Сар хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, өмнө нь болж ирсэн жишиг, улс төрийн намуудын талаар “Ерөнхийлөгчийн сонгууль: 1993-2013 лавлагаа, дүн шинжилгээ” номын зохиогч, улс төр судлаач, доктор, Ph.D О.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Монголчууд бид найм дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Өмнөх сонгуулиар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал авч чадаагүй. Харин энэ сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэж, АН дотроо хоёр хуваагдлаа. Өмнөх сонгууль намуудад гэхээсээ илүү нийгэмд дохио болсон гэж дүгнэж болохоор байна. Улс төр судлаачийн хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
Монгол улсад найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Өмнөх сонгууль улс төрийн намуудад ч, нийгэмд ч ард түмэн шинэ эрэл хайгуул хийж байна гэдгийг тодорхой харуулсан. Тухайлбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38,4 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30,75 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30,61 хувь санал авсан. Эндээс дараах дүгнэлтүүдийг хийж болно.
Нэгдүгээрт, эрх баригч улс төрийн намуудын явуулж буй бодлого үйл ажиллагаа сонгогчдод төдийлөн таалагдахгүй байна. Нийгэмд шударга ёсыг дээд зэргээр хүсч байна.
Хоёрдугаарт, зарим том нам нэр дэвшигчээ тухайн үеийн шаардлага, зарчимд тулгуурлан зөв сонголт хийж чадав уу.
Гуравдугаарт, угшил нэгтэй намууд сонгууль болгонд тус тусдаа нэр дэвшүүлж саналаа хувааж байгаа нь зөв үү.
Энэ алдаа дутагдал дээрээ дүгнэлт хийж МАН, МАХН энэ удаагийн сонгуулийн өмнө нэгдэж байна. Харин АН-д задрах процесс өрнөж байна. Нийгмийн хөгжлийн бүх цаг үед нэгдэж нийлэх буюу интеграцчилах үйл явц амжилт дагуулдаг, задрах сарних үйл явц хохирол дагуулдаг жамтай. Цаг хугацаа харуулна биз дээ.
-Дөрвөн жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийн санал ойролцоо байсан нь улс төрийн системдээ байна уу, намуудад бүр эсвэл нэр дэвшигчдээ байна уу?
-Би түрүүн хэлсэн. Манайд зонхилон эрх барьдаг хоёр нам байдаг. Тэдгээрийн бодлого үйл ажиллагаа ард түмэнд таалагдахгүй байна. Сонгогчид улс төрийн намуудаас шинэчлэлийг, өөрөөр хэлбэл нийгэмд шударга ёсыг, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахыг шаардаад байна гэж харж байна.
-Аль ч сонгуулийг харсан эрх баригч нам чухам аль нь байхаас үл хамаараад сонгуулийн хуульд гар дүрдэг нь сонгууль сонгодог утгаараа зохион байгуулагдахгүй байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-"Сонгуулийн ямар тогтолцоог сонгох вэ" гэдэг аливаа ардчилсан улс орны улс төрийн институцийн хувьд хамгийн чухал шийдвэрийн нэг байдаг. Сонгуулийн тогтолцоог тухайн үеийн эрх баригч улс төрийн хүчин эрх ашиг, сонирхол, өөрсдөдөө давуу тал бий болгох зорилгоор байнга өөрчилдөг жишиг манайд аль хэдийнээ тогтсон. Тухайлбал өнгөрсөн 30 жилд таван удаа УИХ-ын сонгууль болоход сонгуулийн тогтолцоог өөрчилсөн байдаг. Энэ нь манайд сонгуулийн хууль ихээхэн тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг болохыг харуулж байна.
