АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани тормозны системд алдаа гарсантай холбогдуулан зургаан мянга орчим автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татаж байна.
Тухайлбал, 2019-2021 оны “Model 3” болон 2020-2021 оны “Model Y” загваруудыг эргүүлэн татаж байгаа аж. Тус компанийн мэдээлснээр, тормозны системийн асуудлаас үүдэлтэй осол гарсан гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна. Үйлдвэрлэгч алдааг засаж, шаардлагатай тохиолдолд тормозны системийг шинээр солихоор төлөвлөж байна.
Энэ оны эхний улиралд “Tesla” 184 800 цахилгаан автомашин борлуулснаас ихэнх нь буюу 182780 нь “Model 3” болон “Model Y” загварууд гэнэ. Мөн хугацаанд тус компани нийт 180338 цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байна. Ингэхдээ илүү үнэтэй “Model S”, “Model X” загварын ганц ч машин үйлдвэрлээгүй байна.
2020 оны эхний улиралд “Tesla” нийт 102672 автомашин үйлдвэрлэж, 88400 автомашин борлуулж байжээ. Эдгээрээс 76 мянга гаруй нь “Model 3” болон “Model Y” загварууд байсан аж.
“Tesla” компанийг 2003 онд Илон Маск үүсгэн байгуулжээ. Эхэн үед зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэж байсан тус компани хожим нь үйл ажиллагаагаа өргөтгөн нарны зай болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулах систем үйлдвэрлэж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )