд алдахгүй байх бүрэн боломжтой юм байна шүү дээ. Тэр гаднын зарим улс орныг хар л даа. Бараг л ковидыг даван туулчихсан байна.
-Ямар улс орнуудыг та хэлээд байна вэ?
-Тайвань гэхэд коронаг бараг л дийлчихлээ шүү дээ. Вьетнам байна. Ямар ч хөл хорио тогтоохгүйгээр цар тахлын асуудлыг шийдэх жишээтэй. Манай улс болохоор Засгийн газраас захиргааны аргаар маш их хичээсэн. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн салбарын талаасаа ихээхэн алдаа дутагдал гарсан байгаа юм.
-Цар тахлын ард гарах тэр цаг хүртэл эдийн засаг элгээрээ хэвтчих вий дээ. Эдийн засгаа сэргээхэд бид аль салбартаа түлхүү анхаарал хандуулж, найдлага тавих вэ?
-Энэ оны нэг, хоёрдугаар сарын статистикийн дүн мэдээг харахад, Монгол Улсын эдийн засгийг чирээд өсөлт рүү буцааж оруулах хоёр л салбар байна. Тэр нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар. Манай эдийн засгийн суурь салбарууд шүү дээ. Энэ салбарууд хоёулаа боломжийн үзүүлэлттэй гарч байна. Энэ талаас нь аваад үзвэл дээрх хоёр салбаруудаасаа л манай эдийн засгийн өсөлт эхлэх болов уу гэсэн таамаглал байна. Яваандаа аажмаар үйлчилгээ, худалдаа тэр тусмаа сая коронад хамгийн их өртсөн жижиг дунд үйлдвэрлэл орох болов уу гэж бодож байна.
-Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй боловсон хүчин манай улсын нийт ажил эрхлэгчдийн ихэнх хувийг эзэлдэг юм билээ. Харамсалтай нь үйлчилгээний салбар ковидын хөлд хамгийн их үрэгдэж байх шиг?
-Худалдаа үйлчилгээ сүүлийн арав хорин жил маш эрчимтэй тэлсэн. Гэхдээ тэр тэлэлт нь хөгжил гэхээс илүү Эрээнээс бараа авчраад Монголдоо зардаг тийм бизнес л эрчимжсэн. Энэ нь явц муутай гэдгийг цаг хугацаа хийгээд цар тахал харуулаад өглөө. Ер нь энэ цар тахал манай улсын эдийн засгийн сул талыг маш сайн харуулж өгч байна. Үүнээс бид ямар дүгнэлт гаргаж болох вэ. Үндсэндээ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал гэдгийг л сайн ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэл эрхлэх, экспортын бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Бодит бүтээгдэхүүн гаргаж буй тохиолдолд зах зээлээс хараат байдал нь багасна. Аль болохоор экспортын чиг барижаатай зах зээлийг л буй болгох хэрэгтэй. Ингэснээр муугаар бодоход ковид шиг цар тахал гарахад шууд л зогсчихгүй, арай л тэсвэртэй, тогтвортой ажиллах боломжтой болов уу. Нөгөө талаар ямар ч үйлчилгээг хөгжүүлэхэд өнөө цагт онлайн хэлбэрийг сайн анхаарах хэрэгтэй болжээ. Үүнийг дагаад шуудан хүргэлт, түгээлтийн систем, харилцаа холбооны салбар илүү хөгжих боломжтой харагдаж байна.
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ковид хүнд цохилт боллоо?
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй мянган хүн бий. Тэр хүмүүсийн хувьд тун хүнд байдалд орчихсон. Тэгэхээр цаашдаа бид үйлчилгээнд суурилсан эдийн засгаас бүтээгч, үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжих хэрэгтэй. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангах, голлох барилгын материалууд, хувцас хэрэглээ, эм, эмнэлгийн энгийн хэрэглэл, эмчилгээний хувцас зэргийг дотооддоо үйлдвэрлэх нь асар чухал болоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ene mundag ediin zadagch.munggui l yum shig bgaan.deesh ni gargahguilde luivarchid ni
Битгий хуцаад бай чи
Зэжлийн олголт шударга бус бгаад анхаараач