Сонгуулийн хуулийг хэн эрх барьж буйгаас үл хамааран бодит үндэслэлгүйгээр байнга өөрчлөх нь сонгуулийн легитим чанарыг алдагдуулах, иргэдийн төрд болон ардчилалд итгэх итгэлийг үгүй хийх эрсдэл дагуулдаг сул талтай. Сүүлийн жилүүдийн сонгуулиудын үр дүн, нийгмийн сэтгэл зүйн байдалд анализ дүгнэлт хийхэд төрд, улс төрийн намд итгэх итгэл ихээхэн буурсан дүр зураг харагдсаар байгаа нь бас үүнтэй холбоотой гэж боддог.
-Улс төрийн намууд нийгмээ дагаад өөрчлөгдөх ёстой. Намыг хүн бүрдүүлж байгаа гэдэг утгаар нь харвал намууд өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөөгүй, магадгүй өөрчлөгдөх хүсэлгүй байгаа нь аль ч сонгуулийн өмнө улс төрийн эрүүл мэтгэлцээн өрнөх боломжгүй байгаа юм шиг харагддаг...
-Ер нь бол Монголын улс төрийн намууд өөрчлөгдөж шинэчлэгдэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Манай намууд, нам дотроо бодлогын өрсөлдөөн, хүний нөөцийн шударга өрсөлдөөнийг амьд байлгаж чадвал ард түмэн болон гишүүд дэмжигчид дэмжээд л явна гэж боддог.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Энэ нь ч бас чамгүй мэтгэлцээн өрнүүлж байна. Энэ процессыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ тухайд хуульд юу гэж заасан түүнийгээ л дагаж мөрдөх ёстой гэж боддог. Одоо өрнөж байгаа мэтгэлцээн угтаа бол тухайн хуулийг батлахаар хэлэлцэж байх үед л өрнөж байх ёстой байсан байх л даа.
-Та судлаач хүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэрхэн, ямар зарчмаар дэвшдэг гэдгийг ажигласан байх энэ тухай хуваалцаач?
-Улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ тухайн үед, тухайн намаас шаардлага шалгуур хангаж буй кандидатуудаа ерөнхийд нь багцлаад, нам дотроо, нийт ард түмнээс хэр дэмжлэг авч байгаа судалгааг шат дараатай нухацтай зохион байгуулж, дүн шинжилгээ хийж шалгаруулдаг. Энэ дагуу л нэр дэвшүүлж байгаа гэж бодож байгаа.
-Нийгмийн байдал агуулга талаасаа бус ерөнхий байдлаараа 10 жилийн өмнөхөөс дээшилсэн байна. Улс төрийн намуудын ч хэрэглэсэн технологи өөрчлөгдсөн байж таарна. Сүүлийн гурван сонгуулийг ажиглабал онцолж тайлбарлах ямар зүйл байгаа вэ?
-Миний хувьд 2001 оноос хойшхи таван удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд гар бие оролцож, сонгуулийн судалгааг тогтмол хийж ажилласан. 2017 онд “Ерөнхийлөгчийн сонгууль: 1993-2013. Лавлагаа, дүн шинжилгээ” гэсэн ном гаргасан. Сонгуулиудын тухайд онцолж хэлэхэд нэгдүгээрт, даяаршлын эрин үед мэдээллийн технологийн хөгжил хурдацтай өрнөж байгаатай уялдан сурталчилгаанд эрс өөрчлөлт орж байгаа. 2005 он, 2009 оны үеийг 2017 онтой харьцуулшгүй. 10-15 жилийн өмнө телевиз, өдөр тутмын болон шар сонин чухал үүрэгтэй байсан. Одоо бол Сошиал медиа буюу Facebook, Twitter, мэдээллийн сайтууд гээд олон сувгаар маш хурдтай мэдээлэл цацагдаж байна.
Хоёрдугаарт, сонгуулиас сонгуулийн хооронд сонгуулийн штабууд сурталчилгаандаа хар технологи хэрэглэх буюу конфронтаци, манипуляци хэрэглэх нь улам газар авч байна.
Гуравдугаарт, сонгогчдын сэтгэлзүй маш хувирамтгай болсон. Өөрөөр хэлбэл аль нэг нэр дэвшигчийн төлөө тууштай байх сонгогчдын тоо улам бүр буурч байгаа гэсэн үг.
-Сонгуулийн зардал өссөөр ирсэн. Нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд хэд дахин өссөн тохиолдол ч бий. Сонгуулийн зардал тухайн сонгуулийн атмосфертэй хэрхэн уялддаг вэ?
Сонгуулийн зардал сонгуулиас сонгуулийн хооронд хэд дахин өсдөг нь дэлхийн олон улс оронд ажиглагдаж байна л даа. Манайд ч ялгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хэрхэн өссөн талаар миний номонд тодорхой байгаа.
1993 онд сонгуульд 40 сая төгрөг, 1997 онд 150 сая төгрөг болж өмнөхөөсөө дөрөв дахин өссөн. 2001 онд 462,5 сая төгрөг болж өмнөхөөсөө гурав дахин өссөн, 2005 онд 636,2 сая төгрөг болж өмнөхөөсөө 1,4 дахин өссөн. 2009 онд 4,0 тэрбум төгрөг болж өмнөхөөсөө 6,2 дахин өссөн. 2013 онд 15 тэрбум 847 сая төгрөг болж өмнөхөөсөө дөрөв дахин өссөн. Харин 2017 онд 23 тэрбум 768 сая төгрөг зарцуулсан гэсэн дүн байна. Сонгуулийн ажлын хүрээ, багтаамж улам л өсөж байна гэж харж байна. Тухайн нам нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хэрхэн зохион байгуулж, удирдаж байгаагаар санхүүжилт шууд харагдлаг
-Улс төрийн намын санхүүжилт ил тод байж улс төрийн эрүүл өрсөлдөөн бий болно гэж дийлэнх судлаачид үздэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дагаад Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй нөхцөл үүссэн үү?
-Нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Улс төрийн намын тухай” хуулийг шинэчлэх асуудал өнөөдрийн хамгийн чухал тулгамдсан асуудлын нэг гэж бодож байгаа.
-Манай улс 1990 оны Улс төрийн намуудын тухай хуулиар намууд өөрөө санхүүжих зарчимтай байсан. Гэтэл энэ нь эрх тэгш хөгжих боломжгүй гэж үзээд 2005 онд УИХ-ын сонгуульд авсан хүчинтэй санал бүрийг 1000 төгрөгөөр үнэлж анх удаа хуульчилж байлаа. Сүүлд нэг сая төгрөг болсон байх. Төсвөөс улс төрийн намуудад санхүүжилт өгөх нь хэр зэрэг зүйд нийцдэг юм бэ?
-Ерөнхийдөө өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагаас харахад өөр өөрийн онцлогтоо тааруулаад улс төрийн намуудаа төрөөс санхүүжүүлдэг туршлага байдаг. Харилцан адилгүй л дээ. Уг нь ингэж чадвал улс төрийн намууд мөнгөний урхинаас гарч бодлогын өрсөлдөөн өрнүүлэээд явах боломж бололцоо нээгдэх сайн талтай гэж хардаг.
-Намын санхүүжилт сонгуулийн болон сонгуулийн бус үеийнх гэж авч үздэг ч Монголын нөхцөлд аль аль нь бэлгэдлийн шинж чанартай юм шиг харагддаг. Судлаач хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?
-Одоогийн нөхцөлд аль ч намд санхүүжилтийн асуудал байнгын толгойны өвчин хэвээр байгаа. Эдгээр олон асуудлыг хэрхэн шийдэхийг “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчлэлд тодорхой оруулах шаардлагатай гэж харж байна. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг болсон цагт намын санхүүжилт ч ил тод, намын бүтэц ч цомхон чадварлаг болох нөхцөл бүрдэнэ гэж боддог.
-Одоо хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавихаар зохицуулсан. Гэтэл олон нийтийн хяналтын тогтолцоог орхигдуулсан юм шиг харагддаг...
-Яг амьдрал дээр нэг улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавина гэдэг биелэх үү. Бодох хэрэгтэй. Төр бүрэн санхүүжилт хийвэл өөр хэрэг.
-Намууд ижил гараанаас эхэлж чадахгүй байгаа учраас сонгуулийн систем өөрөө гажуудалтай гэж улс төрчид олон жил маргалдсан. Үнэхээр ижил гараанаас болоод улс төрийн эрүүл өрсөлдөөн болохгүй байгаа гэж шууд дүгнэж болох уу?
-Гэхдээ намууд яагаад ч ижил гараанаас эхэлнэ гэж байхгүй. Нэг нь 100 жилийн, нөгөө нь 30 жилийн, зарим нь 10 жилийн, таван жилийн настай намууд байна гэж бодьё. Туулсан түүх, үүссэн нөхцөл байдал, намыг бүрдүүлж байгаа хамт олон, тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг роль, үнэ цэнэ, үнэлэмж баримжаалал бүгд харилцан адилгүй. Үйл ажиллагаандаа зарцуулж буй санхүүжилт ч харилцан адилгүй. Харин Монгол Улсад ямар сонгуулийн тогтолцоо байхаас олон асуудал шалтгаална. Тухайлбал сонгуулийг ямар аргаар явуулах, сонгогч хэдэн саналтай байх, саналаа хэнд өгөх, саналыг парламентын суудалд ямар аргаар хуваарилах зэргийг сонгуулийн тогтолцоо зохицуулдаг.
"Сонгуулийн ямар тогтолцоог сонгох вэ" гэдэг аливаа ардчилсан улс орны улс төрийн институцийн хувьд хамгийн чухал шийдвэр байдаг. Манайх голдуу можаритор тогтолцоог хэрэглэж байгаа. Энэ тогтолцоонд эерэг, сөрөг талын аль аль нь хадгалагддаг. Сонгуулийн ямар тогтолцоог сонгохоос шалтгаалж улс төрийн намын систем төлөвшдөг. Үүнтэй холбоотой асуудал гэж ойлгож байна.
Дэлхийн улс орнуудын сонгуулийн байгууллага, сонгуулийн тогтолцоо, цаашдын чиг хандлагыг судалж үзэхэд сонгуулийн можаритор тогтолцооноос пропорциональ тогтолцоо руу шилжих хандлага давамгайлж байгаа. Ийм учраас манай улс төрийн системийг зөв төлөвшүүлэхэд аль систем, тогтолцоо эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр судалгаа хийх хэрэгтэй гэж боддог.
-Сонгодог парламентыг хөгжүүлэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх ёстой ч юм шиг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээр энэ асуудал хөндөгдсөн ч Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан жилд нэг удаа хийж байхаар болсон. Судлаач хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Хувь хүн миний бодол бол 30-аад жилийн уламжлалтай Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгоод явахад болохгүй юм байхгүй гэж бодож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Парламентын тогтолцооны сонгодог хэлбэр лүү явах нь зохистойг нийт ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч / намын тѳлѳѳх бодлого бодлоо орхих ёстой / ерѳнхийлѳгч намыг ѳѳрийн дур хүслийг гүйцэлдүүлэх хэрэгсэл болгохыг эрмэлзсээр, шүүх эрх мэдлийг ѳѳрийн томилгоогоороо эрхшээдэг болсоор удаж ужигарч одоо тухирч, эх орны эрх ашиг, ард олны эв нэгдлиыг буснуулагч болон тодорч байгаа нѳхцѳлд Ерѳнхийлѳгчийг ард нийтийн санал асуулгаар бус Парламент болох УИХ сонгох нь зүйтэй санагдах...,
Erdenechimeg doctor hureelendee bn uu, suuri saitai mundag.emegtei dee